З.Баянсэлэнгэ: Н.Энхбаяр даргын асуудлаар Ерөнхийлөгчтэй юу ярьсныг дэлгээд яахав
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал ямархуу байна вэ. Түүнийг суллах асуудал байнга яригддаг ч тэгээд л чимээгүй болчих юм?
-Түүний биеийн байдал маш муу байгаа. Даргын биеийн байдалд бид улам л санаа зовоод байна. Төрийн өндөрлөгт байсан хүнээ харж хандаасай гэж байнга хэлдэг. Гэтэл ерөөсөө тоохгүй юм. Хэрвээ МАХН Засгийн газарт хамтраагүй байсан бол аль хэдийнэ улстөрийн жагсаал цуглаан хийчихсэн байгаа.
Бид засагт хамтарч парламентад байгаагийн хувьд хариуцлагаа ухамсарлаж үүргээ хүлээх ёстой. Суллах асуудлын тухай мэдээллийг бид хэвлэл мэдээллээс л авдаг. Саяхан зургадугаар сарын 1-нд, наадмын дараа гаргана гээд л шуугиад байсан. Тэгээд гарчихсан нь хаана байгаа юм. Даргын хань ижил, үр хүүхэд нь хүртэл мэдээгүй байхад тийм мэдээлэл хаанаас аваад байдгийг мэдэхгүй юм.
-Бас удахгүй шүүх эмнэлгийн дүгнэлт гарна гээд л байсан. Тэр нь юу болсон юм бол?
-Шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбоотой янз бүрийн таамаг хардалтууд бас их явж байна. Уг нь шүүх эмнэлгийн дүгнэлтийг гаргах нь нэг их удах асуудал биш. Шүүх эмнэлгийн эмч нар тухайн хүний биеийн байдлын талаар эмч нарын гаргасан удаа дараагийн дүгнэлтийг шалгаж нягтлаад эцэст нь онош гаргах ёстой.
Тэгж байж энэ хүн өнөөдөр ял эдлэх боломжтой юу, үгүй юу гэдэг дүгнэлт гарна шүү дээ. Гэтэл тэр дүгнэлтийг нь яагаад удаагаад ажлын 21 хоног гэж удаашруулаад байгааг ойлгохгүй байна. Ингэхээр өөрийн эрхгүй хардах сэтгэл төрүүлж байгаа хэрэг. Угаасаа хэн нэгний шийдвэрийг хүлээгээд ямар ч дүгнэлт гаргахгүй байна гэж хардаж байна.
-Тэгээд үүний цаана хэн байгаа гэж хардаж байгаа юм?
-Саяхан гэр орон, хүү, худынд нь нэгжлэг хийсэн шүү дээ. Үүний эцэст бүх зүйлийн зангилаа тайлагдах нь гэж харж байгаа. Хэргийн эзэн ирчихсэн учраас бүх зүйл ойлгомжтой болох байх.
Ийм байхад шүүх эмнэлгийнхэн илтэд өвчтэй хүнийг амь насанд нь эрсдэлгүй гэдэг шийдвэр гаргавал энэ бол цэвэр улстөрийн ажил байна гэж харах болно.
-Та хэргийн эзэн гэж Т.Билэгт даргыг хэлээд байна уу?
-Тийм. Т.Билэгт чинь тухайн үеийн НИТХ-ын дарга байсан хүн шүү дээ.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-ын удирдлага Н.Энхбаяр даргатай уулзаж түүнийг суллах талаар тохиролцоо хийсэн гэсэн. Эцэстээ АН тохиролцоондоо хүрч чадахгүй байгаа юм аа даа?
-Тухайн үед даргын биеийн байдал маш тааруу байсан. Тиймээс хүн чанар гаргасан хүмүүс эргэж очсон байх. Гэхдээ эргэж очсон болгоныг тохиролцоо хийсэн гэж хардаж болохгүй л дээ.
Улстөрийн намууд хоорондоо янз бүрийн гэрээ хэлэлцээр, тохиролцоонууд хийдэг. Тиймээс л Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ыг АН-тай тохиролцоо хийсэн гэж зарим улстөрийн намууд хардаад байгаа юм.
-Тохиролцоо нь Эрүүл мэндийн сайд Н.Удвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших асуудал байсан юм биш үү?
-МАХН парламентад суудалтай нам. Үүсэн байгуулагдаад хоёр жил гаруй болж байна. Тиймээс бид Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх нь зүй ёсны хэрэг. Хэрэв бид бусад намтай адилхан аль нэг намыг дэмжээд орвол өөрсдийн байгуулсан хүч, намынхаа рейтингийг унагах байсан. Тэгээд ч бидний нэр дэвшүүлсэн хүн бол эмэгтэй хүн.
