2008.10.29

Ц.Баярсайхан: Орд газраа ч ашиглах, мөнгөө ч олох ашигтай хувилбар байна шүү дээ

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхантай уулзаж ярилцлаа.
-Эдийн засгийн байнгын хорооны даргаар та томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд юу хийж амжуулав?
-Шинэ УИХ зохион байгуулалтаа хийж, тангараг өргөсний дараа Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдоод ажиллаж байна. Өнөөдөр эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа гол асуудал бол Төрөөс мөнгөний бодлогын талаар 2009 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл байгаа. Хэлэлцэх эсэх асуудлыг нь байнгын хороон дээр шийдвэрлэсэн. Өнөөдрөөс Засгийн  газрын мөрийн хөтөлбөр гишүүдийн гар дээр тараагдаж эхэлж байна. Энэ долоо хоногоос мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж эхэлнэ. Мөн 2009 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцэж эхэлнэ. Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэхээр  төлөвлөгдөж байгаа бусад асуудлын дотор Ашигт малтмалын хуулийн нэмэлт, өөрчлөлт, ипотекийн зээлийн хууль, хадгаламжийн даатга-лын хууль зэргийг нэрлэж болох юм. Зарим хуулийн төслийг Засгийн газар татаж авсан. Ойрын хугацаанд өргөн баригдах байх гэж бодож байна. Ямар ч байсан энэ он дуустал хэлэлцэх асуудал ихтэй, нэлээд ачаалалтай байх  ийм дүр зураг харагдаж байгаа.
Түүнчлэн тодорхой зарим асуудлаар Эдийн засгийн байнгын хороо ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Тухайлбал, төрөөс  мөнгөний бодлогын талаар 2008 онд баримтлах үндсэн  чиглэлийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг гараад ажиллаж байна. Мөн нефтийн зарим ордууд дээр Аюулгүй байдал гадаад бодлогын  байнгын хороотой хамтарсан ажлын хэсэг гарч ажиллалаа. Эдгээр ажлын хэсгийн дүнг ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөж байна.
-Дэлхийн эдийн засгийн хямрал улс орон даяар тархаж байна. Дээр нь зэсийн үнийн уналт. Энэ хүнд байдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-АНУ дахь ипотекийн чанаргүй зээлээс улбаалсан санхүүгийн томоохон хямрал Европыг дайран Азид нөлөөлөн дэлхийн нийтийн санхүүгийн хямрал болох шинж төрхөө аль хэдийнэ олсон. Улс болгоны төр засгаас энэ хямралыг хэрхэн даван гарах, санхүүгийн хямралыг эдийн засгийн хямрал болгохгүйн тулд томоохон арга хэмжээнүүд авч эхэлж байна. Гэсэн хэдий ч энэхүү хямрал нь дэлхийн голлох эдийн засгийн өсөлтийн сааралт, хөрөнгийн зах зээлийн сүйрэл, түүхий эдийн үнийн уналт зэргээр дамжин санхүүгийн гэгдэх тодорхойлолтоос хальсан хямрал байж болзошгүй төлөвтэй байна. Энэ хямрал нь мэдээж гадаад худалдаа, хөрөнгийн урсгалаар дамжин манай улсад тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь ойлгомжтой.  Тиймээс энэ нөлөөлөл нь ямар байдлаар Монголд тусах вэ, энэ нөлөөллийг яаж  багасгах, хямралын үйлчлэх хугацааг аль болох богино байлгах ийм чиглэлүүдээр холбогдох байгууллагууд ажиллаж эхэлж байна. Ялангуяа санхүүгийн системд төвөгтэй байдал үүсэх хандлага гарч болзошгүй байгаа юм. Угаасаа ч хямралыг илэрхийлэгч гол хэмжүүр нь санхүүгийн сектор байдаг.  Үүн дээр Монголбанк санаачилга гаргаж тодорхой алхмуудыг хийх байх, Засгийн газраас ч тодорхой болзол бүхий арга хэмжээ авах ёстой гэж бодож байна. Хямрал ямар хэлбэрээр хэрхэн яаж нөлөөлөх вэ гэдгийг урьдчилан хэлэхэд төвөгтэй. Ямар ч байсан Монголын зах зээл дээр ажиллаж буй гадны компаниудын хувьцааны үнэ ханш огцом уналаа, зэсийн үнийн уналт нь улсын төсөв болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн орлогод нөлөөлөх нь зайлшгүй боллоо.
-Тэгвэл хямралаас урьдчилан сэргийлэх ямар арга байна гэж бодож байна?
