Д.Ганхуяг: Оюутолгойн гэрээгээр Монгол зээлийн хүлээсэнд орсон
Оюутолгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэх нь зүйтэй хэмээн нэр бүхий 20 гишүүн Засгийн газарт шаардлага хүргүүлсэн билээ. Гэтэл дээрх 20 гишүүний ярьж буй зүйл нь ташаа мэдээлэл болох талаар Сангийн сайд С.Баярцогт мэдээлэл хийсэн. Сангийн сайдын яриа нь хөрөнгө оруулагч талыг илт хамгаалсан мэдээлэл хэмээн шаардлага хүргүүлэгчид дүгнэсэн юм. Иймээс шаардлага хүргүүлэгчдийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай энэ сэдвээр болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АН сонгуулийн тойргийг жижиглэхгүй гэж зөрүүдлэх боллоо. Уг нь тойрог жижгэрснээр гишүүдэд ашигтай юм биш үү?
-Өнөөгийн УИХ-ын гишүүд сонгуулийн тогтолцоон дээр хувиа бодох нь зохисгүй явдал. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН парламентад хангалттай олонх байсан ч хоёр нам гэрээ хийж хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэрээнд өмнөөс хуримтлагдаж ирсэн 10 гаруй асуудлыг шийдвэрлэхээр заасан боловч ихэнх нь ажил хэрэг болсонгүй. Тухайлбал, Сонгуулийн хууль, тогтолцоог шинэчлэх. Энэ талаар эртнээс ярьсан боловч өнөөг хүртэл шийдвэрлэгдсэнгүй. Сүүлдээ бүр 2008 оны сонгуулийн 26 тойргоо жижиглэнэ гэсэн яриа гарлаа. Энэ бол ухралт. МАН-аас гарч буй энэ санал нь жижиг тойрог дээр мөнгөний сонгууль явуулна гэдэгтэй адил. Өнөөг хүртлэх мажоротор тогтолцоо нь улсыг жижиг тойрогт хувааж жалга, довны үзлийг дэвэргэж ирсэн. Үүнээс болоод улс орны хөгжилд нөлөө бүхий том бодлогын асуудал нь шийдвэрлэгдэхгүй байсаар байна.
Тухайлбал, нийт хүн амын 45 хувь нь суурьшиж буй нийслэл хотын өнөөгийн байдал тэр дүр төрх нь төрийн бодлогын хир явж ирсний бодит тусгал юм.
Нийслэлд Үндсэн хуульд заасанчлан иргэд аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрэн хангагдахгүй байна. Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн замын хоорондхи зай гурав км орчим байх. Гэтэл оргил ачаалалын үед машинаар 1-2 цаг явж байна. Энэ нь энэ иргэд, аж ахуйн нэгжийн бүтээмжийг 25 орчим хувиар бууруулж байгаа талаар судалгаагаа гаргасан байх жишээтэй. Боловсрол, эрүүл мэндийн салбар ч асуудалтай өрсөлдөх чадвар дорой. Нийт хүн амтайгаа харьцуулахад их, дээд сургуульд сурч байгаа оюутнуудын тоо харьцангуй их. Гэвч төгсөгчдийн 10-аас долоо нь мэргэжлээрээ ажилладаггүй. Энэ мэт олон асуудал бий.
-Хөдөөгийн мандатыг цөөрүүлэх хэрэгтэй гэж үү?
-Цөөрүүлэх бодит үндэслэл бий. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд 130 мянга орчим иргэн Улаанбаатарт шилжин ирсэн мэдээлэл бий. Гэтэл УИХ-ын 76 гишүүний 20 нь буюу 26.3 хувь нь хотоос сонгогддог. Энэ хувийг 35-иас доошгүй хувьд хүргэх шаардлагатай. УИХ дээр төсөв ярих үед жижиг тойргийн сонихол давамгайлдаг учраас сүүлийн 10-аад жил улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 70-80 хувь нь орон нутаг руу явсаар ирсэн. Гэтэл хөдөөгийн хүн ам 2-3 дахин буурлаа. Харин нийслэлд тулгамдсан олон асуудал бий.
-Сонгуулийн жил учраас тодотгол ачааллаа даахгүй байх шиг ажиглагдсан. Гишүүн бүр тойрог руугаа хөрөнгө татахын тулд улайрч байна. Тойрогтоо хангалттай хөрөнгө татаж чадаагүйдээ бухимдаж буй нь төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэг дээр ажиглагдаж байсан?
-Тодотголыг эрт хийх шаардлагатай байсан. Хэдийгээр хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа ч үрэлгэн төсөв болж байна. Төсвийн урсгал зардал олон тэрбум.төгрөгөөр нэмэгдлээ. Төрийн байгууллага болгон контортой болох хөдөлгөөнийг дэмжиж байна. Үнэндээ хүн ам нь 3-4 дахин багассан олон сум байх хэрэг байна уу, үгүй юү. Тодотголоор Засгийн газрын саналаар нийт 600 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн зарлага нэмэгдсэн. Үүнээс 10 хувь нь буюу 60 тэрбумыг нийслэлд нийгмийн салбар, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зориулах гэсэн саналыг нийслэлээс сонгогдсон гишүүд оруулаад цөөн саналаар уналаа. Зарим хөрөнгө оруулалтыг харж байхад Засгийн газрын гишүүний болон тэдний талд ажилладаг гишүүдийн тойрогт хөрөнгө оруулалт нэмэгдсэн харагдсан.
