Хүүхдийн эрх ашгийг дээдлэхийн тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хэрэгтэй байна
Сүүлийн үед хүүхдийн амьд явах эрхийг илт зөрчсөн, маш эмгэнэлтэй хэрэг гарч байна. Үүний нэг жишээ нь, Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн хажууд баригдаж байгаа барилгын кран унаж, гудамжинд ээж, эгчтэйгээ хөтлөлцөөд явж байсан охиныг дарж амь насыг нь егүүтгэлээ. Энэ бол дэндүү гэхэд дэндүү харамсалтай хэрэг. Талийгаач охины аав Батсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нарт ил захидал илгээжээ. Энэ талаар болон ажлаа аваад юу хийж байгаа, хүүхдийн байгууллагад ямар шинэчлэл хийж буй тухай Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяатай ярилцлаа.
-Та сар гаруйн өмнө энэ ажлыг авсан. Энэ хугацаанд юу хийв. Ямар шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Хүүхдийн гэсэн тодотголтой газар болгон үгүй болсон. Энэ таны хараанд өртсөн нь ажиглагдлаа?
-Тийм ээ. Энэ хариуцлагатай ажлыг аваад сар гаруй болж байна. Хийх ажил их байна, орвонгоор нь эргүүлэх зүйл ч их байгаа. Хамгийн эхнийх нь хүүхдийн гэсэн тодотголтой бүхэн устсан байна. Тэднийг буцааж авах, сэргээх гэхчлэн ажиллаж байна. Хүүхдийн паркийг гэхэд л зочид буудал, баар, хоолны газраар дүүргэхгүйн тулд олон хүчин зүйлтэй тулгарах бололтой.
Олон хүн надад энэ асуудлыг хүүхдүүдэд ашигтайгаар шийдүүлэн “Дисней лэнд” шиг болгож өгөх санал тавьж байна. Хүүхдийн паркийг хуучин талбайгаар нь авч, хүүхдүүдээ тоглуулах, алхуулах, зугаацуулах хүүхдийн ертөнцөд нь байлгаж чадах ганц “эрүүл” газартай болгож өгөхийг тэд хүсч, шаардаж байгаа. Хүүхдүүд өнөөдөр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар байтугай гэрийнхээ ойр тоглох, наадах ч алга дарам газаргүй болтлоо булаагдсан байна.
Үндсэндээ хүүхэлдэйн театраас өөр хүүхдэд зориулсан гээд нэрлэчих газар алга. Энэ бүхэн бид хүүхдэдээ хэр их анхаарч ирсний баталгаа гэхэд хилсдэхгүй. Бид төрийн бус байгуулагынхантай хамтран ажиллаж байж үр дүнд хүрдэг. Тиймээс тэдэнтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Маш үнэ цэнэтэй санал хэлж, цаашид ажиллах зорилго зорилтыг тодорхойлоход түлхэц боллоо.
-Таны бодлоор Монголд хүүхдийн эрхийг дээдлэх, тэднийг хамгаалах хууль эрх зүйн орчин хэр хангалттай байна вэ?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрхтэй хэмээн тунхагласан. Гэвч өнөөдөр өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа гэмт хэргийн тоо, хариуцлагагүй байдлаас үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох үзэгдэл газар авч, монгол хүн эх орондоо амьд явах баталгаагүй болсон нь үнэхээрийн эмгэнэлт явдал гэмээр.
Ялангуяа гэмт хэрэг, гэмт үйлдлийн золиос болж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийг дээдлэх хуулийн заалт дэндүү хязгаарлагдмал байгаа нь энэ хуулийн хүч сул байгаагийнх. Монголд Хүүхдийн эрхийг хамгаалах хууль бий. Харамсалтай нь ийм хууль байдгийг бизнесийн байгууллага, хэн хүнгүй мэддэггүй юм шиг санагдсан.
Энд хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалахад энэхүү хууль үйлчилнэ гэж заасан боловч өнөөдөр Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилтийг хангуулах эрх зүйн орчин дутуу дулимагаас энэхүү хуулийг хэрэгжүүлэгч талуудын үүрэг оролцоо хангалтгүй, хариуцлага хүлээх, хүлээлгэх тогтолцоо байхгүй байна гэж хэлж болно.
Нөгөөтэйгүүр хүүхдийн эрх ашгийг дээдэлсэн төрийн бодлого, олон нийт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүүхдийн эрх ашгийг хангахад чиглэсэн бодлого хөтөлбөр хангалтгүй байгаа нь үнэн. Иймээс Монгол Улсын бүх аж ахуйн нэгж, байгуулагуудад хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд хангуулах ажлыг санаачлан зохион байгуулах, хүүхдийн эрхийг хамгаалах хүүхдээ дээдлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэдгээ ээж таны өмнө амлаж байна.
-Хүүхдийн эрхийг хамгаалах хууль байсаар байтал тэдний эрх зөрчигдөж, бүр эмгэнэлт байдалд хүргэж байгаа нь юутай холбоотой гэж та боддог вэ?
