Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.01.02

Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 101 жилийн ойд зориулж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ард түмэндээ хандаж хэлсэн үг

Арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж Монгол Улсын тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарласан түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсад Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөсний 100 жилийн ойг 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр /Үндэсний эрх чөлөөний өдөр/ орон даяар тэмдэглэхээр болсон.

Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 101 жилийн ойд зориулж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ард түмэндээ хандаж хэлсэн үг

XX зууны эхэн үед Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж, улс төр эдийн засгийн хувьд бие даан орших туурга тусгаар улсаа дахин сэргээн мандуулсан юм. Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх энэхүү хувьсгалыг ухаант мэргэн дээдэс маань удирдаж, улс монголынхоо төлөө цохилох зүрхтэй түмэн олон маань түрэн дэмжжээ. Цаг түүхийн товчоонд “Монголын цагаагчин гахай жилийн хувьсгал” хэмээн нэршин үлдсэн энэ хувьсгалын ач буянаар хоёр зуу гаруй жилийн турш харийн эрхшээлд байсан Монгол Улс тусгаар тогтносон билээ.

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрийн их ёслолыг гүйцэтгэн, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаанд өргөмжилж, таван яамнаас бүрдсэн Монгол Улсын Засгийн газрыг байгуулжээ. Чухамдаа XX зууны Монголын түүхийн олон үйл явдал нь “цагаагчин гахай жилийн хувьсгал”-ын үр дүнг бодитой хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Олноо өргөгдсөн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаатай салшгүй холбоотой байдаг.

1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтнож, төр улсаа сэргээн тунхаглаж буйгаа дэлхий дахинд албан ёсоор зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ.

 

Энэхүү түүхэн хувьсгал нь ухаант дээдсийнхээ оюунаа чилээж, амиа зольж олсон тусгаар тогтнолоо сахин хамгаалах үндэсний ухамсрыг сэргээсэн юм. Түмэн олны тархинд сууж, зүрхэнд шингэсэн тэр ухамсарт сэтгэлгээ 1921 оны ардын хувьсгалын суурь болж, тусгаар тогтнолоо батлан хамгаалах баатарлаг тэмцэлд зоригт хөвгүүдээ уриалан дуудсан билээ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал бол эх орныхоо тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх төдийгүй Монгол улсаа дэлхийн улс гүрнүүдтэй хөл нийлүүлэн урагшлах зөв хөгжлийн замд оруулахын төлөөх тэмцэл байсан юм.

Өнөөдөр Монгол түмнийхээ итгэлийн хүлээж байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газар Монгол хүнээ, Монгол эх орондоо хүн шиг сайхан амьдруулах, Монгол орноо дэлхийн хөгжлийн энд хүргэхийн төлөө чармайн ажиллаж эхлээд байна. Бид хүнд суртал, авлига, хээл хахуулиас ангид, эрх чөлөөтэй, өндөр хөгжилтэй, тунгалаг нээлттэй төрийг цогцлоохын төлөө байна. Бид Монгол хүнээ эрхэмлэн дээдэлсэн ардчилсан төрийн жишигт дүйцэх тэр тогтолцоог бий болгохын тулд болж бүтэхгүй бүхнээ шинэчилж, өөрчлөх цаг болсон. Энэ бол засаглалын муу муухайг хувьсгаж, сайн сайхныг дархлах бүтээлч  шинэчлэл байх ёстой. Тийм бүтээлч шинэчлэлийн түүчээ нь Шинэчлэлийн Засгийн газар байх болно.

Энэ ертөнцөд алдар суугаа дуурсгаж явсан хүчирхэг дээдсийнхээ буурийг сахиж, нэгэн цагт алдагдсан тусгаар тогтнолоо дахин сэргээн мандуулсны 101 жилийн ойгоо тэмдэглэн суугаа Элэг нэгт Монголчууд та бүхэндээ энэ бахархалт өдрийн мэндийг өргөн дэвшүүлье! Их хөгжлийн гараан дээр ирээд байгаа Монгол эх орон минь цэцэглэн хөгжих болтугай!

Монголын иргэн бүр, айл өрх бүр аз жаргалаар дүүрэн байх болтугай! Бидний Монгол орон үүрд мандан бадраг!