2008.05.25

Засаг дарга нар хүүхдийн мөнгийг хүрэх ёстой өрхөд нь хүргэхийн төлөө ажиллах учиртай

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар төсвийн албан хаагчдын цалин хөлсийг 7.5 хувиар нэмэгдүүлэх, хүүхдийн тоог үл харгалзан амьжиргааны Төвшингөөс доогуур орлоготоЙ өрхийн 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 3000 мянган төгрөг олгох, ахмад дайчдад 200 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, шийдвэр гаргажээ. Энэ тухай НХХ-ийн сайд Ц.Баярсайхан, холбогдох албаны хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүд, гурваас цөөн хүүхэдтэй ч амьдрал ахуй нь тааруу айлын хүүхдүүд сар бүр олгодог гурван мянгаас хүртэж чаддаггүй байлаа.

Ийм өрхийн тоо ч олон байдаг тул хүүхдийн тоог үл харгалзан тэтгэмж олгооч гэсэн хүсэлт их гарч байжээ. Тиймээс Засгийн газар Нийгмийн халамжийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах замаар хуулийн төслийн бэлтгэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлэн болгожээ. Өөрчлөлт оруулсан хууль хүүхдийн баяраас эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд зургадугаар сардаа багтаад хүүхдүүд мөнгөө авах боломжтой болох юм. Ингэснээр хүүхдийн тоо 260 гаруй мянгаар нэмэгдэж 600 орчим хүүхэд сар бүр 3000 төгрөг авахаар болох юм. Ядуурлыг бууруулах, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд хүүхдээр нь дамжуулж байгаа мөнгө үр дүнгээ өгч байгаа тул илүү олон буюу 100 мянган өрхийг хамруулах болсон. Энэ нь Засгийн газраас ядууралтай тэмцэж байгаа ажлуудын нэг хэмээн Ц.Баярсайхан сайд онцолж байсан.

Энэ мөнгийг олгоход жил бүр төсвөөс 21 тэрбум төгрөг зарцуулагдахаар тооцоолжээ. Өнгөрсөн сард МҮЭ-үүдийн холбооныхон цалин хөлсийг 20 доошгүй хувиар нэмэгдүүлэх, энэ дагуу гурван талт хэлэлцээр байгуулахыг Засгийн газраас шаардаж цуглаан зохион байгуулсан. Гэвч гурван талт хэлэлцээрийг төсөв төлөвлөгдсөний дараа байгуулахыг тэд хүссэн учир өнөөдөр цалинг 20 хувиар нэмэгдүүлэх боломж байхгүй байгаа ажээ. Ямар ч атугай одоогийн нөөц бололцоондоо тулгуурлан долдугаар сарын нэгнээс төсвийн байгууллагын ажилтнуудын цалинг 7.5 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна. Ингэснээр 5.2 тэрбум төгрөг нэмж шаардагдаж байгаа гэнэ.

Төсвийн байгууллагын ажилтны цалин дунджаар 67-86 орчим мянган төгрөг байгаа. Жишээлбэл, цалин 7.5 хувиар нэмэгдэхэд 60 мянган төгрөгийн цалинтай албан хаагч 4500 төгрөг нэмж авах ажээ. Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг дагаад зарим өрх зохиомлоор ядуурах хандлага бий болсон гэдгийг Ц.Баярсайхан сайд үгүйсгэхгүй байлаа. Тиймээс тухайн орон нутгийн хорооны Засаг дарга өрх бүрийнхээ амьдрал ахуйг нэвт шувт мэддэг байх ёстой. Энэ нь магадгүй өрхийн орлогыг тооцох шинэ аргачлалаас хавгүй илүү байж ч болно. Тиймээс Засаг дарга нар хүүхдийн мөнгийг хүрэх ёстой хүүхэд, өрхөд олгохын төлөө сайн ажиллах хэрэгтэй хэмээн тэрбээр ярьж байсан.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.