2008.02.07

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөрт

Мэндчилгээ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын ажилтны өдрийг тохиолдуулан нийт ажилтан, ажиллагсад болон тус салбарт ажиллаж байсан нийт ахмад Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд золгон ирж буй XVII жарны Газар тэтгэгч" модон тахиа жилд аз жаргал, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүн амын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал нь Монгол Улсын Засгийн газрын онцгой анхаарлын төвд байдаг бөгөөд үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн бодлогын үндсэн зорилтыг хүний хөгжлийг бүх талаар дэмжинэ гэж тодорхойлсон билээ. Салбарын шинэчлэлт өөрчлөлтийг оновчтой зөв эхлүүлж, зах зээлийн зарчим, ажил үйлчилгээний чанар, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх замаар нийгмийн хамгааллын салбарын зорилтуудыг хэрэгжүүлэх нь шийдвэрлэх ач холбогдолтой юм. Төр засгаас ядуурлыг бууруулах, хүн амын нийгмийн халамж хамгааллыг дээшлүүлэх чиглэлээр улс орны санхүү, эдийн засгийн чадавхад зохицуулан дэс дараатай ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна. Хамтарсан Засгийн газраас "Хүүхдийн мөнгө" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үнэ ханшийн өөрчлөлттэй уялдуулан цалин, тэтгэврийн хэмжээг индексжүүлэх зэрэг нийгмийн өмнө тулгамдсан шийдвэрлэвэл зохих ажлуудыг хийж эхлээд байна. Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх, ажлыг нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх замаар сангийн чадавхыг нэмэгдүүлэхэд багагүй хугацаа, нилээдгүй хүчин зүтгэл гаргаж ажиллах шаардлагатай байгаа юм. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүрээг зөв зохистой тогтоож, эзнээ олсон, гэр бүлд чиглэсэн, нийгэм хамт олонд түшиглэсэн үйлчилгээг иргэдэд хүргэхийг зорьж байна. Ядуурлыг бууруулах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, багагүй хөрөнгө зарцуулж байгаа ч ядуурал хот, хөдөөгүй газар авч байгаад дүгнэлт хийж, ядууралтай тэмцэх бодлого, арга хэлбэрээ ч эргэн хянаж үзэн ядууралд хүргэж буй хүчин зүйл, учир шалтгааныг олж, уг үндсийг нь таслан зогсооход гол анхаарлаа хандуулах болно. Үүний тулд нэн түрүүнд иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнээс ангижруулах талаарх бүтээлч санаачилга, үйл ажиллагааг өрнүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг дэмжиж хамтарч ажиллах болно.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, ажилгүйчүүдийг сургалтад хамруулах, дахин мэргэшүүлэх, хөдөлмөрийн биржүүд байгуулан хэрэглэгчээ угтсан мэдээллийн шуурхай үйлчилгээ бий болгох, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн шинэ системийг үе шаттайгаар нэвтрүүлэх ажил зохион байгуулна. Жижиг зээл, бичил санхүүгийн жилийн ажлын хүрээнд .иргэдэд орлогоо нэмэгдүүлэх бүх талын бололцоо, нөхцөл бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллах болно. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд манай салбарын нийт ажиллагсдын хүчин зүтгэл, мэдлэг боловсрол, дадлага туршлага, идэвх санаачилга, хамтач, нэгдмэл үйл ажиллагаа шууд холбоотой гэдгийг ухамсарлан ойлгож, бусдын төлөөх нийгмийн хамгааллын буянтай үйлстээ улам их амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

УИХ-ЫН ГИШҮҮН, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ,
ХӨДӨЛМӨРИЙН САЙД
Ц.БАЯРСАЙХАН
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.