2009.06.20

Өмнөговьчууд их бүтээн байгуулалтыг хүслээ

"Авсан мэдээллээ сумын хандаа хүргэж, мөн хуваалцаж сум орондоо жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх ерөнхий чиг зураг гарах байх. Нэг талаараа сургалт, нөгөө талаараа зээл санхүү, санхүүжилтийн механизмаа ярилцаж тогтсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо" хэмээн зөвлөгөөнийг санаачлагч Ц.Баярсайхан гишүүн дүгнэж байлаа.bayarsaikhan_jdu
Өмнөговьчууд өнгөрсөн долоо хоногт номын дуу сонсов. Өөрөөр хэлбэл тэд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэрэгтэй болоод шаардлагатай гэх бүх л мэдээллийг сонссон юм. Тус сургалт, зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан санаачлан зохион байгууллаа.

Стратегийн томоохон орд бүхий газруудтай энэ аймгийн хувьд нэлээн давуу талуудтай бөгөөд бизнесийн маш өргөн бололцоо ч гарч байгаа ажээ. Энэ бололцоонд нь нутгийн бизнесмэнүүдийн анхаарлыг хандуулах зорилгоор тус зөвлөгөөнийг хийсэн бөгөөд сургалтад ч сумдын Зэсэг дарга нар бизнес эрхлэгч төлөөлөгчидтэйгөө хүрэлцэн иржээ.

Жижиг, дунд үйлдвэрийн газар. Жижиг дунд, үйлдвэрийн сан, Японы хоёр үе шаттай зээлийн төслийн ажлын алба, НХХЯ-ны харьяа хөдөлмөр халамж үйлчилгээний газар, ХХААҮЯ-ны харьяа "Сүү" төслийнхөн гээд нийслэлээс очсон эрхмүүд ч тэдэнд хангалттай мэдээллийг өгч, нутгийн бизнесмэнүүдийн асуултад хариулж байсан. Мөн тус аймгийн сургалтын байгууллагууд. ХААН болон Зоос банкныхан шаардлагатай мэдээллийг өгсөн.

Тэдний мэдээллээс үзвэл Өмнөговьд одоогийн хүн амын хэрэгцээг хангах жижиг, дунд үйлдвэрийг байгуулах нэн шаардлагатайгаас гадна ашигт малтмалын ордуудыг дагуулж эдгээр үйлдвэрийг тусгайлан хөгжүүлэх боломж их байгааг дурдаж байсан. Жижиг, дунд үйлдвэрийн газраас өнгөрсөн хоёр жилд тус аймагт 14 төсөлд 152.2 сая төгрөгийн ХӨНГӨЛӨЛТТЭЙ зээл олгогджээ. Энэ жил мөн ийм боломж нээлттэй байгааг ЖДҮГ-ын хөрөнгө оруулалт, төслийн хэлтсийн дарга Б.Батцэцэг ярьж байлаа. Харин хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Д.Батмөнхийн дурдсанаар 40-өөс дээш насныханд ажлын байр олоход их төвөгтэй болсон гэнэ. Энэ талаар бодлого барин ажиллах бөгөөд Өмнөговь аймгийн хувьд малчны хөтөлбөрийг гурван суманд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. Тус аймгийн Засаг дарга Б.Бадраагийн ярьснаар өмнөговьчуудын хамгийн санаа зовоож буй асуудал нь цахилгааны тасалдал юм байна. Аймгийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг энэ ондоо багтаагаад шийдчих боломж байгаагаа дурдлаа. Стратегийн орд газруудын эзэмшлийн компаниудын хүнсний ногоог аймгаас бэлтгэж өгөх боломж байгаагаа, мөн ажилчдын хувцас бээлий хийх оёдлын үйлдвэр байгуулчихвал ажлын байр олноор бий болж түүнээс гарах олон сайн ур дагавар бийг тэрбээр онцлон тэмдэглэж байсан.

Тус аймаг хилийн хоёр боомттой, эдгээр боомтоор иргэд байгууллагууд худалдаа арилжааг өргөн хийдэг ажээ. Таван толгойгоос Гашуун сухайт хүртэлх автозам болон төмөр замын асуудлууд тодорхой түвшинд яригдаж байгаа юм байна. Мөн Нарийн сухайтын хилийн нүүрсний ордоос Шивээ Хүрэнгийн боомт хүртэлх авто замын сууриа ажил эхэлжээ. Тиймээс эдгээр боомтыг тохижуулах ерөнхий төлөвлөгөөг аймгийн Засаг даргын тамгын газраас санаачилж байгаа аж. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тэнд баригдах объектууд, гаалийн баталгаат агуулах гээд бизнесийн бас болом-жийн талаар ч энд яригдаж байлаа. Харин сүүн үйлдвэрлэлийн хувьд ингэ болон ямааны сүүг ашиглах асар их боломж байгааг "Сүү" төслийн дарга С.Цэцгээ дурьдлаа. Төсөлд шалгарсан үйлдвэрийг тус аймгийн Ханбогд суманд суурилуулах нээлтийн үйл ажиллагаа мөн энэ үеэр болсон. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор хоногт 400 литр ингэний сүү боловсруулах аж. Ариутгасан сүүнээс гадна бяслаг, тараг хийх боломж ийн бүрдэж байгаа ажээ.