-Ер нь хямрал зайлшгүй нь ойлгомжтой болсон. Харин хямралаас аль болох бага хохиролтой л гарах талаар бодох хэрэгтэй болж байна. Гадаадад байршуулсан санхүүгийн тодорхой активуудыг эрсдэлд оруулахгүй байх талаар манай банк болон санхүүгийн байгууллагууд арга хэмжээ аваад эхэлчихсэн гэж ойлгогдож байгаа. Зээлийн эх үүсвэр,  банкуудын тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд бас бодлогын чанартай арга хэмжээ авах ёстой. Банкуудын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд Монголбанк тодорхой арга хэмжээ авах байх гэж бодож байна. Гэвч инфляци өндөр байгаа өнөөгийн нөхцөлөө эн тэргүүнд харгалзах шаардлагатай болов уу.  Үнийн өсөлтөд нийт эдийн засаг, хүн ард минь ялангуяа, бага орлоготой иргэд минь нэрвэгдэж байна шүү дээ.
Манай орон импортоос ихээхэн хамааралтай. Импортын зарим бүтээгдэхүүний хангалтыг сайжруулах, үүний тулд биднээс хамаардаг дэд бүтэц, бараа тээврийн урсгалыг сайжруу-лах чиглэлээр арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа. Ер нь хямралаас урьдчилан сэргийлэх, аль болох хямралын хор холбогдлыг бага байлгахын тулд бодлогын шинжтэй зүйлүүдийг анхаарч үзэх ёстой юм.
2009 оны төсвийг хэлэлцэх үедээ их бодитой хандах  ёстой гэж үзэж байгаа. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэлээн хэмжээгээр буурлаа. Тиймээс зэсийн үнээс хамаарч  Монгол Улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн орлого бас буурах нь ойлгомжтой болж байна.
Мөн нефтийн бүтээгдэхүүний үнэ ч буурч байгаа. Энэ хоёрын үнэ хоёулаа буурч байгаа нөхцөлд эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл нь арай эерэг байх болов уу. Хэрэв зэсийн үнэ буураад нефтийн үнэ өсөх юм бол эдийн засагт нэлээн хэмжээгээр хүндрэл учрахаар байна. Тиймээс төсвийн тухай хуульдаа бид зардлыг аль болох оновчтой болгож орлогоо зөв тооцоолох ийм бодлогыг хийх ёстой гэж бодож байна.  Ер нь энэ хямрал биднийг төсвийн илүү ухаалаг, алсаа харсан төлөвлөлт рүү түлхэж байгаа бөгөөд энэ нь хямралын эерэг үр дагавар байх учиртай.
Төсвийн зардлаа хумьж, оновчтой болгон, зэс, алтны үнэ орлогын байдалтайгаа  хөрөнгө оруулалтаа холбох тодорхой хувилбартайгаар ч төсвөө баталж болох юм.
-Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт орно гэсээр хоёр парламентын нүүр үзэж байна. Энэ парламентын хугацаанд энэ хуульд өөрчлөлт орж амжих болов уу, Яагаад удаад байгаа юм бол?
-Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал өнгөрсөн хаврын чуулганаар нэлээн яригдаж байгаад шийдэж чадаагүй. УИХ-ын даргын захирамж гарч, энэ нэмэлт, өөрчлөлт хийх хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулагдсан. Одоо эцсийн хэлэлцүүлгийн шатанд шийдвэрлэх нэмэлт өөрчлөлт хүлээгдэж байна. Стратегийн томоохон ордуудын өмчлөлийн харьцааг зохицуулсан хэсэг, мөн ашгаас авах татварын хувь хэмжээг тогтоох ийм зүйлүүд дээр нэгдсэн ойлголтод хүрч чадаагүйгээс хүлээгдэж байгаа юм. Миний хувийн байр суурь бол Ашигт малтмалын тухай хуулийг энэ стратегийн ордуудаас үл хамаарсан байдлаар бодлогын түвшинд эцэслээд хурдан шийдэх ёстой  гэж бодож байна. Цөөн тооны томоохон ордоос хамаараад бүхэл бүтэн салбар хүлээлтэд орчихоод байна шүү дээ. Бид асар их цаг хугацаа, боломж, магадгүй түүхэн боломжийг ч алдаж байх шиг байна. Санхүүгийн энэ хүндрэлийг урьдчилан харсан бол, томоохон ордуудын бүтээн байгуулалт эхэлчихсэн байсан бол гадаад, дотоодын хөрөнгө санхүү эдгээр төслүүд рүү чиглэгдэх байсан байж болох юм. Харин стратегийн ордуудын хувьд хэрхэх вэ гэдгээ цаг алдалгүй шийдвэрлэмээр байна. Түрүүнд дурдсанчлан дэлхий дахинд болж буй санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэх нэг томоохон арга хэмжээ бол Монгол Улсын хэмжээнд томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Сонгуулийн амлалтаа хэрэгжүүлнээ л гэж байгаа бол том ордуудаа эргэлтэнд оруулахаас өөр арга үгүй. Монголдоо ч, хөрөнгө оруулагчдадаа ч ашигтай тийм хувилбарыг олох хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл өгч чадвал эрсдэлд орохоос эмээгээд байж байгаа тэр хөрөнгө оруулагчид  Монгол руу хөрөнгө оруулалт хийх бололцоотой болох юм.
