2008.07.14
Засгийн газар үүцээ задлав
-АХМАД ДАЙЧИД, ТӨСВИЙНХӨН, ХҮҮХЭД, ХӨГШЧҮҮЛД ХУВЬ ХҮРТЭЭХЭЭР БОЛЖЭЭ-
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан өчигдөр Санта өвөөг санагдуулж байв. Ам нээх болгондоо л тэр өгнө, нэмнэ гэснийг нь яана. Засгийн газрын хуралдаанаар мань эр нийгмийн бодлогын таван асуудал оруулж шийдүүлжээ. Дараа нь хэвлэлийн хурал хийж, ирэх сарын нэгнээс эхлэн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой нэг болон хоёр хүүхэдтэй өрхүүд "Хүүхдийн мөнгө" авах болсныг дуулгав. Үүнийгээ тэрбээр "Ядуурлыг бууруулах, хүүхдээр нь дамжуулан өрхийн орлогыг нэмэгдүүлэх Засгийн газрын бодлого" хэмээн тайлбарлав. Хөдөлмөр халамж үйлчилгээний агентлагаас хийсэн судалгаагаар нэмж 260-аад мянган хүүхэд мөнгө хүртэх болзол хангажээ. Хүүхдийн мөнгөнд зориулж жил бүр улсын төсвөөс 21 орчим тэрбум төгрөг зарах юм. "Ядуу өрхийн орлого 3000-100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ" гэж сайд тоо бодов. Түүний сайн мэдээ үүгээр дууссангүй. "Төсвийнхний цалинг долдугаар сарын 1-нээс эхлэн 7.5 хувиар нэмэхээ дуулгав. Засгийн газар тэдний цалинг илүү нэмэх хэрэгтэй гэж үзэж байгаа ч одоохондоо хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байгаа гэнэ. Ахмад дайчдад баяр хүргэе. Тэдэнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор болжээ. 1945 оны чөлөөлөх дайн болон баруун хилийн тулгаралтад орж, эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлаагүй буурлууд маань 200 мянган төгрөг хүртэх юм. Ийм бэлэг авах 2800 ахмад бий гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн 42500 байхаар шинэчлэн тогтоож байна" гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд онцлов. Мөн халамжийн тэтгэврийг 7.5 хувиар нэмсэн аж. Засгийн газар гэнэт ийнхүү бэлэг "бөөндөх" болсны учрыг лавлахад Ц.Баярсайхан сайд: -2005 оны төсөв батлагдах үед батлагдсан арга хэмжээ юм. Хүүхдийн мөнгөний хүрээ өргөжиж байгаа нь ядуурлыг бууруулах засгийн бодлоготой холбоотой хэмээн даруухан тайлбарлав. Засгийн газар өөр бэлэг өгөх болов уу. "Энэ оны хувьд тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс нэмэх асуудал шийдэгдчихлээ. 2006 оны төсөвт тэтгэврийн зөрүүг арилгах талаар төлөвлөж байгаа юм бий" гэж сайд хариуллаа. Эдгээр сайн мэдээ зарим нь Засгийн газрын тогтоолоор, үлдсэн нь УИХ-аар хэлэлцэгдэж шийдэгдэх ажээ. Хүүхдийн мөнгөний дэвтэр хэвлүүлэх зэрэг олон ажил хүлээгдэж байгаагаас яг зургадугаар сарын 1-нээс эхлэн мөнгө өгч амжихгүй болов уу гэж сайд таамаглаж байна. Ахмад дайчдад өгөх буцалтгүй тусламжийн мөнгийг Батлан хамгаалах яамныхан найм, есөн сард ялалтын баяраар өгье гээд байгаа гэж тус яамны мэргэжилтэн хуучилсан.
Б.ЯНЖМАА
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.