2013.02.22

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрх хаагдсан гэв

УИХ-ын намрын чуулганаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан билээ. Энэ хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг тусгай сургуульд үдийн цай өгөх, сувилуулсны нэг талын зардлыг буцаан олгож байхаар болсон.

Мөн тэдэнд хичээл заадаг багш нарт нэмэгдэл цалин өгөх зэрэг зохицуулалт орсон билээ.  Тэгвэл хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг бүрэн хангахгүй гэж хүний эрхийн байгууллагууд үзэж байгаа аж. Учир нь хүний эрхийн үндэсний комиссоос ерөнхий боловсролын тусгай сургуулиудад шалгалт хийхэд цөөнгүй зөрчил гарчээ.  Манай улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг зургаан тусгай сургууль байдаг аж.

Олон улсад энгийн сургуульд 10-15 хүүхэдтэй анги байгуулдаг

Тэдгээр сургуулиудын байранд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тохижилт бүрэн хийгээгүйгээс сурагчдын тусгай хэрэгцээ аюулгүй байдлыг хангаж чаддаггүй юм байна. Бүр зарим сургууль дулааны шугам сүлжээ хуучирснаас ариун цэврийн өрөөгүй байжээ. Мөн жил бүр сургуулиудын зардлыг Засгийн газраас тогтоохдоо энгийн болон тусгай сургуульд ижил хэмжээний мөнгө төсөвлөжээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хичээлд шаардагдах хэрэглэлд хүрэлцдэггүй гэх шалтгааныг тусгай сургуулийн багш нар хэлжээ. Тиймээс сургуулийн байршил, сурагчдын хэрэгцээг харгалзан сургууль бүрээр зардлыг нь ялгавартай тогтоох шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн байна.

Мөн тусгай сургалттай ихэнх сургуулийн багш нар сурагчдынхаа онцлогт тааруулж хичээл зааж чаддаггүй гэх гомдол эцэг, эхчүүдээс гардаг аж. Тусгай сургуульд ажиллах сонирхолтой багш нар ч цөөн байдаг гэнэ. Тиймээс согог зүйн тусгай сургуулийн багш нарыг тусгайлан бэлтгэх, ЭМШУИС-д согог зүйч нөхөн сэргээх эмчилгээний эмч бэлтгэх анги нээх, тусгай сургуулийн багш нарын орон тоог нэмж, туслах багш нарыг ажиллуулах шаардлагыг Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн яаманд Хүний эрхийн үндэсний комиссоос хүргүүлэхээр болжээ.

Олон улсад мөрддөг баримт, бичигт дурдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай унаагаар зөөх, эдэлгээ даах сурах бичгээр хангах, сургуулийн орчин тойрны зам, зөрчих хэсгийг аюулгүй байлгах ёстой аж.

Эдгээр шаардлагыг Монголын тусгай сургуулиуд мөрддөггүй нь шалгалтаар тогтоогдсон байна. Зарим сургууль сэтгэл зүйчгүй, эмчгүй ажиллаж байжээ. Мөн эмнэлгийн яаралтай тусламжийн хэрэгсэлгүй, эмчийн өрөөгүй байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Зарим сурагч хотын баруун захаас зүүн зах руу сургуульд нийтийн тээврээр явдаг аж.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль үйлчилдэг ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн долоон хувь нь сургуульд хамрагдаж чаддаг аж. Тэгсэн атлаа тусгай сургуулийн нэг ангийн хүүхдийн тоо байх ёстойгоос илүү байгаа гэнэ. Энэ талаар Сувиллын ясли цэцэрлэгийн аравдугаар цогцолборын захирал Г.Буянжаргал энгийн хүүхдийн дунд суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тун цөөн байдаг. Тэгсэн атлаа тусгай сургуулийн багтаамж маш бага. Олон улсад энгийн сургуульд 10-15 хүүхэдтэй анги байгуулдаг. Манайд ийм анги байдаггүй. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрх хаагдсан гэж болно. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн орчинг маш сайн бүрдүүлэх ёстой. Нэг ангид нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурсан ч Боловсролын газар орчныг нь бүрдүүлж өгөх үүрэгтэй. Нэг дүүргийн гурван xopoo нэг сургуульд харааны бэрхшээлтэй, эсвэл сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцах орчинг бүрдүүлэх зэргээр зохицуулалт хийх боломжтой гэсэн юм.