Оюутолгой, Тавантолгой гэх мэтийн томоохон ордыг эргэлтэд хурдан оруулах ёстой юм. Өнөөдөр Оюутолгойн  ашиглалтын лицензийг "Айвенхоу Майнз" компани эзэмшдэг гэж ойлгож байгаа. Мөн үүн дээр дэлхийн хэмжээний томоохон уул уурхайн компани болох "Рио тинто" орж ирэх байх.
Харин Тавантолгойн хувьд лиценз нь Монгол Улсад зуун хувь байна гэж үзэж болохоор байна. Тиймээс үүн дээр арай өөр хувилбарыг ярих ёстой. Сая УИХ-ын намрын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ "Эрдэнэт" үйлдвэр дээр хэрэглэсэн аргыг хэрэглэвэл яасан юм гэсэн санал хэлж байна лээ. Ийм саналыг ч бас УИХ-аас томилогдсон ажлын хэсэгт орж ажиллаж байх үед хөрөнгө оруулагчидтай ярилцаж  байсан. Хөрөнгө оруулагчид ч бас байж болох хувилбар гэж байв. Одоо Таван толгойн орд дээр   орон нутгийн 51 хувийн өмчлөлтэй компани үйл ажиллагаа явуулдаг. 1980-аад оны сүүлчээр энэ компани нь жилдээ 140-өөд мянган тн нүүрс олборлож, говийн гурван аймагт борлуулалт хийдэг байсан. 1990-ээд оноос хойш зөвхөн Өмнөговь аймгийн хэмжээнд хориод мянган тн нүүрс борлуулж байсан. Тэгэхэд миний бие аймгийн тэргүүн дэд дарга, өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байлаа. Тэр үед 51 хувийг орон нутгийн өмчлөлд авч үлдсэн юм. Өнөөдөр "Тавантолгой" компани нүүрсээ нэг тонныг нь 25 доллараар газар дээр нь зарж байна. Тэгэхээр Тавантолгойг шийдэх бэлхэн нэг хувилбар нь энэ юм биш үү гэж бодогдоод байгаа юм.
Өөрөөр хэлбэл Тавантолгой бол төрийн өмч, Монголын ард түмний өмч. Энэ нүүрсийг ашиглая гэвэл тонныг нь тодорхой мөнгөөр ашиглах хэмжээндээ худалдаж авна. Тэгээд тэр нүүрсээ боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн хийх, экспортлох энэ эрх нь тэр хөрөнгө оруулагчдадаа үлдэг. Харин Таван толгой дээр хөрөнгө оруулагч орж ирэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд дэд бүтцэд нь төр давуу эрхтэй оролцох ийм хувилбарыг түргэн хугацаанд шийдэх ёстой. 2008 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам "Эрдэнийн хувь", МАХН "Эх орны хишиг" 1.5 сая төгрөгийг иргэн бүрт олгоно гэсэн байгаа. Энэ амлалтуудаа хэрвээ хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа бол мэдээж хөрөнгө санхүүгийн эх үүсвэр байх ёстой. Одоо тэр мөнгө нь бий болоогүй байна. Энэ мөнгийг бий болгох арга замыг дээр нь энэ орд газраа ашиглах ашигтай хувилбар нь энэ болов уу гэж бодож байна. Тухайлбал "Эрдэнэт" улс орны хөгжилд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ. Ийм том хэмжээний ордыг босгож чадах юм бол санхүүгийн хямралаас ч зайлсхийх, дээр нь Монгол Улс хөгжих гарааны том нөхцөл бүрдэх юм. Тиймээс энэ онд багтаагаад хоёр ордыг ашиглах эрх зүйн үндсийг бүрдүүлэх яриа хэлцлийг цаг алдалгүй хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Манай Засгийн газар Дэлхийн банктай хамтран эдийн засгийн томоохон уулзалтыг хийлээ. Дэлхийн банкны эдгээр мэргэжилтнүүд бидэнд юу гэж зөвлөсөн бэ?
-Тиймээ. Их сонирхолтой чуулга уулзалт боллоо. Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, уул уурхайн хэтийн төлөвийн талаар сургамжтай зүйл нэлээн ярилцлаа. Дэлхийн санхүүгийн хямрал болж байгаа энэ үед уг чуулган болсон нь сургамжтай зүйл болох байх. Ашигт малтмалын үнэ өндөр байхад тодорхой хэмжээгээр байгуулсан сангуудын хөрөнгийг зөв зүйтэй зарцуулах нь зүйтэй гэсэн ийм зүйлийг бусад улсын туршлагад тулгуурлан ярьсан нь их сонирхол татлаа. Байгалийн баялаг ихтэй зарим улс орон түүнийгээ зөв ашиглан хөгжиж чадаж байхад зарим нь чадахгүй байгаа тэр түүхэн сургамжийг анхаарах ёстой л гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.