Д.Цэдэнбалжир: Геологийн нөхцлийг муутгасан олон заалт байна
Монголын геофизикийн холбооны гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжир
2013.08.29

Д.Цэдэнбалжир: Геологийн нөхцлийг муутгасан олон заалт байна

Монголын геофизикийн холбооны гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжиртай ашигт малтмалын хуулийн төслийг хэрхэн сайжруулах талаар ярилцаж, санаа бодлыг нь сонсоноо хүргэе. Тэрээр геологийн салбарын хүний хувьд геологийн асуудлыг хэрхэн тусгах талаарх санал дэвшүүлсэн юм.

Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хамгийн өргөн хэлэлцсэн ч  энэ салбарт ажиллагсад, гэрээлэгчид, хөрөнгө оруулагчид геологичдын санаанд нийцэхгүй байна.

Миний хувийн бодлоор хуулийн төсөл дээр эргэж харах заалт их байгаа юм.  Тухайлбал өнөөгийн геологи, хайгуулын нөхцөл байдлыг их муутгасан олон заалтууд орсон. Дотоодын аж ахуй нэгжүүдийг геологи хайгуулын ажил хийх бололцоог хаасан, зарим талаар бараг боломжгүй болгосон.

Жишээлбэл эхний жил эрлийн шатанд заавал төчнөөн тэрбум төгрөг зарсан байх ёстой гэж заасан нь  геологи хайгуулын ажлын хувьд хэрэгжүүлэхэд нилээн төвөгтэй асуудал.

Яагаад гэвэл зарим төрлийн ашигт малтмалын хайгуулыг бага зардлаар хайдаг байхад өөр төрлийг /газрын гүний хайгуул, газрын доорхи ус, нефть/ -ийг асар их үнээр хайгуул хийдэг онцлогтой. Гэтэл ижилхэн шаардлага тавьж, богино хугацаанд асар өндөр зардлаар хайгуул хийх нь амьдралд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй.

Үүнээс гадна газрын төлбөрийг ихээхэн нэмэгдүүлсэн заалт нь эрсдэлтэй салбарыг улам эрсдэлтэй болгоно.  

Тэртэй тэргүй геологи тодорхой эрсдлийг хүлээж, хөрөнгө оруулалт хийдэг салбар. Тийм байтал төлбөрийг нэмэгдүүлэх нь зохисгүй.

Эргэж хармаар заалтууд олон байна. Зөвшөөрлийн тоог нэмэгдүүлсэн.  Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлсэнээс болоод олон дахин зөвшөөрөл авах хэрэгтэй болж байна.

Эцэст нь хэлэхэд манай улсын эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого сүүлийн есөн жил хэлэлцэгдэж байгаа ч нэгдэж гараагүй. Бүтэн есөн жил боловсруулагдаад яваад байдаг. Нэг удаа Засгийн газраар орсон ч буцаачихсан. Бодлогоо тодорхойлж чадахгүй байгаа нь намуудын байр суурь, эрх ашиг, сонирхлын зөрчлөөс их шалтгаалж байгаа гэж боддог. Ийм байдлаар удаан явах нь улсад ямар ч ашиггүй. Бодлого тодорхой бус, эрх зүйн зохицуулалт богино хугацаанд өөрчлөгдөж, тогтворгүй байгаагаас болж хөрөнгө оруулалт багасч байна.

Тэгэхээр хөрөнгө оруулагчид хүлээлтэй байдалтайгаар нэлээн ажиглагчийн байр суурьтай байгаа. Ер нь бол нэмж санал хэлэхэд геологийн салбарыг тусдаа хуулиар зохицуулах хэрэгтэй. Миний бодлоор олон хууль байх хэрэггүй. Гэхдээ хайгуул судалгаа, уул уурхайн олборлолт, боловсруулалтыг тус тусдаа хуулиар зохицуулах боломжтой.