Л.Наранбаатар: Хувийн хөрөнгө оруулагч, ЗГ-ын сонирхлыг тэнцвэржүүлэх хэрэгтэй
“Гложекс групп”-ийн ерөнхийлөгч Л.Наранбаатараас Ашигт малтмалын шинэ хуулийн талаар ямар байр суурьтай байгааг нь сонирхлоо.
"Хөрөнгө оруулагчийг түлхэх юмаа засгийн газар өөрөө хийгээд байна. Өнгөрсөн жилийн хувьд уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалт багассан нь сонгуультай холбоотой байсныг хүмүүс мэдэж байгаа. Сонгуульд ямар хүчин гарах бол гэсэн хүлээлтийн байдал нь өөрөө хөрөнгө оруулалт, уул уурхайн хөгжилд саад болж байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг харахад гол шүүмжлэлтэй хандах зүйл нь хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн тохиолдолд улс түүнийг мөнгийг нь төлөөд эргүүлэн авч болно гэсэн заалт юм.
Түүнчлэн хөрөнгө оруулагч тал хөрөнгө оруулалт хийх бүрдээ Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай болж байгаа нь учир дутагдалтай юм. Ингэж зөвшөөрлийн барьерыг нэмэгдүүлсэнээр маш их хүндрэл учирна.
Үүнийг хууль боловсруулагчид анхааралдаа авч үзэх хэрэгтэй. Ингэхдээ хувийн хөрөнгө оруулагч, засгийн газрын сонирхлыг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Монгол улс нөөц баялагтаа хэтэрхий үндсэрхэг үзлээр хандаж байгааг шүүмжилмээр байгаа юм. Бид ингэлээ гээд юуг хожих вэ. Бодох хэрэгтэй. Нүүрсний салбар дээр ярихад монгол улс дангаараа дэлхийд кокс нийлүүлдэг орон биш шүү дээ. Гэтэл баялгаа ашиглах гээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг байдал гаргаад байвал Оросын том өрсөлдөгчид зах зээлийг удахгүй булаахад бэлэн байна. Өрсөлдөгч олон байна. Австрали, Канад улс байна гээд. Тиймээс гадаад орчинтойгоо холбоо харилцаа сайн тогтоож өрсөлдөөний орчныг мэдрэх хэрэгтэй".