Д.Мөнхтуяа: Төр луйварчин, дээрэмчин биш ээ
Ашигт малтмалын хуулийн төслийн шинэчилсэн найруулга 2013 оны эхнээс олон нийтэд ил болж, бизнес, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн удирдлагуудаар хэлэлцүүлэгдэж байгаа билээ. Эрдэмтэн судлаачдын зүгээс хуулийг түүхий болсон гэж үзэж байгаа бол уул уурхайн компаниуд төрийн оролцоо хэтэрхий ихдэж, гадны хөрөнгө оруулагчдыг боомилсон заалттай болсонд дургүйцэж байгаа юм. Энэ тухай хууль боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Мөнхтуяагаас тодрууллаа.
-Шинэ хуулийн 13, 14 дүгээр зүйлд хувийн хөрөнгөөр 13 дугаар зүйлд: Хувийн хөрөнгөөр тойм судалгаа, эрэл, хайгуул хийсэн, олборлолт явуулахад эдийн засгийн үр ашигтай эрдсийн баялгийн хуримтлал бүхий талбайг бодит зардлын нөхөх олговор олгосны үндсэн дээр Засгийн газрын шийдвэрээр, тодорхой хугацаагаар улсын нөөцөд авч болно. 14 дүгээр зүйлд: Хувийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордыг Улсын Их Хурлын шийдвэрээр бодит зардлын нөхөн олговор олгосны үндсэн дээр улсын нөөцөд тодорхой хугацаагаар авч болно гэж заасан байгаа. Үүнд компаниуд, эдийн засагчдын зүгээс шүүмжлэлтэй байгаа юм. Энэ тал дээр ажлын хэсгийн байр суурь ямар байна вэ?
Сонин хэвлэлээр энэ хуулийн төсөл бүтэхгүй байна, ийм хууль гарвал уул уурхайн салбар дампуурна гэх мэтчилэн янз бүрээр ярьж байгаа. Хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүд чадах чинээгээрээ ажиллаж байгаа. Хуулийн төслийн хэлэлцүүлэг нээлттэйгээр явж, ард нийт, иргэний нийгмийн байгууллага, уурхайчид, эрдэмтдийн саналыг сонсч байна. Эдгээр саналыг нэгтгээд ажлын хэсэг хуулиндаа тусгах болно.
Ер нь төрийн бодлогын хэмжээнд тодорхой бодлого орж ирж байж шийдэгдэнэ. Мэдээж хэрэг хууль тогтоомж гарахад хөрөнгө оруулагч, уул уурхай үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн зүгээс эрх ашиг хөндөгдөж байгаа. Үүнийг хуулиндаа тэнцвэртэйгээр тусгаж авч үзэх ёстой.
Төр луйварчин биш, дээрэмчин биш. Тэр шүүмжлэлтэй байгаа заалтыг бусдын хөрөнгийг дээрэмдэх гээд байгаа зүйл гэж ойлгож болохгүй. Энэ асуудал дээр ажлын хэсэгт маш олон саналууд ирсэн. Тиймээс одоогийн байдлаар бид судалгаа хийгээд, ажиллаж байна. Үүн дээр дахин нэмж хэлэхэд гол нь салбарын төрөөс баримтлах бодлогын баримт бичиг эхэлж гарчихвал хуулинд юу гэж заах нь тодорхой болж шийдэгдэх учиртай.