2009.05.19
Ураны орд газруудын талаархи асуулга
САЙД САНЖААГИЙН БАЯР ТАНАА
Асуулга тавих тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-ыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараахь асуулгыг тавьж байна.
Монголын ураны нөөцийн гурван том орд нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт оршдог Мардай, Гурванбулаг, Дорнодын орд юм. Энэхүү ордыг үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний чухал орд хэмээн үзэж Монгол Улсын Их Хурлын 2007 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан билээ.
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж үндсэн нөөцийг нь тогтоосон энэ ордыг гадаадын компаниуд хамтран эзэмшдэг гэсэн мэдээлэл байдаг бөгөөд эдгээр нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай болон бусад холбогдох хууль, талуудын байгуулсан гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх дээр Засгийн газар, холбогдох газруудаас тавьж байгаа хяналт, үйл ажиллагааны мэдээлэл хомс байгаа, мөн Дорнод аймгийн Гурванбулагийн орд газрын хайгуулын лицензийг 100 хувь эзэмшдэг Канад улсын “Вестерн проспектор” ХХК нь өөрийн эзэмшлийн хувьцааны 75 хувийг БНХАУ-ын цөмийн эрчим хүчний корпорацид худалдах хэлэлцээрийг энэ гуравдугаар сарын 24-нөөс эхлэн албан ёсоор хийж эхэлсэн тухай “Өнөөдөр” сонины 2009 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн дугаарт мэдээлсэн нь Улсын Их Хурлын гишүүн намайг онцгой сэрэмжлүүлж нягтлан үзэхэд хүргэлээ. Иймээс дараахь асуулгад хариулт авахыг хүсч байна. Үүнд:
- Монгол улсын Үндсэн хуулийн 6.2-д Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн заалттай хэрхэн нийцэж байгаа,
- Улс орны стратегийн өндөр ач холбогдол бүхий, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн газар дахин хайгуулын лиценз олгогдсон нь хуулийн ямар заалтаар зохицуулагдаж байгаа,
- Монгол Улсын эдийн засаг, нийгэм, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний стратегийн түүхий эд болсон ураныг бусад ашигт малтмалтай нэгэн адил Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж байгаа нь Үндсэн хууль, улс орны аюулгүй байдлын эрх ашигтай зөрчилдөхөд хүргэж байгааг анхааран үзэж, эрх зүйн ямар зохицуулалт хийж, ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар,
- Монгол Улсын засгийн газраас ураны ордуудыг ОХУ, Франц, Япон, Канад зэрэг улстай хамтарч ашиглахаар хийгдэж байгаа гэрээ хэлэлцээрийн явц, монголын талын санал, цаашид ямар үе шаттай хэрэгжих гэж байгаа, үр ашгийн тооцоо судалгаа, ашиглалт эхлэх хугацаа, түүний үр дүн нь хэзээ гарах талаар,
- Ураны тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх асуудал ямар шатанд байгаа,
- Хамгийн ил тод, хяналттай байх ёстой ураны орд ялангуяа Дорнод аймгийн нутагт байгаа ураны орд газрууд, түүнтэй холбоотой гэрээ хэлэлцээр, хайгуулын өнөөгийн байдлын тухай мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох боломжтой эсэх талаар.
- Монголынхоо компаниудын хүчээр ураны хайгуул, олборлолт хийх, бусад улстай хамтран газар нутаг дээрээ баяжуулалт хийх, цөмийн эрчим хүч ашиглан эрчим хүч экспортлох чиглэлээр ямар бодлого, зорилго баримталж байгаа, үүнийг ойрын үед хэрэгжүүлэх талаар бодитой ямар тооцоо, судалгаа хийж, ямар ажил эхлүүлээд байгаа зэрэг асуудалд хариулт өгнө үү.
Хүндэтгэсэн,
УЛСЫН ИХ ХУРЛЫН
ГИШҮҮН П.АЛТАНГЭРЭЛ
ГИШҮҮН П.АЛТАНГЭРЭЛ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.