УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан өөрийн сонгогдсон тойрогт МУ-ын Ерөнхийлөгчийн хамт ажиллаад ирлээ
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан өнгөрсөн долоо хоногийн 19-22-ны өдрүүдэд өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллаад ирлээ. МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон дагалдан яваа хүмүүсийн бүрэлдэхүүнд ЕТГ-ын бүрэлдэхүүн, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн нар байлаа.
Мөн аймгийн Засаг дарга Б.Бадраа, ИТХ-ын дарга Л.Батчулуун болон орон нутгийн бусад төлөөллүүд дагалдан ажиллаа. Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал хоёр дахь удаагийнх бөгөөд Цогтцэций сумаас эхэлсэн нь ч учиртай байсан гэж хэлж болно. Учир нь Өмнөговь аймгийн төсвийн тал хувийг бүрдүүлдэг, Өмнөговийн төдийгүй хөрш зэргэлдээ говийн бүсийн аймгуудын нүүрсний хэрэгцээг хангадаг, орон нутгийн хөгжил цэцэглэлтэнд томоохон хувь нэмэр оруулж буй “Таван толгой” ХК –ийн үйл ажиллагаатай эхэлж танилцсан.
Мөн цаашлаад “Таван толгой” нүүрсний уурхайг түшиглэсэн компаниудын үйл ажиллагаатай танилцах явдал байсан юм. Ерөнхийлөгчийн баг бүрэлдэхүүн орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн уурхайн 4-р ам дээр олборлолт хийж байгаа үйл явцтай газар дээр нь биечлэн танилцсан. Тус компани нь орон нутгийн өмчит бөгөөд 51 хувийг нь орон нутаг, 49 хувийг 160 орчим хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. 1966 оноос нүүрсээ олборлож эхэлсэн ч орон нутгийн нүүрсний хэрэгцээг хангах төдийгөөр үйл ажиллагаа явуулж байгаад 2004 оноос нүүрсээ экспортод гаргаж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл 22 сая тонн нүүрс борлуулсны сүүлийн таван жилд нь 18.9 сая тонн борлуулсан үзүүлэлттэй бөгөөд өнгөрсөн жил орон нутгийн төсөвт 161 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Тус компанийн үйл явц, нүүрс олборлолт болон орон нутагт оруулж байгаа хөрөнгө оруулалтын талаар “Таван толгой” ХК-ны гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяр Ерөнхийлөгчид товч танилцуулсан. Хэдийгээр орон нутгийн Таван толгойн хувьд эдийн засгийн хувьд өсөлттэй байж, үйл ажиллагаагаа тэлж байгаа ч цаашдаа анхаарах хэд хэдэн чухал асуудал байгаа. Тухайлбал олон жил хүнд даацын машин механизмаар тээвэрлэлт хийсний дүнд хөрс эвдэгдэж, тоосжилт их болж байна, мөн хөрсний овоолгыг зөв зүйтэй шийдэх зэрэг олон асуудлууд тулгарч байгаа. Энэ талаар цаашид анхаарч ажиллана гэж компанийн удирдлагууд хэлж Ерөнхийлөгч ч зөвлөгөө өгсөн юм.
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан болон Ерөнхийлөгчийн айлчлалын нэг хэсэг нь төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компани байлаа. 2010 оны 8-р сарын 27-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компани өнөөдрийн байдлаар уурхайд Улаанбаатар хотын 132, Өмнөговь аймгийн 92, бусад аймгаас 38, нийт 262 ажилтантай гэнэ. Тус компанийн хувьд өнгөрсөн жилээс 1 сая тонн нүүрсээр олборлолтоо эхэлсэн бөгөөд энэ онд 3-4 сая тонн, ирэх онд 7 сая тонн, 2014 онд 10 сая тонн, цаашлаад ахиулж 15-20 сая тонн нүүрс олборлох зорилт тавин ажиллаж байгаа аж. “Эрдэнэс-Таван толгой” ХК нь Таван толгой ордод нийт 68,522 га бүхий талбайд ашиглалтын найман тусгай зөвшөөрөлийг толгой компаниасаа шилжүүлэн авч үйл ажиллагаа явуулж байна. Тус уурхайд нүүрс баяжуулах угаах үйлдвэр, ус татах систем, хатуу хучилттай авто зам, 1000 хүний хотхон зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн захирал Б.Энэбиш танилцууллаа. Ерөнхийлөгч энэ үеэр тус төслийн ус хангамж, зам тээвэр, эрчим хүч зэрэг чухал шаардлагатай зүйлсийн талаар сонирхон асууж байсан юм. Мөн энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Х.Бадамсүрэн болон албаны бусад хүмүүсээс мэдээлэл авч дээрх асуудлыг зөв зүйтэй хурдан хугацаанд шийдэж ажиллахыг зөвлөж байлаа.
