2013.04.25

С.Баярцогт ёс суртахуун гаргасныхаа төлөө элдвээр хэлүүлэх ёсгүй

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогт Швейцарийн банкинд нууц данстай гэдэг мэдээлэл энэ сарын эхээр цахим ертөнцөөр тарсан. Энэ дансыг нь илрүүлсэн гэх Олон улсын эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн холбоонд С.Баярцогт гишүүн тайлбар өгч, дараа нь Монголынхоо сэтгүүлчдэд мэдээлэл хийж, ёс зүйн хариуцлага хүлээнэ гэдгээ хэлсэн.

Үүгээрээ улстөрчдөд үлгэр дуурайлал үзүүлнэ гэж зарласан. Тэр хэлснээрээ УИХ-ын дэд даргын суудлаасаа огцрох өргөдлөө өөрийн хүсэлтээр УИХ-ын даргад өгөв. Үүнээс хойш асуудал өндрөө авч, түүнийг УИХ-ын дэд даргаас огцруулах асуудлыг өнгөрсөн пүрэв гаригийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж, “Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага авснаар төгсгөлгүй өндөрлөлөө. УИХ дахь Ёс зүйн дэд хороо С.Баярцогт гишүүнээс данстай нь холбоотой тайлбар авсан учраас өнгөрсөн мягмар гаригт хуралдаж, асуудлыг өнөөдрийн УИХ-ын чуулганаар оруулахаар болов.

УИХ-ын дэд даргаас огцруулах асуудлыг өнгөрсөн пүрэв гаригийн нэгдсэн чуулганаар хэлэлцлээ

С.Баярцогт гишүүнийг огцруулахтай холбоотой болж өнгөрсөн хурал, чуулган, тэнд хэлж ярьж байгаа гишүүдийн үгнээс харахад ёс суртахуун гаргасных нь төлөө түүнийг элдвээр хэлж байна.

Тэгвэл МАН тийм ёс суртахуунтай нам уу. МАН-ынхан бүгд л гадаадад данстай. Сая саяар нь мөнгө дээрэмдэж, тэрбум тэрбумаар нь хөрөнгө завшсан нь түрүүчээсээ илрээд байгаа биз дээ. Ийм байхад нь тэдэнтэй хэн ёс суртахуун ярьсан юм бэ. Ёс суртахуунтай хүний өөдөөс ёс суртахуунгүй юмнууд элдэв юм яриад байгаа нь хөх инээд хүргэхээс цааш хэтрэхгүй байна.

С.Баярцогт 23-хан насандаа Монголын улс төрд орж, Улсын Бага хурлын гишүүн болж байсан. Үүнээс хойш улс төрд бараг тасралтгүй явж байна. Тэр бол Монголын урдаа барьдаг улстөрчдийн нэг.

Ийм улстөрчийг сая гаргасан алдаанд нь шийтгэл ногдуулж элдвээр хэлээд байгаа юм биш. Зүгээр л ирээдүйд үзүүлэх амжилтыг нь хаах оролдлого хийж байна. Монголын ирээдүйн улс төр С.Баярцогт мэтийн ардчиллын төлөө сэтгэлтэй залуучуудаар хөтлүүлж байж хөгжинө. Өөр хэн Монголын улс төрийг залуурдах юм.

С.Баярцогт 23-хан насандаа Улсын Бага хурлын гишүүн болж байсан.

С.Баярцогтыг буруутгаж байгаа жишээнүүдийн хамгийн том хүнд гэмт хэрэгт Оюу толгойн гэрээг батлалцсаныг хэлж байгаа. Оюу толгойн гэрээг байгуулснаараа өнөөдөр тэр буруутан мэт адлуулж байна. Тэгвэл Оюу толгойн гэрээг байгуулсан явдлыг муулах зүйл мөн үү. Учир нь энэ бол барууны хөрөнгө оруулалтыг Монголд оруулж ирсэн анхны том гэрээ. Монгол Улсаа гурав дахь хөрштэй холбохын төлөө Монголын төр нийгмийн зүтгэлтнүүд үе үеийн туршид мөрөөдөн тэмцсээр ирсэн.