-Гэхдээ шатрын болон чийрэгжүүлэх клуб байгуулах ажлыг тодотголд тусгах хэрэг байна уу. Тийм хоолой дээр тулсан ажил мөн үү. Үүнээс дүгнэхэд төсвийн зарцуулалт өөр зүйл рүү чиглээд байх шиг?
-Төсвийг зарцуулах ерөнхий зарчим алдагдаж байгаагийн илрэл. Энэ нь бас л хяналтгүй төрийн гай. Уг нь иргэд, аж ахуй нэгж дангаараа хариуцах боломжгүй ЕБС, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмж, зарим дэд бүтэц гэсэн цөөхөн арга хэмжээнд татварын орлогыг цуглуулж төсөв хэлбэрээр зарцуулах зарчмыг мөрдөх ёстой.
Дэд бүтцийн ихэнхийг хувийн хэвшлийн оролцоотойгоор өнөөгийн хөгжилтэй гэх орнууд шийдсээр ирсэн.
Тиймээс шатар болон чийрэгжүүлэлтийн клубыг татвар төлөгчдийн хөрөнгөөр шийдэж болохгүй. Харин гишүүд өөрсдийн болон бусдын дэмжлэгтэйгээр шийдэж болно. Гэсэн ч сонгууль дөхсөн үед ийм арга хэмжээг хориглодог. Энэ жилийн төсвийн тухайд бусад орны жишгийг хар л даа. Европт үүссэн санхүүгийн хямралаас ихэнх орнууд төсвийн зарлагаа 10-аас доошгүй хувиар танаж байна. Хямрал Хятадад нөлөөлж, эдийн засгийн өсөлт буурлаа. Үүнийг дагаад зарим ашигт малтмал тухайлбал, зэсийн үнэ буурч болзошгүй байна. Энэ байдалд зарим оронд Ерөнхий сайдаасаа эхлээд, Засгийн газрын болон УИХ-ын гишүүд нь цалингаа 20- 30 орчим хувиар бууруулах санаачлага гаргаж байна.
-Сонгуулийн хууль хугацаандаа батлагдаж амжих болов уу?
-Уг нь боломжтой. 2010 онд Сонгуулийн тухай хоёр хуулийн төслийг өргөн барьсан. Эл хуулийн төслийг 2010 онд хэлэлцэхгүй байсаар 2011 онд хэлэлцэж эхэлсэн. Гэтэл дараагийн сонгууль ойртох тусам уг хуулийг батлах гишүүдийн зүгээс хувийн сонирхлоор хандах байдал ихэслээ. Энэ нь хугацаа алдсаны гор. Гол нь УИХ дээр улсын хэмжээний бодлого ярих пропорциналаар сонгогдох гишүүдийн тоо олон байх, нийслэлийн мандатын тоог өмнөхөөс бууруулахгүй байх шаардлагатай.
-Пропорциональ элементийг Сонгуулийн тухай хуульд тусгах нь МАН-ын санаа байсан. Улмаар хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан боловч өнгөрсөн хугацаанд байдал өөрчлөгдөн, МАН өнөөдөр можариторыг илүүд үзэх боллоо. АН-ын гишүүний хувьд ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-2008 он гарсны дараа МАХН-ын дарга С.Баяр пропорциональ тогтолцоог оруулсан хэлбэрээр сонгууль явуулах санаачлага гаргаж байсан. Мөн Э.Бат-Үүл нарын гишүүд ч ийм хуулийн төслийг санаачилж байлаа. Энэ нь сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хуульд заасан үндэслэлээр ажил хэрэг болоогүй. Бодит тохиолдолд 2006 онд хамтарсан Засгийн газартай байх үед сонгуулийн холимог тотолцоог сонгох боломж байсан. Гэвч эцэстээ МАХН энэ саналаасаа буцсан. Улмаар 2008 оны долоодугаар сарын 1-ний асуудал үүссэн гэж боддог. Улмаар хар өдрийн дараагаас хоёр нам пропорциональ тогтолцоог оруулсан хуультай болох талаар ярьж гэрээ байгуулсан. Гэтэл өнөөдөр МАН өөр юм ярих боллоо.
-Монголын тал Оюутолгойн 34 хувиа ямар ч үнэ төлбөргүйгээр эзэмшиж байгаа талаар Сангийн сайд С.Баярцогт мэдээлэл хийлээ. 57-р тогтоолын 1-д “Оюу толгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай” гэсэн байдаг. Гэтэл та бүхэн өртэй хэмээн мэдэгдээд байгаа. Энэ талаар тайлбар хийнэ үү?
