Г.Баярсайхан: Маргаан шийдэгдсэн гэж болно
2011.11.01

Г.Баярсайхан: Маргаан шийдэгдсэн гэж болно

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
Ерөнхий сайдыг огцруулахаар өргөн барьсан албан бичгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулах үеэр УИХ-ын гишүүдийн дунд маргаан үүсэв. Тус Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар хуулийн дагуу уг асуудлыг шийдвэрлэсний төлөө С.Эрдэнэ гишүүн  гомдоллосон. Үүгээр ч зогсохгүй Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооныхон Ж.Сүхбаатрын талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан юм. Гомдлыг хүлээж авсан эсэх талаар тус хорооны дэд дарга Г.Баярсайханаас тодрууллаа.
-С.Эрдэнийн нэр хүндэд халдсан гэдэг үндэслэлээр Т.Хасбаатар нарын хүмүүс Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан гэсэн ч албан ёсоор хандаагүй гэж байсан. Тэд гомдлоо ирүүлсэн үү?
-УИХ-ын гишүүд бие биенээ дайрч доромжиллоо гэсэн агуулгатай гомдлыг Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос гаргасан. Ёс зүйн дүрмийн хүрээнд шийдэж өгөхийг хүссэн байсан. УИХ-ын дэгийн тухай хуулийн 6.1.11 дүгээр заалт болон Ёс зүйн дэд хорооны дүрэмд тодорхой заасан байдаг.
УИХ-ын гишүүн ёс зүйгүй авирласан тохиолдолд сануулга өгөх, сануулгаас цааш дэгийн дагуу арга хэмжээ авах учиртай.
Бид энэ асуудлыг авч хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн УИХ-ын чуулган дээр үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлснийхээ төлөө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэсэн хуультай. Байнгын хорооны хурлын хувьд ч мөн нэгэн адил хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээх зүйл байхгүй. Гэхдээ нэг зүйл дээр тодорхой заалт бий. Бие биенийхээ нэр төрд халдаж, гутаан доромжилж болохгүй гэдэг заалттай. Тийм учраас УИХ-ын Ёс зүйн дэд хороо өөрийнхөө дүрмийн дагуу ажиллана.
-Ж.Сүхбаатар гишүүн албан ёсоор С.Эрдэнээс уучлал хүссэн гэсэн. Тэгэхээр энэ асуудал шийдэгдсэн юм биш үү?
-Ж.Сүхбаатар гишүүнтэй уулзсаны дараа хариулт өгч болно. Эвлэрснийг албан ёсоор мэдэгдсэн. Ийм тохиолдолд маргаан шийдэгдсэн гэж үзэж болно.
-Ёс зүйн дэд хороо хэзээ хуралдах вэ?
-Ж.Сүхбаатар гишүүнтэй өөртэй нь уулзаж тайлбар авсны дараа шийдвэр гарна.
Нийтлэлч


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.