Хайгуулын компаниудын ажил зогсонги байна
Өнөөдөр манай улсад хүчин төгөлдөр 3400 орчим тусгай зөвшөөрөл байгаагаас 2000 нь хайгуулынх, үлдсэн 1400 нь ашиглалтын лиценз бий. Хайгуулын тусгай зөвшөөрлийг хоёр удаагийн сунгалттайгаар, есөн жилийн хугацаатай, ашиглалтынх 30 жилийн хугацаатай, нэг удаа сунгах боломжтой байдаг.
Уул уурхайн салбар нь үйл ажиллагааны олон үе шаттай, үе шат бүрт зардал, орлого нь эрс ялгаатай байдгаараа бусад салбараас онцлог. Хамгийн эхний шат болох хайгуулын үйл ажиллагааг хориглосноор уурхай байгуулах ажил ч мөн зогсонги байдалд орох юм.
Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба: Энэ салбар байгуулагдаад 90-ээд жил болж байна. Энэ хугацаанд олж нөөцийг нь илрүүлсэн ордууд дээрээ уул уурхайн шинэ төсөл хэрэгжих асуудал явагдаж байгаа.
Хайгуулын үйл ажиллагааг хориглосноор уурхай байгуулах ажил ч мөн зогсонги байдалд орно.
Шинээр уул уурхайн үйлдвэрлэл бий болгох, ордын нөөц, техник, эдийн засгийн үндэслэл батлуулах асуудал зогсолтгүй явагдсаар байна. Гэхдээ удаан үргэлжилбэл энэ ч мөн хомсдох болно гэв.
Урьд жилүүдэд маш их хэмжээний хайгуул өрөмдлөг хийдэг байсан бол 2008 онд монгол улс геологи хайгуулын хөрөнгө оруулалт татсанаар дэлхийд энэ чиглэлээр гуравт жагсаж байсан түүхтэй. Гэвч хориг тавьснаас хойш ашигт малтмалын тухай хуулийг хоёр жилийн хугацаанд хэлэлцэж байна.
Хамгийн сүүлд 2006 онд шинэчилсэн тус хууль нь хөрөнгө оруулагчид болоод энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй компаниудад эрсдэлтэй хууль болж байна гэж тус салбарынхан үзэж байна.