Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан:  Барилга хот байгуулалтын салбарын  эрх зүйн орчинг сайжруулна
2012.08.22

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: Барилга хот байгуулалтын салбарын эрх зүйн орчинг сайжруулна

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан яам, харьяа газар, агентлагийнхаа үйл ажиллагаатай танилцлаа. Энэ жил газрын харилцаа геодези зураг зүйн салбарт 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдсан бөгөөд энэ хөрөнгөөр Үндэсний орон зайн мэдээллийн төв байгуулах шаардлага бийг тус салбарынхан сайддаа хэлж байв. Хот байгуулалтын хүрээнд бүх аймгийн төвийг улсын зэрэглэлтэй хот болгох хэрэгтэй. Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсанаас гадна 40 гаруй сумын ерөнхий төлөвлөгөөг шинэчилжээ.

100 мянган орон сууц хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 75 мянга, бүсийн тулгуур төв болон аймгийн төвүүдэд 25 мянган айлын орон сууц барьж байгуулах тухай гээд салбарынхаа хийж хэрэгжүүлсэн, цаашид  хийх ажлаа танилцууллаа.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “ Шинээр томилогдож ирээд та бүхэнтэй уулзаж ярилцаж байна. Юун түрүүнд салбарын эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллана. Дотооддоо барилгын материал үйлдвэрлэлийг дэмжих, уламжлалт барилгын материалын оронд дулааны алдагдал багатай шинэ технологи нэвтрүүлэх нь чухал юм. Барилгын салбар бол  арилжааны банкны зээл дээр явдаг, улирлын чанартай онцлог салбар. Тиймээс энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн нийгмийн асуудал анхаарлаа хандуулах ажлын нэг байх болно. Энэ мэт дурьдвал эрх зүй, зохион байгуулалтын хувьд хийх ажил олон байна” гэж хэлэв.

Яамны хамт олонтой уулзсаныхаа дараа сайд Ц.Баярсайхан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа геодези зураг зүйн газар, Орон сууц санхүүжилтийн корпорацийн ажил байдалтай танилцав. Газрын харилцаа геодези зураг зүйн газрынхан өөрсдийн эрхэлж буй ажлаа тайлбарлаж бас иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулдаг асуудлаа ч ярив. Экспертизийн алба удаан хойрго ажилладаг гэсэн гомдлыг иргэд тавьдаг ч яг үнэн хэрэг дээр газар олголт нь бүрэн шийдэгдээгүй, эсвэл дөнгөж захирамж гарсан  даруйд газар ухдаг зэргээс асуудал үүсдэг тухай тус газрынхан хэллээ. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод дээрхтэй  адил зөрчилтэй 70 гаруй барилга байсан бол энэ жил 100 болж нэмэгджээ. Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан иргэдэд аль болох чирэгдэлгүй ажиллахыг шинэ хамт олноосоо хүсэв.

Орон сууц санхүүжилтын  корпорацийнхан байгуулагдсан цагаасаа хойш хэрэгжүүлсэн ажлаа салбарын сайддаа дуулгалаа. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 40 мянган айл хөтөлбөр, төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууц хөтөлбөрийг тус корпораци зохион байгуулж хэрэгжүүлээд байна. Төрийн албан хаагчдад зориулсан 4000 айл хөтөлбөр үр дүнтэй арга хэмжээ болсон гэж Ж.Алдаржавхлан мэдээлэв. Энэ жил Засгийн газрын 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна. Иргэдийг орон сууцжуулахын тулд Орон сууцны банк байгуулах шаардлагатайг онцоллоо. Орон сууцны банкинд Засгийн газраас баталгаа өгчихвөл хөрөнгө босгох эх үүсвэр бий болж улмаар энэ ажил эрчимжих юм гэж үзэж байна.

Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “1996-2000 онд Ардчилсан нам парламентад олонхи байхдаа орон сууц хувьчлах бодлого явуулсан. Энэ нь орон сууцны зах зээлийг хөгжүүлэх олон хүний  амьдралд тустай зүйлийн эхлэл болсон юм. Өнгөрсөн жилүүдэд 40 мянган айл, 4000 айлын хөтөлбөр хэрэгжүүллээ. Иргэдээ ажил орлоготой байлгавал орон сууц авах хүсэл, эрэлт хэрэгцээ их байна.  Тэр  ч утгаараа засгийн газар Хөдөлмөрийн яам байгуулсан. Тус яам энэ салбарт ажиллах хүмүүсийг бэлдэж ингэснээрээ хамтдаа ажил урагшлах учиртай. 6 хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлж, орон сууцны салбарт хямд төсөр эх үүсвэр олох нь зүйтэй. Аймаг орон нутагт орон сууц барих ажлыг эрчимжүүлэх  ёстой. Орон сууцны банк байгуулна гэсэн та бүхний саналыг дэмжиж байна.  Ойрын үед барилгын компаниудын ажил байдалтай газар дээр нь очиж танилцана” гэж хэллээ.

Орон сууц санхүүжилтын корпораци жилийн 6 хувийн хүүтэй 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Одоогийн байдлаар тус хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргасан иргэдээс зээлийн журмын шаардлага хангасан 3026 иргэний материалыг хүлээн авч Төрийн банкинд хүргүүлжээ. Нийт 351 иргэнд 13,9 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэр гарснаас 271 зээлдэгчийн 10,1 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банк олгосон байна.

100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн схемийг гаргахдаа хоёр байгууллагын оролцоотой байхаар шийдвэрлэжээ.  Хэрэв арилжааны банкнуудад эрхийг нь бүрэн өгсөн бол өөрсдийн барилгын компаниудад түлхүү зээл олгох гэх мэт хүндрэл гарах байсан. Тиймээс тодорхой хяналт, шүүлтүүр оруулах хэрэгтэй тул эхний тодорхойлолтыг ОССК гаргаж байхаар тогтсон тухай мэдээлэв. Цаашдаа шинэ Засгийн газар нийлүүлэлтийн тал дээр анхаарч хямд эх үүсвэртэй барилгын төслийг хэрэгжүүлэх шаардлага бий гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.