Д.Ганхуяг: Хариуцлагатай байх үүднээс хуулийн төсөл боловсруулсан
Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Хуулийн төслийн талаар түүнээс зарим зүйлийг торууллаа.
-Хуулийн төслүүдэд яг ямар өөрчлөлт оруулж байна вэ?
-Засгийн газраас шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтвортой байлгах зорилгоор олон бодлого хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, нөөцийн хэмжээ 40 хоног байсныг 60 болгон нэмэгдүүлсэн. Мөн шатахууны гааль, онцгой албан татварын салбарын онцлогийг харгалзан ялгавартай тогтоон хэрэгжүүлж байна.
Нөөцийн хэмжээ 40 хоног байсныг 60 болгон нэмэгдүүлсэн.
Эдгээр арга хэмжээний хэрэгжилтийг хангуулахад шатахууны худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаар нь ялгаж бүртгэлжүүлэх, шатахуун импортлогчид, бөөнөөр болон жижиглэнгээр борлуулагчдад тусгай зөвшөөрөл олгодог, түдгэлзүүлдэг, цуцалдаг, захиргааны хариуцлага тооцдог болгох шаардлагатай байна. Одоогийн хуулиар шатахууныг зөвхөн бөөнөөр худалдаалахад тусгай зөвшөөрөл олгож байгааг өөрчлөн шатахууны импорт, бөөний болон жижиглэнгийн худалдааг цогц байдлаар авч үзэн ганцхан тусгай зөвшөөрөл олгож байгаа. Энэ нь стратегийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа хэр нь тусгай зөвшөөрлийг нь хураах гэсэн заалт юм. Үүнээс өмнө захиргааны арга хэмжээ авах шаардлагатай байна гэдэг үндэслэлээр уг хуулийн төслийг өргөн барьж байна.
-Бөөний жижиглэнгийн үнэ нэг дор төвлөрөх нь ямар давуу талтай вэ?
-Хэрэглэгчид, аж ахуйн нэгж аль алинд нь хэрэгтэй. Бөөний зах зээлийн зарчмаар явж байгаа учраас компани ашгийнхаа тайланг гаргахад жижиглэн нь ашиг багатай байвал, зардлаа нөхөх тэнцвэрийг харж төсөл өргөн мэдүүлсэн.
-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барихын өмнө импортлогч нартай хэрхэн санал солилцсон бэ?
-Харилцан хариуцлагатай байя гэдэг үүднээс хуулиа тодорхой болгох шаардлагатай байгаа. Хууль зөрчихгүй бол хариуцлага тооцохгүй шүү дээ.