Энэ олон хэвлэл, мэдээллийн ард улстөрчид, бизнесийнхэн байгаа
УИХ-аар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.
-Та Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн ажлын хэсэгт багтсан. Сэтгүүлч хүний хувьд энэ хууль аль хэр чамбай, хэвлэл мэдээллийнхэнд ямархуу өгөөжтэй талаар яриагаа эхлэх үү?
-Би энэ хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаагийн хувьд ямар ч байсан сэтгүүлчдэд ээлтэй хууль болно гэдгийг хэлмээр байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгээс сэтгүүлчдэд холбогдох гүтгэлэг, доромжлолын зүйл заалтыг Эрүүгийн хуулиар бус Иргэний хуулиар зохицуулдаг болгохоор ярьж байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр заалтыг өөрчлөхөөр ажиллаж байгаа.
-Үнэхээр гэмт хэргийн статистик, шүүхийн практикаас үзэхэд энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн сэтгүүлчид холбогдон шийтгүүлдэг. Тэгэхээр энэ заалтыг өөрчлөхийг хүлээж байгаа шүү дээ?
-Эрүүгийн хуулийн энэ заалт хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах хүчин зүйл болж байгааг нэлээд судалгаа, олон улсын байгууллагын дүгнэлт харуулж байна. Тиймээс дэлхий нийтийн жишиг хандлага, олон улсын стандартад нийцүүлэн хүний нэр төрийг олон нийтэд гутаан, хохирол учруулсан бол гүтгэх гэмт хэрэгт тооцон, нэр хүндийг гутаасан бол иргэний хэргээр шийдвэрлэгдэх, нэхэмжлэгч этгээд нотлох баримтаа шүүхэд гаргах талаарх зохицуулалтыг орууллаа.
Манай ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүс ажиллаж, энэ чиглэлээр олон жил судалгаа хийсэн судлаачдын саналыг сонсон, гадны ижил төстэй хуульд ямар эрх зүйн зохицуулалтаар шийдвэрлэдэг талаар нэлээд судалсан.
-Ажлын хэсгийн гишүүний хувьд яг энэ заалтаар хэчнээн сэтгүүлч шийтгүүлснийг судалж үзэв үү?
-Тийм ээ. Шийтгүүлсэн 16 сэтгүүлч байдаг.
-Хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлын талаар ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж заасан.
Улсын Их Хурлын 2010 оны долоодугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тоот тогтоолоор батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.4.5-д “Хэвлэл мэдээллийн байгууллагад хуулиар хориглоогүй мэдээллийг эрэн сурвалжилж олж авах, нийгэмд түгээхэд таатай эрх зүйн орчинг бүрдүүлэхээр”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2013 оны бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.2-д “иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах шинэтгэлийн бодлого явуулна” гэж тус тус заасан. Үүнийг үндэслэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.
-Хараат бус байна гэдэг үндсэндээ санхүүжилттэй холбоотой. Гэтэл манай улсын хүн амыг хэвлэл мэдээллийн байгууллагатай харьцуулахад зах зээлээс өөрсдийгөө санхүүжүүлэх боломж багатай санагдах юм?
-Зарим талаар тантай санал нэг байна. Өнөөдөр “МҮОНРТ”, “МОНЦАМЭ”-гээс бусад нь хувийн хэвшилд шилжсэн гэхэд болно. Жишээ нь, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ард улстөрчид, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд байдаг нь олон нийтэд ил болсон. Зарим талаар тухайн хэвлэл мэдээллийн газар ажиллаж байгаа сэтгүүлч хөрөнгө оруулагчийнхаа эрх ашигт нийцсэн мэдээлэл тавих нөхцөл үүсдэг. Яагаад хүн амдаа ихэдсэн телевиз, сонин байгуулагдаж байна гэдэг нь цаанаа өөр агуулгатай. Энэ бүхэн сэтгүүлчийн гол зарчмуудаа баримтлахад нөлөөлдөг гэж үзэж байна.
-Улстөрчид сэтгүүл зүйн салбарыг өөрсдийн мэдэлд байлгахын тулд хуулийн заалт ашигладаг гэдэг. Тэр ч утгаараа өөрсдийн байр сууриа бусдаар илэрхийлүүлчихээд ард нь цэвэрхэн үлддэг. Өөрөөр хэлбэл, хүний гараар могой бариулдаг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Заавал улстөрч хүн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөрөнгө оруулагч байж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй л дээ. Харин хуулиас гажсан, хэн нэгнийг гүтгэж доромжилсон, сэтгүүлчдийг хэт хараат байдалд оруулж, тэр зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ дамжуулж байгаа бол ёс зүйн асуудлыг хөндөх ёстой. Хуульд ёс зүйн заалт оруулах боломж байгаа гэж харж байна. Ялангуяа сонгууль дөхөхөөр хоёр биш бүр гурав дөрөв хуваагдаад хэн нэгний эрх ашиг, аль нэг намын дуу хоолой болоод байна гэдгийг олон сэтгүүлч нөхөд маань хэлдэг л дээ.
Нөгөө талаас сэтгүүлч өөрөө тухайн байгууллагад ажилд орохдоо сэтгүүл зүйн гол зарчмыг хөндөхгүй гэсэн гэрээг ажил олгогчтойгоо хийдэг бол ямар вэ. Үүнд “Монголын сэтгүүлчдийн эвлэл”, “Монголын сонины холбоо”, “Парламентын сэтгүүлчдийн холбоо”, “Телевизүүдийн холбоо” зэрэг төрийн бус байгууллага хяналт тавьж болмоор санагддаг.
Нэг үеэ бодвол хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлгийн бодлогод үнэн зөв мониторинг хийдэг байгууллагууд ажиллаж эхэллээ.
Энэ бол баримттай болж байна гэсэн үг гэж ойлгож болно. Энэ бодит баримт байхад сэтгүүлчдийг ёс зүйн хэм хэмжээнээс хэтэрсэн зүйлд түлхсэн гэдэг үүднээс редакци, удирдлага, байгууллагатай нь хариуцлага тооцож болох талтай гэж харж байна.
-Уг хуулийн төсөл нь УИХ-ын болон, бусад хуультай хэр нийцэж байгаа вэ?
-2011 оны аравдугаар сарын 19-нд Засгийн газраас ирүүлсэн томъёолол, найруулгатай холбоотой саналыг хүлээн авч, хуулийн төсөлд тусгасан. Мөн Үндсэн хуультай нийцэж байгаа бөгөөд Эрүүгийн хууль, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай болон одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан гэж хэлж болно.
Хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаар олон удаа хэлэлцүүлж, олон улсын байгууллагын санал зөвлөмж, гадаад орнуудын туршлагын судалгаа болон Монголын хэвлэл мэдээллийн байгууллага, эрдэмтэн судлаачид, холбогдох мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг авч, тусгасан.