-Ер нь бүх шатанд ялангуяа иргэдэд хамгийн ойр байдаг төрийн үйлчилгээ, Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон хүүхдийн талаар явуулах төрийн бодлого, хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй Хүүхдийн төлөө үндэсний байгууллагуудын ажлын харилцаа холбоо муу, хариуцлагын тогтолцоо байхгүй байгаа нь хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн шалтгаанд шууд нөлөөлж байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй манай газрын хувьд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, эрх зүйн хэм хэмжээ дутуу дулимаг, тэдний эрхийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажил үйлчилгээг орхигдуулсан, хуулийн хэрэгжилтэд талуудын оролцоо хангалтгүй, үүргээ биелүүлэхгүй орхидог, хариуцлага хүлээх, хүлээлгэх тогтолцоо байхгүй байгааг бүрэн хүлээн зөвшөөрч байна.
Бид өнөөдрийн хууль эрх зүйн хүрээнд бизнесийн болон бусад байгууллагуудад сэрэмжлүүлэг хүргэх төдий л ажиллаж байна. Ядаж л хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн ийм аймшигт үйл явдлын мөрөөр тухайн байгууллагын тусгай зөвшөөрлийг хураах хүртэл арга хэмжээ авдаг болбол хаа хаанаа хариуцлага өндөрсөх ёстой гэж бодож байна.
-Тэгвэл одоо та бүхэн, танай газар дорвитой юу хийх вэ?
-Энэ байдлыг үндсээр нь өөрчлөхийн төлөө иргэд олон нийт, хүүхдүүдтэйгээ хамтран ажиллах болно. Ойрын үед хүүхдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд аж төрөх бүх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө, төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа явуулахдаа хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд бүрэн дүүрэн хангуулахын төлөө холбогдох хууль тогтоомжид яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч нарт хүүхдийн эрх ашгийг эн түрүүнд хамгаалахыг эрхэмлэх чиглэлээр сургалтын хөтөлбөр, гарын авлага бэлтгэж хүргүүлэхээр ажиллаж эхэллээ. Бүх байгууллага, аж ахуйн нэгж аюулгүй ажиллагааны дүрэм журамд хүүхдийг хамгаалах стандартыг тогтоож, түүнийгээ тусган, заавал мөрдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.
Ирэх 12-р сард Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, манай газар хамтран Хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар улсын зөвлөгөөн хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ зөвлөгөөнөөр бид хүүхдийн эрхийг хамгаалах хуулиудад өөрчлөлт оруулах хүүхдийн эрхийг хангах стандартыг тогтоох бодлогын баримт бичгүүдээ хэлэлцэж, боловсруулан УИХ-д хуулийн төсөл болгон өргөн бариулах хэмжээнд гаргана. Энэ асуудал дээр УИХ дахь эсэгтэй гишүүд болон хүн болгон хамтран ажиллана гэдэгт найлдаж байна.
-Саяхан гуравдугаар эмнэлгийн дэргэд краны хоолой унаж, 12 настай охиныг дарж амь насаа алдсан маш харамсалтай хэрэг гарсан. Талийгаач охины аав Батсайхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон танд захидал ирүүлсэн. Талийгаач охины дурсгалд зориулж сан байгуулсан байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ. Энэ хэрэгт хэн буруутай вэ?
-Ер нь энд нэг зүйлийг онцлон хэлэхэд хөдөө, орон нутагт ч аймшигт осол гардаг. Хотод л дуулиан шуугиан нь их болохоор ингэж шуугиад байгаа болохоос. Тэгэхээр хууль эрх зүйн орчныг чангатгахаас өөр гарц байхгүй. Таны асуусан аймшигт хэрэг бол хүүхдийн байгууллагын цаашид ажиллах эмгэнэл боллоо. Хариуцлагаар хариуцагч байх ёстой гэж бодож байна.
Тэгэхээр Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13.6-д заасанчлан “Хүүхдийн хөгжилд хохирол учруулах үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх... гүй байх, мөн хуулийн 24.2-т зааснаар талийгаач охины зөрчигдсөн эрхийн төлөө хууль тогтоомжид заасан журмын дагуу шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргахаар ажиллаж байна. Бид хуультай нийгэмд амьдарч байна. Ардчилсан, эрх чөлөөтэй нийгэм гэдэг нь хууль дүрэм хэрэгждэг тогтолцоо юм.
Юуны түрүүн бид хуулиа өөрчилж, эдийн засгийн хувьд хариуцлага хүлээлгэдэг болгох хэрэгтэй. Энэ бол хамгийн сайн хариуцлага. Хүний амь үрэгдсэнээс бид сургамж авч, дахин ийм тохиолдол гаргахгүй байх ёстой. Нэг удаа цемент шахдаг хоолой унаад хүн дарсан бол энэ эмгэнэлт явдлыг давтуулахгүйн төлөө зохицуулалтыг хийсэн байх шаардлагатай. Энэчлэн бид шинэчлэлийг салбар бүр, албан тушаалтан бүрээс эхлэх хэрэгтэй байна.