Эх орны хөгжил дэвшил, үйлдвэржилтэд бодитой хувь нэмрээ оруулж байгаа “Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа худаг дахь уурхайн үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танилцлаа. 2009 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компани өнгөрсөн хугацаанд нүүрс баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулсан, Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа гаргаж олон улсын зах зээлд гаргасан, 18 мвт-ын цахилгаан станц барьсан, зөвхөн олборлолт төдийгүй уурхай дагах бусад бүтээн байгуулалтуудыг богино хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэн гээд танилцуулах ажлууд олон байлаа. Энэ үеэр Ерөнхийлөгч Цогтцэций суманд баригдаж буй “Цэций” хороолол, уурхайн ажилчдын галлерей кемптэй танилцсан. Австралийн “Сежмен” компанийн дизайн ба технологийн шийдэлд суурилсан, ашигласан усаа 94 хувь эргүүлэн ашиглах технологийг нэвтрүүлсэн тус уурхайн нүүрс баяжуулах үйлдвэр жилд 5 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай гэнэ. Мөн 18 мегаваттын шинэ цахилгаан станц барьснаар зөвхөн уурхайн хэрэгцээг хангаад зогсохгүй Цогтцэций сум тог цахилгаантай болсон гэж удирдлагууд хэлж байлаа. Түүнчлэн “Энержи ресурс” ХХК-ийн хийсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг нь ус хангамжийн систем, Гашуун сухайтын чиглэлийн хатуу хучилттай авто зам зэрэг томоохон ажлууд дурдагдаж болно. Энэ мэтчилэн өнгөрсөн хугацаанд “Энержи Ресурс” компани уурхайн дагалдах болон бусад дэд бүтцийн төслүүдэд 600 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэнэ. 2009 онд улсын төсөвт 13 тэрбум төгрөг төлж байсан бол өнгөрсөн жил 120 тэрбум төгрөгийн татвар төлсөн тус компанийн үйл ажиллагаатай танилцсандаа Ерөнхийлөгч сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн.
Үүний дараагаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан болон Монгол улсын Ерөнхийлөгч Цогтцэций сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзсан. “Таван толгой”-г түшиглэсэн олон уул уурхайн компаниуд үйл ажиллагааг явуулдаг тус суманд ард иргэдийн нийгмийн асуудал дээр илүүтэй анхаарахыг иргэд хэлж байлаа. Хөдөлмөрчдийн хэлж буй үгнээс тоосжилт эрүүл мэнд, байгал орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаар илүүтэй дурдагдсан. Мөн иргэд “Таван толгой” ХК, “Энержи Ресурс” зэрэг компаниудын бүтээн байгуулж буй ажлуудад талархалтай ханддагаа илэрхийлсэн. Ажлын байр бий болгож, бүтээн байгуулалт хийж, хүний тохьтой тухтай амьдрах орчин нөхцөлийг цогцоор нь шийдэж, орон нутгийн иргэдтэйгээ зохицоод ажил үйлсээ явуулж байгаа үндэсний компаниудыг төрөөс дэмжих талаар саналууд хэлж байлаа.
