Товчхон
- Гадаад харилцааны сайд Л.Болд Япон, Австри, ХБНГУ, Швейцар улсуудад ажлын айлчлал хийв.
- Түүнчлэн Монгол Улс Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад 57 дахь гишүүн орноор элсэн орлоо
- Иргэдэд туслах сангаас 17 сая төгрөгийн тусламжийг зайлшгүй шаардлагатай зарим иргэний ар гэрт олгов.
- Гадаад болон өөрийн иргэдтэй харилцах 6226-2222 дугаарын шууд утасны шугам нээн ажиллуулж эхлэв.
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан Гадаад бодлогын зорилтуудыг хангах, олон улсын тавцан болон бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулган, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Дээд түвшний 16 дугаар уулзалт, АСЕМ-ын Дээд түвшний 9 дүгээр уулзалтад тус тус оролцож Лалын Бүгд Найрамдах Иран Улс, Норвегийн Вант Улс, Шведийн Вант Улсад айлчлал хийлээ.
Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын Дээд түвшний есдүгээр уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхий дахиныг хамарсан асуудлууд”, “Бүс нутгийн асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр тус тус үг хэлсэн.
Эдгээр арга хэмжээн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт дэвшүүлж буй зорилтуудын талаар танилцуулж, тухайн асуудлаарх олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд манай улсын оруулах хувь нэмэр, цаашдын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэв.
Энэ хугацаанд Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно төрийн айлчлал, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуо манай улсад албан ёсны айлчлал тус тус хийв.
Гадаад харилцааны сайд Л.Болд Япон, Австри, ХБНГУ, Швейцар улсуудад ажлын айлчлал хийв. Энэ үеэр тэрээр шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, хоёр талын хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцаа, олон улсын байдлын талаар санал солилцов. Үүнээс гадна Гадаад харилцааны сайд Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын удирдлагатай уулзаж, 2013 оны 9 дүгээр сард Монгол Улсад “Зуны Давос” арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцлоо.
Өнгөрсөн хугацаанд Австралийн Гадаад хэргийн сайд, сенатч Б.Карр, Киргизийн Гадаад хэргийн сайд Э.Абдылдаев, Беларусийн Гадаад хэргийн дэд сайд С.Алейник, Украины Гадаад хэргийн дэд сайд В.Майко, Филиппиний Гадаад хэргийн яамны Эдийн засгийн асуудал хариуцсан дэд сайд Л.Росарио, Сингапурын Гадаад хэргийн яамны байнгын нарийн бичгийн дарга Б.Косикан, Колумбийн Гадаад хэргийн дэд сайд П.Херамильо, Шведийн Гадаад хэргийн яамны Худалдааны Төрийн нарийн бичгийн дарга Г.Оом тэргүүтэй төлөөлөгчид манай улсад тус тус айлчлал хийж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын төр, засгийн удирдлагуудтай санал солилцсон байна. Түүнчлэн, Гадаад хэргийн яамдын зөвлөлдөх уулзалтыг Хятад, Беларусь, Украин, Вьетнам, Унгар, ОХУ, Израиль зэрэг улстай хамтан зохион байгуулав.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд Г.Вэстервэллегийн урилгаар ХБНГУ-д айлчилсан байна.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын найм дахь удаагийн зөвлөлдөх уулзалт улс төрийн газрын захирал нарын түвшинд 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Москва хотноо зохион байгуулав. Энэ жил анх удаа албан ёсны статустайгаар болсон Монгол-Орос-Хятадын гурван талт зөвлөлдөх уулзалт нь цаг хугацааны сорилтыг амжилттай давж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлыг хэлэлцэх зохистой талбар болсон хэмээн талууд санал нэгтэй үзэв.
НҮБ-ын бүх гишүүн улстай дипломат харилцаа тогтоох ажлыг үргэлжлүүлэх хүрээнд Бутаны Вант Улс, Бүгд Найрамдах Панам Улс, Бүгд Найрамдах Кени Улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг УИХ-аар соёрхон батлуулав.
Ингэснээр Монгол Улс одоогийн байдлаар нийт 164 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн дарга орны хувьд Монгол Улс АОХН-ийн Удирдах зөвлөлийн 5 дугаар хуралдаан, НҮБ дахь Ардчиллын бүлгийн Сайд нарын албан бус уулзалт, Ардчилал сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнтэй хамтран “Шинэ тулгар ардчилсан орнуудын сонгуулийн сорилтууд: Ази, Арабын туршлагаас хуваалцах нь” сэдэвт олон улсын семинарыг тус тус зохион байгуулсан. 2013 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо болох АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хурал болон тус хурлын хүрээнд болох чуулга уулзалтуудад бэлтгэх, зохион байгуулах Үндэсний хороог байгуулахаар ажиллаж байна.
