Засгийн газраас санаачилсан хуулийн төсөл дэмжигдсэнгүй
УИХ-ын чуулганы хуралдаан
2013.01.11

Засгийн газраас санаачилсан хуулийн төсөл дэмжигдсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.  Энэ хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ж.Батзандан гишүүн танилцуулсан юм.  

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин

Хууль зүйн байнгын хороо 2013 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйл буюу 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийг Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгч болон тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн өргөн мэдүүлсэн танхимын тэргүүнийг Ерөнхийлөгч гурван жилийн хугацаагаар томилж, тухайн шүүхэд нэг удаа улируулан томилж болно гэж өөрчлөн найруулах, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангахад шаардагдах нэмэлт зардлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4 дэх заалтад заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэх ажлыг 2013 оны 01 дүгээр сард багтаан гүйцэтгэхийг Засгийн газарт үүрэг болгосугай.” гэсэн 2 дугаар зүйлийг хасч, энэ заалтыг УИХ-ын тогтоолын төсөл хэлбэрээр боловсруулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь  дэмжсэнийг Ж.Батзандан гишүүн дуулгалаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл буюу

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн “Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэснийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй юм байна.

Байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулж гишүүдээс гарсан санал тус бүрээр санал хураалт явуулж, олонхийн санал авсан эсэхээр нь бүлэглэн томъёолж нэгдсэн хуралдаанд оруулж байгаа аж.

Ингээд байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналуудын томъёоллоор санал хураалт нэгбүрчлэн явуулахад, гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, А.Тлейхан нар  зарим тодруулга хийж байсан юм.  Гишүүд байнгын хорооны саналыг мөн дэмжсэн бөгөөд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороо руу шилжүүлж буйг УИХ-ын дарга З.Энхболд  хэллээ.

Дараагийн хэлэлцсэн асуудал нь  Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай байв. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцуулж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын  гишүүн Ц.Цолмон  танилцууллаа.  

Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиар төрийн нууцын жагсаалтыг нарийвчлан баталдаг бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нийт жар шахам мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, ажиллагааг төрийн нууцад хамаарахаар хуульчилсан юм байна.  Үүнээс цаг үеийн шаардлагыг харгалзан зарим нэг баримт бичиг, мэдээг төрийн нууцын жагсаалтаас гаргах шаардлагатай байгаа аж.

БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан асуулт асууж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан санал хэлж байлаа. Тэрээр төр иргэдээсээ нуудаг, хаадаг бус бодит мэдээллийг олон түмэнд зарлах цаг нь болсон, үүнд шинэчлэлийн Засгийн газар санаачлагатай байх хэрэгтэй гэж байсан.

Эцэст нь, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулъя хэмээн УИХ-ын дарга З.Энхболд хэлж, санал хураахад уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх нь  дэмжигдсэнгүй, ердөө нэг саналаар уналаа. Шинээр мөрдөгдөж байгаа Дэгийн тухай хуулиар бол энэ тохиолдолд, хууль санаачлагч тухайн хуулийн төслийг дахин өргөн барихаар тусгагдсан юм байна.