Түүхэндээ анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Жишгийг эвдэж чадлаа. Тэр нь хардалт, сэрдэлт дагуулж байгааг үгүйсгэхгүй. Миний хувьд Гүйцэтгэх хорооны гишүүн, Чингэлтэй дүүргийн МАХН-ын дарга. Тэр үүднээсээ бүх зүйлийг мэдэж байх ёстой хүний нэг шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн гэрээ, тохиролцоонд би л лав хамтдаа сууж байгаагүй.
-МАХН-ын гишүүд дэмжигчид намын удирдлагууддаа хариуцлага тооцох талаар дараалан хэвлэлийн хурал хийж эхэллээ. Тэр ч бүү хэл таныг УИХ-ын гишүүнээс татуулах талаар ч ярьж байна лээ?
-Намын гишүүд намынхаа бодлогыг дэмжиж байж л тухайн намын гишүүн байна. Тэр намын удирдлагууддаа хариуцлага тооцно гээд яваад байгаа хүмүүс бол намын олонхи биш. Цөөн тооны хүмүүс тийм саналтай байж болно.
Би өөрийн үзэл баримтлал, жанжин шугамаасаа ухарсан бол тэр хүмүүсээр хэлүүлэлтгүй өөрөө УИХ-ын гишүүнээсээ татгалзаж чадах эр зориг надад бий.
Ерөөсөө ахмад настай хүмүүсийн толгойг эргүүлэх гэсэн, намын удирдлагатай нь хагаралдуулах гэсэн оролдлогыг ганцхан энэ удаа ч хийж байгаа юм биш. Өмнө ч гэсэн ийм асуудал үүсгэж байсан.
Харин миний асуудлын тухайд гэвэл хэрвээ би өөрийн үзэл баримтлал, жанжин шугамаасаа ухарсан бол тэр хүмүүсээр хэлүүлэлтгүй өөрөө УИХ-ын гишүүнээсээ татгалзаж чадах эр зориг надад бий.
Энэ суудлыг мөнхийн суудал юм шиг санаад улайраад үхэх гээд байх шаардлага надад алга. Гэхдээ хэн нэгний гар хөл болсон хүмүүсийн бах тавыг хангадаг ч хүн биш гэдгийг бас хэлье. Би тийм ч амархан бууж өгөх хүн биш шүү.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ц.Элбэгдоржийг Н.Энхбаяр даргыг суллах байх гэж иргэд хүлээж байсан. Харин та иргэн хүний хувиар тэгж бодож байв уу?
-Хэрвээ би парламентад орж ирээгүй байсан бол тийм хүлээлт надад байсан болов уу. Харин би энд байгаа учраас бүх зүйлийг бодитоор харж байна. Угаасаа намын даргыг суллана гэдэг ойлголт байхгүй.
Харин намын даргыг эрүүл мэндийн шалтгааны улмаас гаргах асуудал байх ёстой. Тиймээс наадмын дараа гаргачихна гэсэн хүлээлт байгаагүй.
-УИХ-ын гишүүн Ц.Цолмон намын даргаа суллах талаар Ерөнхийлөгчид хандаж хүсэлт гаргах талаар ярьж байсан. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?
-Бид намын даргын хэлмэгдүүлэлтийн талаар өнөөдрийг хүртэл ярьсаар ирсэн. Түүнээс болж хэвлэлийнхэнд нэлээн адлуулсан байх. Би угаасаа аль ч намын гишүүнтэй нээлттэй харьцдаг. Хэн нэгнийг ялгаж харьцдаггүй.
Тэр хүмүүстэй ярьж байхад намын даргыг хэлмэгдүүлсэн гэж хүлээн зөвшөөрдөг. Уулзаж, учирсан болгоноор асуудал шийдэгддэг бол Н.Энхбаяр дарга аль хэдийнэ гарчихсан байгаа.
-Харин та намын даргаа суллуулах асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзаж, ярилцаж байсан уу?
-Би албан шугамаар Ерөнхийлөгчтэй хоёр удаа л уулзаж байсан.
-Тэгээд намын даргынхаа асуудлаар юу ярилцсан юм бэ. Ерөнхийлөгч ямар байр суурьтай байх юм?
-Н.Энхбаяр даргын асуудлаар бидний хооронд ярьсан зүйлийг яриад яахав.