Сайд Л.Болд Европын холбооны элчин сайд нартай уулзав.
Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын асуудлаар цөмийн зэвсэгтэй таван гүрэн болох АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ, Франц хамтарсан тунхаглал гаргасан юм. Уг тунхаглалд эдгээр таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай хуулийг сайшааж байгаагаа анх удаа албан ёсоор зарлаж, статусыг зөрчих аливаа үйл ажиллагаанд оролцохгүй, тийм үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ мэдэгдсэнийг НҮБ-ын гишүүн орнууд Ерөнхий Ассамблейн чуулганаас баталсан тогтоолдоо сайшаасан нь чухал ач холбогдолтой байв. Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэггүй бүс болгон зарласны 20 жилийн ойдоо зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг 9 дүгээр сарын 14-нд зохион байгуулсан юм.
Монгол Улс, Европын Холбооны хооронд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлын хүрээнд ЕХ-ны гишүүн орнуудтай хоёр талын түвшинд зөвшилцөж уг хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн болоод байна. Түүнчлэн Монгол Улс Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад 57 дахь гишүүн орноор элсэн орлоо.
Шинэ тутам хувьсан өөрчлөгдөж буй гадаад харилцааны салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, ахмад үеийнхний мэдлэг, туршлагаас хуваалцан суралцах, ДТГ-уудад ажиллах дипломат ажилтнуудыг системтэй бэлтгэх үүднээс Гадаад харилцааны яамны дэргэд Дипломатын Академи байгуулах чиглэлээр ажиллаж байна.
БНАСАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын албан ёсны уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулав. Солонгосын хойгийн асуудлаарх 6 талт хэлэлцээний хүрээнд анх эхэлсэн БНАСАУ, Япон Улсын харилцааг хэвийн болгох ажлын хэсгийн уулзалт хамгийн сүүлд манай улсад 2007 оны 9 дүгээр сард болж байсан билээ.
Гадаад харилцааны сайд Л.Болд БНАСАУ-н төлөөлөгчдийг авч уулзсан.
Монгол Улс энэхүү уулзалтыг өөрийн улсад хийлгэх саналаа холбогдох талуудтай тохиролцож, Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон нь Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад өөрийн зүгээс оруулж хувь нэмэр гэж үзэхийн зэрэгцээ БНАСАУ, Япон Улсын харилцааг хэвийн болгох, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд энэ удаагийн уулзалт тус дөхөм үзүүлнэ гэж үзэж байна.
Хувьсан өөрчлөгдөж буй гадаад ертөнцтэй харилцах, гадаадад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох зорилгоор хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудын байршлыг оновчтой шинэчлэх асуудлыг боловсруулж Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Эл ажлын хүрээнд Индонез, Өмнөд Африк, Бразил зэрэг улсад ЭСЯ нээх, монгол иргэд олноор оршин суудаг Пусан, Истанбул зэрэг хотод консулын төлөөлөл ажиллуулахаар судалгаа хийж эхлээд байна.
Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулснаар хоёр талын иргэдэд олон удаагийн урт хугацааны виз олгох нөхцөл бүрдэж, визийн хураамжаас харилцан чөлөөлөгдөхөөр тохиролцов.
Иргэдэд туслах сангаас 17 сая төгрөгийн тусламжийг зайлшгүй шаардлагатай зарим иргэний ар гэрт олгов. Гадаад болон өөрийн иргэдтэй харилцах 6226-2222 дугаарын шууд утасны шугам нээн ажиллуулж эхлэв.
Монгол-Оросын хилийн боомтуудад хамтарсан мониторинг зохион байгуулав. Энэ ажлын явцад хоёр улсын хилийн боомтуудад харилцан зочилж дэд бүтэц, зам харилцаа, техник, тоног төхөөрөмж зэрэг боомтын үйл ажиллагаа, тохижилттой холбоотой асуудалтай цогц байдлаар танилцаж, боомтуудыг олон улсын жишигт хүргэж, ижил түвшинд хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хооронд нь уялдуулах талаар талуудын эрх бүхий байгууллагад танилцуулах хамтарсан санал, дүгнэлт боловсруулах юм.
Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойг гадаадад сурталчлах олон талт арга хэмжээ авч, уг ойн хүрээнд “Чингис хаан ба даяарчлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг ГХЯ, ШУА, ШУА-тийн Түүхэн хүрээлэнтэй хамтран зохион байгуулав. Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон уг хуралд ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Англи, ХБНГУ, БНСУ, Болгар, Турк, Казахстан, Киргизстан, Унгар, Израиль, Иран, Энэтхэг зэрэг улсын 40 гаруй эрдэмтэд оролцсон билээ.