Сайн ноён хан Намнансүрэн Петербург хотноо Оросуудаас нууцаар гурав дахь хөрштэй холбоо тогтоохын тулд дээл хувцсаа сэлгэж өмсөөд шөнө дөлөөр гүйж явсан л гэдэг. Түшээтхан Ханддорж л гэхэд гурав дахь хөршийн талаар ам ангайсныхаа төлөө буруудаж, хор уун амиа алдаж байсан түүхтэй. Тэгэхээр барууны хөрөнгө оруулалт буюу гурав дахь хөршийн бодлого гэдэг бол монголчуудын хувьд ийм үнэ цэнэтэй. Хүч нөлөөтэй гурав дахь хөрш нь Монголын тусгаар тогтнолын баталгаа болдог учраас тэр юм.

Ийм учраас барууны хөрөнгө оруулалтыг татан оруулж ирж, Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулсан уг гэрээг батлалцсан мөнхийн гавьяа С.Баярцогтод оногдоно. Түүнтэй хамт энэ гэрээг байгуулалцсан залуу улстөрч Д.Зоригт, Л.Гансүх болон хашир улстөрч С.Баярт ч энэ гавьяа хамаатай. Оюу толгойн гэрээг байгуулсан үйл явдал нь Монголын баялгийг хоёр хөршдөө хувааж өгөөд хуйвалдаж иддэг байсан тэр цаг үеийг харж, өөрчлөх брлсныг нь мэдэрч хийсэн зоригтой үйл ажиллагаа байсан юм. Тиймээс энэ. гэрээ муу, сайн болсон нь хамаагүй. Үүнийг цаг хугацаа харуулна.

Гэрээний эдийн засгийн ашиг тусыг нь хоёрдугаарт тавих хэрэгтэй. Хамгийн гол нь Монгол төрийн түшээд Орос, Хятад хэмээх хоёр хөршөөс давж, гурав дахь хөршийн ашиг сонирхлыг оруулж ирэх гэсэн мөнхийн мөрөөдлийг биелүүлсэнд энэ гэрээний ач холбогдол оршино. Ямартай ч дэлхийн улс төр, эдийн засгийн салбарт бодитой жин татахуйц гэрээ болсон нь Оюу толгойн гэрээ мөн.

“Гадаадад данстай байна" гэж үзээгүй юмаа үзсэн мэт орилолдох нь үнэмшилгүй байна.

Гэтэл Монгол төрийн өмнө ийм том гавьяа байгуулсан төрийн түшээг элдвээр баалж, хэлэх хэлэхгүй үгээр мохоох гэж оролдох нь Монгол Улсын төрд эргээд хор хохирол болно уу гэхээс нөмөр нөөлөг болохгүй. С.Баярцогтыг гадаадад данстай байсан гэж баалж байхаар Таван толгойг таван жил ажиллуулаагүй зогсоосон.

Тавдугаар цахилгаан станцыг босголгүй арван жил хойш тавьсан, шатахууны үйлдвэргүй 20 жил явсны буруутныг Ардын намынхан өөрсдөөсөө олж ёс суртахууны хариуцлага тооцох талаар яривал дээрсэн. “Гадаадад данстай байна" гэж үзээгүй юмаа үзсэн мэт орилолдох нь үнэмшилгүй байна. Та нар бүгд Америкт очоод олон улсын виза гаргаж ирээд л наймаа арилжаа хийдэг биз дээ.

Гадаадад данстай байна гэдэг бол үүнээс ялгарахгүй зүйл. Орчин үед ийм ч байхаас өөр аргагүй. Тэгээд ч С.Баярцогт гадаадад байдаг дансныхаа орлогыг байнга мэдүүлээд л байсан юм билээ. Төгсгөлд нь С.Баярцогт гишүүнд хандаж хэлэх үг байна. Нэг их ёс суртахуунтай хүн болж харагдах гээд даруу загнаж, дорой байх хэрэггүй. Өөрийгөө хамгаалж дуугарах хэрэгтэй. Хүн хувьдаа хөрөнгөтэй, өмчтэй, данстай байх ёстой. Үүний төлөө л та нар 20 жил зүтгэж, ардын хувьсгал хийсэн юм биш үү. Үүнийгээ хамгаалаач. УИХ-ын дэд даргаасаа огцорно гэж дуугардаг нь ч илүү зан гэдэг нь сүүлийн үеийн гишүүдийн гаргаж байгаа ааш зангаас харагдах боллоо. Түүний хэлээд байгаа “Би ямар ч хууль зөрчөөгүй” гэдэг үг үнэн болох нь саяын хэд хоногт батлагдаж байна.