2008.08.05

Ц.Баярсайхан сайд "Гэр санаачилга" төслийнхнийг эргэлээ

Баасан гаригийн үд дунд Нийгмийн хамгаалал хөдөл-мөрийн сайд Ц.Баярсайхан Баянхошууг зорилоо. Тэрбээр энд "Гэр санаачилга" төслийнхтэй танилцсан юм. Баянхошууны шинэ эцэст байрлах "Гэр санаачилга" төслийнхөн ядуурал, ажилгүйдлийг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа аж. "Гэр санаачилга" төслийн Баян-хошууны салбарын дарга Ц.Лхагвасүрэн ярихдаа: -Манай салбар гэр хорооллын иргэд дундаа байрладаг. Гэр хорооллын иргэдийг ажлын байраар хангах, жижиг бизнес эрхлэхэд нь зээл олгох ажил хийдэг. Баян-хошууны гэр хороололд 2600 харилцагчтай. Хөдөлмөрийн бирж зохион байгуулсан.

Ажилгүй иргэдэд сургалт зохион байгуулсан хэмээн сайдад танилцуулав. Баасан гаригт ажилгүйчүүд ажил эрхлэлтийн мэдээлэл авдаг хуваарьтай өдөр гэнэ. Энд арав гаруй хүн ажлын байрны мэдээлэл авахаар ирсэн байлаа. Ч.Нямцэрэн гэдэг охин "Манай ах энд сургалтад хамрагдаад, зээл авсан. Тийм болохоор би энд ирсэн юм" хэмээн ярилаа. Зөвхөн Баянхошууны салбар гэхэд л 50 мянгаас арван сая төгрөгийн зээлийг 300 гаруй хүнд олгожээ. "Бизнесийн эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг нь барьцаалаад зээл олгодог" гэж Ц.Лхагвасүрэн тайлбар-лав. Сарын 2.8 хувийн хүүтэй жилийн хугацаатай зээл олгодог юм байна. Ажилд ороход хүнд байдаг 40 гаруй насныханд бүлэг болж хамтран ажиллахад нь тусалдаг аж. Оёдол, гар урлал хийдэг хоёр ч ийм бүлэг бий болсон гэнэ. Хижээл насны эрэгтэй хүн "Эмч мэргэжилтэй. Группт байгаа. Сахиул хийгээд гэр бүлээрээ буухаар ажил хайж байгаа" гэж сайдад ярив. "Ажлын зар" гүйлгэж харж зогссон Ц.Баярсайхан сайд "Сахиул авна гэсэн байна" хэмээн таарч тэнцэх ажлыг нь дор нь олчхов. "Хөдөлмөр эрхлэлтийн албатай хамтарч ажиллах хэрэгтэй юм байна" гэж сайд зөвлөнө лээ.

"Хүүхдийн мөнгө авдаг хүн байна уу" гэж Ц.Баярсайхан тэнд ирсэн хүмүүсээс лавлана. Дөчөөс дээш насныханд төрөөс анхаарал тавих гэнэ. "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль"-д өөрчлөлт оруулаад, Засгийн газарт өргөн барьсан. Дөчөөс дээш насны хүмүүсийг дахин мэргэшүүлэх сургалтад хамруулах юм" гэж сайд ярилаа. "Нийгмийн хамгааллын чиглэлээр ТББ-уудтай хамтарч ажиллах боломж бий" гэнэ. Төрийн зарим үйлчилгээг ТББ-аар гүйцэтгүүлэх ажил тус яаманд хэдийнэ нэвтэрчээ. "Гэр санаачилга" төслийн Ц.Лхагвасүрэн "Бидний хийж байгаа ажлыг бусдад сурталчлах, гэр хорооллын иргэдэд зөв ойлголт өгөхийг хүсдэг" гэж ярив. Хүмүүс тэднийг гэр өгдөг, буяны байгууллага мэтээр төсөөлөх нь бий. Тэдний өрөөнд Баянхошууны том зураг байрлуулжээ. Эндэхийн бизнес эрхлэгчдийн байршлыг зураг дээрээс харж болох юм байна.
Б.ЭГШИГ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.