Б.Баяр: Хэмнэнэ гэдэг хэрэглээг хязгаарлана гэсэн үг биш
Эрчим хүчний яамны хуулийн хэлтсийн дарга Б.Баяр
2013.04.08

Б.Баяр: Хэмнэнэ гэдэг хэрэглээг хязгаарлана гэсэн үг биш

Улс орны хөгжлийн түвшинг хичнээн хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж байгаагаар нь бус түүнийг үйлдвэрлэхэд ашиглаж байгаа түлшийг хэр зэрэг үр дүнтэй хэмнэлттэй ашиглаж байгаагаар дүгнэх нийтлэг зарчимтай.

Манай улсын хувьд эрчим хүч хэмнэлттэй хэрэглэх, үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэр үр дүнтэй ашиглаж байгаагаа тооцох тогтолцоо байдаггүй. Энэ ч үүднээс эрчим хүч хэмнэлтийн хуулийн төслийг санаачилж засгийн газарт өргөн барихаар болоод байна. Хуулийн ач холбогдолын талаар Эрчим хүчний яамны хуулийн хэлтсийн дарга Б.Баяртай ярилцлаа.

Энэ хуулийн эдийн засгийн болон нийгмийн ач холбогдол юу бэ?  

Манай  улсын хувьд эрчим хүч үйлдвэрлэх, хангахад гол анхаарлаа хандуулж, эрчим хүч хэмнэх зохисгүй хэрэглээг бууруулах, шинэ техник технолгогийг нэвтрүүлэх тал дээр дутагдалтай ажиллаж ирсэн.

Үүнээс үүдэн эрчим хүчийг зохисгүй хэргэлдэг, хяналтын тогтолцоо байхгүй, хямд тоног төхөөрөмжийг импортоор худалдан авч ашиглаж байгаа, эрчим хүч хэргэлэхэд ихээхэн зардал гаргаж байгаа гээд сул тал байна. Тиймээс энэ хууль гарсанаар эрчим хүч үр ашигтай хэрэглэх, зарцуулах тал дээр эрх зүйн зохицуулалт хийж эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх юм.

Монгол улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл (2012 он)

 Гэхдээ нэг зүйлийг сануулахад хэмнэнэ гэдэг маань хэрэглээг хязгаарлана гэсэн үг биш юм. Харин үр ашгийг нь дээшлүүлэх гэсэн ойлголт. Эрх зүйн зохицуулалтаар зохион байгуулалттын арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр, шинэ дэвшилтэд техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр эрчим хүч хэмнэх боломж бүрдэнэ.

Энэ хуулийн гол онцлог нь юу бэ? Хуулийн хэрэгжилтэнд хэн анхаарах бэ?

Хоёр төрлөөр зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Нэг нь төрийн зохицуулалт. Нөгөөх нь иргэд, аж ахуй нэгжийн сайн дурын үйл ажиллагааг дэмжсэн урамшуулал олгох талаар тусгаж өгч байгаа. Хууль гэдэг албадлагын шинж чанар агуулж байдаг.

Гэхдээ  мэдээж цаг хугацааа шаардах зүйлийг бид анхаарах л болно. Маргааш соль гэхгүй ч тодорхой хугацаанд байшингийн хэмжээнээс хамааран хичнээн эрчим хүч хэрэглэх ёстой тэр заалтыг оруулах л болно шүү дээ. Урамшуулал гэх нэр томьёог өөрчилж магадгүй.

Ер нь бол иргэн та эрчим хүч хэмнэж чадаж байгаа нь урамшуулал болно. Бас аж ахуй нэгжээс эрчим хүч хэмнэх стандартын дулаан алддаггүй вакум цонх, түүхий эд, тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ гэсэн үг.

Харин энэ хууль хэрэгжих үйл явцыг “Эрчим хүч хэмнэлтийн үндэсний хороо”-г байгуулснаар хянах юм.  Мөн үүрэг хүлээсэн этгээд гэсэн нэр томьёо оруулж байгаа. Энэ нь өндөр хэрэглээтэй хэрэглэгчийг тогтоох зорилготой юм.

Үүрэг хүлээсэн этгээд гэдэг нь ямар хэмжүүрээр тогтоогдож байгаа бэ?

Үүрэг хүлээсэн гэдэгт хамгийн түрүүнд манай эрчим хүчний компаниуд хамрагдана, цахилгаан, дулааны станцууд. Дулааны эрчим хүчний хэрэглэгчийн бодит хэрэглээг тооцоход хүндрэл их байна. Тиймээс жилийн 1500 гкал-аас дээш хэрэглээтэй бол үүрэг хүлээсэн этгээд гэж тодорхойлж байгаа.

Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо (2012 он)

Энэ үзүүлэлтээр бол 136 хэрэглэгч байна. Эдгээр хэрэглэгчийн хэрэглээг 15 хувиар хэмнэхэд ДЦ станц дээр 32183,7 тн нүүрс буюу 748.3 сая төгрөг хэмнэх бололцоотой.

Жишээ нь нэг компани цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээнд  6230,7 сая төгрөг зарцууллаа гэхэд хэмнэлтийн арга хэмжээний үр дүнд 15 хувиар зардал буурахад 934,6 сая төгрөг хэмнэнэ. Харин хэмнэлтийн арга хэмжээ аваагүй тохиолдолд эрчим хүчний үнэ 20 хувиар өсөхөд 1246,1 сая төгрөгөөр зардал өсөх тооцоо гарч байна.

Энэ мэт эдийн засгийн олон ач холбогдолтой. Цаашлаад эрчим хүч үйлдвэрлэхэд хамгийн их хэргэлдэг нүүрсийг бага хэрэглэх агаарт цацагдах хорт хий, жилд түлдэг нүүрсний хэмжээ, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах дамаа ач холбогдолтой юм.

Манай улсын эрчим хүчний нөөц хэр байгаа бэ?

Үйлдвэрлэсэн эрчим хүчээ бүрэн ашиглаад хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа болохоор импортоор эрчим хүч авдаг. Жилд 175 мвт-ын цахилгаан эрчим хүч импортоор авдаг. Мэдээж сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж чадвал импортоор авах хэрэглээ багасна.

Сэргээгдэх эрчим хүч барих боломж бий юу?

Геополиткийн хувьд байнгын салхитай, нартай байдгаас жилийн 300 өдөр нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүчийг бий болгох компаниудад хэр нээлттэй хандаж байгаа бэ?

Эрчим хүчний салбар бол нээлттэй салбар тэгэхээр компаниудад бүрэн нээлттэй.  Шинэ техник технологи оруулж ирнээ гэдэг маань сэргээгдэх эрчим хүчийг дэминэ л гэсэн үг. Салхин, усан, нарны энергийг ашиглан сэргээгдэх эрчим хүч бий болгох нь байгаль орчинд аюулгүй учир энэ технологийг дэмжих хэрэгтэй байна.