“Эрдэнэт”-ийн  цэвэрлэх байгууламж жишиг төсөл болно
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ивэс Делинэг хүлээн авч уулзлаа. /11 сарын 16/
2012.11.19

“Эрдэнэт”-ийн цэвэрлэх байгууламж жишиг төсөл болно

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ивэс Делинэг хүлээн авч уулзах үеэрээ Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн төслийн талаар голчлон ярилцлаа. 

Тус төслийн хувьд БНФУ-ын Засгийн газраас  9,5 сая еврогийн хөнгөлөлттэй зээл үзүүлэх юм.  Мөн манай талаас 2,5 сая еврог төслийн санхүүжилтэнд гаргана.

Төслийг хэрэгжүүлснээр цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нэмэгдэж,  цэвэрлэгээний түвшинг 98 хувьд хүргэх юм байна.

Хамгийн чухал нь Эрдэнэт хотод орон сууц шинээр барих нөхцлийг хангаж, байгаль орчны бохирдол багасна. 

1978 онд ашиглалтанд орсон уг цэвэрлэх байгууламж хоногт 24 мянган куб метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай боловч хүчин чадлаа хэтрүүлж өнөөдөр 30 мянган куб метр бохир ус цэвэрлэж байна.  Засвар үйлчилгээ, технологийн шинэчлэл хийгдэж байгаагүй энэхүү байгууламжийг шинэчлэснээр жишиг төсөл болно гэж хоёр тал үзлээ.

Одоогийн байдлаар Франц Улсаас  тоног төхөөрөмж ирж, манай улсын зүгээс төслийн гэрээнд заасан 4,7 тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсөвт суулгасан талаар уулзалтын үеэр яригдлаа.

Мөн Франц улстай орон нутгийн нийтийн аж ахуйн салбарыг сайжруулахад төдийгүй хот байгуулалтын салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэлэв.

Хот байгуулалтаараа алдартай Франц улсын элчин сайд энэхүү хүсэлтийг талархан хүлээн авч мэргэшсэн хүмүүсийг авчирч ажиллуулахаа амаллаа. Тодорхой асуудал амжилт дагуулдаг. Өнөөдөр Монгол Улс олон улсын анхаарлыг татаж байна. Яг энэ үед ажил урагшаа явна гэж Франц Улсын элчин сайд Ивэс Делинэ хэллээ. Тэрээр  энэ сарын 27 нд зохион байгуулах барилга, барилгажилтын асуудлаархи зөвлөлгөөнд хамтарч ажиллахыг мөн хүслээ.