Б.Энхбаатар: Асар их хөрөнгө төвлөрсөн газарт л ашигт малтмалын хууль ашигтай
Монголын Үйлдвэрлэлийн геологчдын холбооны гишүүн Б.Энхбаатар
2013.08.29

Б.Энхбаатар: Асар их хөрөнгө төвлөрсөн газарт л ашигт малтмалын хууль ашигтай

Монголын Үйлдвэрлэлийн геологчдын холбооны гишүүн Б.Энхбаатараас Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ямар саналтай байгааг сонирхлоо.

"Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй олон зуун геологчид танилцсан, хэлэлцсэн.

Геологийн салбарын бүх хүмүүс сайтар нягтлаад таваас зургаан удаагийн уулзалт зөвлөлгөөн хийсэн. Эцэст нь бид хуулийн төслийг арай  болоогүй байна гэж үзсэн.

Хуулинд эрэл хайгуулын ажил гэж маш олон салгаж, ажил тус бүр нь зөвшөөрөл авахаар заасан байгаа нь хүндрэлтэй байгаа юм.

Гэтэл Шинэчлэлийн засгийн газраас олон зөвшөөрлийг багасгах бодлого барьж ажиллана гэдэг мөртлөө үүнээсээ зөрсөн заалтыг хуулинд оруулж өгсөн.

Нэг зөвшөөрлөөр хийдэг ажлыг дөрвөөс таван зөвшөөрөл авах зэргээр зохицуулж болохгүй. Дээрээс нь орон нутагт маш их эрх мэдлийг төвлөрүүлсэн. Өнөөдөр орон нутагт эрдэс баялгийн салбарын асуудлыг шийдэх хэмжээний тийм боловсон хүчин байхгүй.

Ер нь  эрэл хайгуул, геологийн хууль гэж тусад нь авч үзэхэд болохгүй юмгүй. Өөр орнуудад ч ийм туршлага байдаг. Уул уурхай гэдэг геологийн процесс, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болдог.

Уул уурхай нь хойноо, геологи нь өмнөө явах учиртай. Гэтэл өнөөдөр уул уурхайн салбараа  тахин шүтчихээд, эрдэг хайдаг геологийн салбарын ажил, хайгуулчдыг хойно нь тавиад байгаа нь буруу.

Энэ талаар ч мэргэжлийн холбоод тодорхой саналыг 2011 оны геологчдын зөвлөлгөөнөөр хэлэлцэж, хуулийн төслийг Засгийн газар, Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Гэтэл энэ санал ашигт малтмалын хуулинд туссангүй.

Энэ хуулиар гадна, дотоодын ч бай хөрөнгө оруулагчдад нилээн халтай болсон. Маш том хэмжээний хөрөнгө, мөнгөтэй хүнд л ашигтай. Нэг талаас харахад дотоодын жижиг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох маягтай заалт байгаа нь харамсалтай. Гагцхүү хэн оролцох боломжтой вэ гэхээр том компаниудын нэгдэл консорциум, асар их хөрөнгө төвлөрсөн газарт л ашигт малтмалын хууль ашигтай байхаар харагдаад байна.

Өөрөөр хэлбэл илүү монополь тогтолцоо руу, олигархи системийг дэмжсэн байдалтай байгаа юм".