Финланд улс Уул уурхайн салбарт хамтран ажиллахыг хүслээ
Финландын парламентын даргыг, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа.
2013.06.11

Финланд улс Уул уурхайн салбарт хамтран ажиллахыг хүслээ

Бүгд Найрамдах Финланд Улсын парламентын дарга ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрхэм зочдыг хүлээн авч уулзахдаа уул уурхай, байгаль орчин, боловсрол, хөдөө аж ахуй, холбооны салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг Монгол Улс амжилттай зохион байгуулсанд ноён Эеро Хэйнэлуома талархал илэрхийлээд Монгол Улстай худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ.

Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга Эеро Хейнэлуома “Геологи, эрдсийн түүхий эдийн салбар дахь Монгол-Финландын хамтын ажиллагаа” сэдэвт семинарийн нээлтэд оролцлоо.

Монгол Улсад уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна, тиймээс байгалийн баялгаа зөв зохистой ашиглах, хамгийн гол нь нөхөн сэргээлт хийх нь чухал.

Энэ тал дээр манай улс туршлагатай, хамтарч ажиллахад бэлэн гэж Финландын парламентын дарга хэллээ. Мөн хөдөө аж ахуй, боловсрол, эрчим хүчний салбарт хамтрах бололцоо байгаа гэсэн юм.

Айлчлалын хүрээнд эдгээр төлөөлөгчид “Финландын нийгмийн шинэчлэлийн 100 туршлага” номын нээлтэд оролцох бөгөөд энэхүү номоо Ерөнхий сайдад гардууллаа.