Өмнөговь аймаг одоогийн байдлаар талхны хэд хэдэн үйлдвэр, мөн вакуум цонх, архи, ундаа, цэвэр ус гээд өөрсдийн бололцоондоо тулгуурласан үйлдвэрлэлүүдийг эрхэлж байна. Цаашид талх нарийн боовны чиглэлийг түлхүү анхаарах зорилгоор ХХААҮЯ-ныхнаас талхны үйлдвэр байгуулах зөвлөгөөг ч түлхүү авах нь харагдсан. Зөвлөгөөнд ирсэн нутгийн бизнесменүүдэд жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх аргачлалуудыг өгснөөс гадна нийслэлд амжилттай ажиллаж байгаа хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн туршлагыг харуулсан видео бичлэгийг тараан өгсөн.

"Авсан мэдээллээ сумынхандаа хүргэж. мөн хуваалцаж сум орондоо жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх ерөнхий чиг зураг гарах байх, Нэг талаараа сургалт, нөгөө талаараа зээл санхүү. санхүүжилтийн механизмаа ярилцаж тогтсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо" хэмээн зөвлөгөөнийг санаачлагч Ц.Баярсайхан гишүүн дүгнэж байлаа. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан Цогт-Овоо болон Даланзадгад сумын иргэдтэй уулзалт хийсэн. Тэрбээр иргэдэд УИХ-аас баталсан хууль тогтоомжуудын талаар тодорхой мэдээлэл өгч. тэдний асуултад хариулж байлаа. Өмнөговьчуудын сонирхсон гол асуудал нь стратегийн томоохон ордуудад хийх хөрөнгө оруулалтын тухай байв. Мөн гаргаж буй хууль тогтоомж. Ялангуяа мал аж ахуйн бүтээгдэхүүнийг хилээр гаргах Засгийн газрын шийдвэр болон боомтуудын тохижилт, дэд бүтцийн салбар. Ялангуяа Тавантолгойгоос хил хүртэлх авто замын талаар нэлээн сонирхож асууж байлаа, Тавантолгойгоос нүүрс олборлож байгаа компаниуд маш олон машинаар Гашуун сухайт руу нүүрс зөөдөг юм байна.

Энэ тээврийн зам замбараа алдсанаас байгаль экологи, иргэдийн эрүүл ахуйд тодорхой хэмжээгээр нөлөөлж, малчдыг тэр бүсэд малаа маллаж амьдрах бэлчээрийн хувьд нэлээн хүнд байдалд оруулжээ. Энэ асуудлыг шийдвэрлэх талаар иргэд тодорхой санал тавьж байлаа.

"Ер нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр баригдах объектын жагсаалт баталсан УИХ-ын тогтоол бий. Энэ тогтоолд Даланзадгадаас Таван толгой, Таван толгойгоос Оюу толгой хүртэлх замыг барихаар тусгасан байдаг. Гэтэл одоогийн байдлаар тендер зарлагдаагүй байна. Энэ ажлын явц удаан байгаа талаар Засгийн газрын холбогдох сайд нарт би удаа дараа хэлж байсан. Энэ арга хэмжээг эвч хэрэгжүүлэхгүй бол байгаль экологийн төвөгтэй байдалд хүрч байна Цаашид мэдээж төмөр зам тавигдана, энэ бүтээн байгуулалтын ажил хоёр жил гаран болох байх. Үүнийг хүлээхгүйгээр орон нутаг энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй гэж аймаг орон нутгийн удирдлагуудтай би санал солилцлоо. Орон нутгийн өмчтэй зам ашиглалтын компани байгуулж. нүүрс олборлож буй болон тээвэрлэж буй компаниудаас тодорхой хэмжээний санхүүгийн дэм авч ажиллахгүй бол энэ замыг эзэнгүй, хяналтгүй байлгаж болохгүй гэсэн нутгийн иргэд-тэй санал нэг байгаа" гэж эрхэм гишүүн ярьж байлаа. Өмнөговьчууд их өнгөлөг харагдаж байсан. Хүүхэд хөгшидгүй тэдэнд стратегийн орд газартай нутгийнхан шүү гэх омогшил бий болсон нь анзаарагдаж байв.
Видео мэдээ үзнэ үү
З.Оюунбилэг
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.