“Өнөөдөр танай сум 10 мянган хүнтэй болжээ. Түүний хэрээр асар их асуудал гарч байна. Би өнөөдөр Таван Толгой, Ухаа худаг гээд уурхайнуудын үйл ажиллагаатай танилцаж, хүмүүстэй нь уулзаж ярилцлаа. Ажлынх нь түвшин янз бүр байна. Монголчууд ажиллаж байгаа учраас сэтгэл нэгтэй байдаг юм байна гэж ойлголоо. Энержи Ресурс цахилгаан үйлдвэрлэхэд энэ суманд цахилгаантай болж байна гэхчилэн дагаж гарах сайн үр дагавар маш олон байна” хэмээн Ерөнхийлөгч хэлсэн. Иргэдийн тавьсан хүсэлт, асуултад Ерөнхийлөгчийг дагалдан тус аймагт ажилласан Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, гишүүн Х.Бадамсүрэн, Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга Д.Баттулга, П.Цагаан, Усны газрын дарга Ц.Бадрах болон НХХЯ, Сангийн яам, ЗТБХБЯ-ны холбогдох албадын дарга мэргэжилтнүүд иргэдийн асуултад хариулж, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар тайлбарласан.
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан болон Монгол улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хоёр дахь өдөр Оюу толгойд үргэлжиллээ. Олборлолтын үйл ажиллагаа эхлэх хүртэл 7.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх төлөвлөгөөтэй байгаа Оюу толгой уурхайн баяжуулах үйлдвэр 2013 оны 3-р улирлаас ажиллаж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Одоогийн байдлаар үйлдвэрийг угсрах ажил төлөвлөснөөс зургаан сарын өмнө явж байна гэж компанийн удирдлагууд танилцуулсан. Уг төсөлд 38 орны 65 компани оролцож байна. Харин ажилчдын хувьд нийт 15 мянган ажилчинтай, 4700 нь гадаадын ажилчид бусад нь монгол ажилчид байгаа гэнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюу толгой төслийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ эрчим хүч цахилгааны асуудлыг хэрхэн шийдэх, монгол ажилчид, ажлын байр, ханган нийлүүлэлт болон худалдан авалтын журмын талаар удирдлагуудаас асууж тодруулж байлаа. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүний дагалдан яваа бусад албаны хүмүүсийн хамт Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн барилгын явц, ажиглалтын тавцан дээрээс төслийн талбай, ил уурхай, босоо ам 2, хүнд даацын угсралтын цех, ажилчдын хотхон зэрэгтэй танилцсанаар өндөрлөсөн.
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан болон Ерөнхийлөгч Оюу толгойн үйл ажиллагаатай танилцсаны дараа орой нь Ханбогд сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийсэн. Тус сумын иргэд Оюу Толгой төсөлтэй холбоотой асуулт, хүсэлтүүд их хэлж байлаа. Монгол ажилчдынхаа эрүүл мэндийг боддоггүй, зөвхөн гадаад хүнийг л хүн шиг үздэг, монгол хүнд доогуур цалин өгч, гадаад хүн их цалин авдаг, ажилчдын орон сууц барихгүй байгаа гэх зэргээр шүүмжлэл их гарсан. Зарим гэрээт компаниудын гадаад удирдлагын ёсзүйн талаар гомдол ирж байлаа. Ерөнхийлөгч хэлэхдээ, “бидэнд баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимий нь хүртэж, улс орноо хөгжүүлэх асар их хувь заяа ногдсон. Энэ их баялгийн үр шимийг энэ сумын иргэд хүртэх ёстой гэдэгтэй санал нэг байна. Олны үг ортой байдаг. Оюу толгой төслийн удирдлага, хөрөнгө оруулагчид энд ирж нутгийн иргэдийн үгийг сонсч, асуудлаас гарах арга замаа хамтран олж, харилцан нэг нэгнээ хүндэтгэж хамтран ажиллах хэрэгтэй” гэдгийг онцлон хэлсэн. Энэ уулзалт хийж байгаа өдөр буюу сар бүрийн 20-нд Ханбогдчын иргэдтэй уулзаж байхыг мөн уулзалтын талаар аймгийн удирдлагууд хяналт тавьж байхыг ерөнхийлөгч зөвлөсөн.