-Энэ мэдээлэлийг олон хүн сонссон. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын тал 34 хувьд ноогдох хөрөнгө оруулалтыг хүү тооцуулж ноогдол ашиг болон бусад орлогоосоо суутгуулна гээд биччихсэн байгаа. Цагаан цаасан дээр хараар бичсэн ийм зүйлийг ингэж тайлбалаж болох уу. Сангийн сайд маань угаасаа зээлийн урьдчилгаа, авах ёстой төлбөрийн урьдчилгаа хоёрыг ялгадаггүй хүн.
Оруулж байгаа бүх хөрөнгө оруулалт нь 10-12 хувийн хүүтэй зээл.
Тиймэс бид энэ гэрээг хөрөнгө орулалтын гэрээ биш зээлийн гэрээ гэж нэрлэж байна. Техник эдийн засгийн үндэслэлд бичсэнээр Монголын талын 34 хувьд ноогдох хөрөнгө оруулалт 816 сая ам.доллар. Энэ нь найман жилд хүүг оруулж тооцохоор 1.6 тэрбум ам.доллар болно. Нөгөө талаас гэрээнд анхны хөрөнгө оруулалтын дөрвөн тэрбум ам.долларыг нэмэлт хөрөнгө оруулалт гээд, тэр харуулаад байсан тооцоонд нь хайгууль хийсэн болон өмнө оруулсан хөрөнгө оруулалтыг нэг тэрбум ам.доллароор тооцон хүү оруулаад 1.853.9 тэрбум ам.долларыг бас Монголын тал Оюутолгой төслийн ашгаас хөрөнгө оруулагчдад төлөхөөр байгаа. Ингэхээр энэ төслийн анхны хөрөнгө оруулалт таван тэрбум ам.доллар хэвээрээ байна. Уг нь 2007 оны гэрээний төслөөр энэ анхны хөрөнгө оруулалтын хэмжээг 2.7 тэрбум ам.доллар байсан. Яагаад ингэж нэмэгдсэнийг манай сайд нар аудитаар тодруулна гэсэн боловч өнөөг хүртэл хийсэнгүй.
“Айванхоу майнз” эрсдэл, хайгууль хийж нөөц тогтоосныхоо төлөө энэ ордыг ашиглах компанийн 66 хувийг эзэмшихээр болсон.
Энэ компани 2000 оноос хойш л манай лицензийн хүчинд олон улсын хөрөнгийн зах зээл дээр компаниа үнэлүүлж хөрөнгө босгосоор ирсэн. Бид гэрээг хэлэлцэж байх үед хөрөнгийн зах зээл дээрээс манай лицензээр босгож байгаа хөрөнгөнд 34 хувиараа оролцох ёстой гэж олон удаа хэлсэн. Иймээс л 57 дугаар тогтоолын 1-д 34 хувийг шууд эзэмшихийг зааж өгсөн. Гэтэл өөрийн хөрөнгөөр босгосон хөрөнгийг хүүтэй зээлээд явж байна. Энэ гэрээнд Монголын төр өөрийн гэсэн толгойгүй шийдвэр гаргасанаар 1.8 орчим тэрбум ам.долларын өртэй эхэлж, хүү нь цаг, өдөр дутамд үржигдсээр байна. Гэтэл “Айванхоу майнз” компани хувьцааныхаа 49.5 хувийг “Рио тинто”-д худалдаж 3.6 тэрбум ам.долларын орлого олсон байгаа.
-Тэгвэл С.Баярцогт сайдын яриад байгаа тооцоо үндэслэлгүй гэж үү?
-С.Баярцогт сайдын яриад байгаа бүх зүйл хөрөнгө оруулагч талын хийсэн тооцоо, тэдний санал, тэрийг хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байна. Зөвлөхөөр ажилласан “Голдмэн сакс” ч “Айванхоу майнз”-ийн хувьцаа эзэмшигч. Тэр гэрээнүүд ч хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн гэрээний төсөл. Манай сайд нар гэрээг хэлэлцэх үеэс эхлээд хөрөнгө оруулагчийн саналыг хамгаалсаар ирсэн. Үүний үр дүнд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварыг тэглэж, алдагдлыг шилжүүлэн тооцох хугацааг найман жилээр сунгах зэргээр дандаа хөрөнгө орулагчийн ашгийг нэмэг¬дүү¬лэхэд холбогдох хуульд өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас санаачилж батлагдсан. Энэ байдлаас гэрээг байгуулсан сайд нар хэний талд үйлчилж ирснийг харж болно. Харин УИХ-ын 57 дугаар тогтоол нь Монголын талын байр суурь байсан бөгөөд энэ тогтоолыг гэрээ байгуулахад сайтар баримталсан бол Монгол Улсын эрх ашиг хангагдах байв.
-Тэгвэл татвараар авах орлого хэр баталгаатай вэ?
-Татварын орлого нь ч орох байх гэж найдаж байна. Гэтэл гэрээнд Борлуулалтын орлогыг гадаад авч, зарцуулж болох заалтыг оруулсан байна. Нөгөө талаас Нидерланд улстай 2002 онд давхар татвараас чөлөөлөх гэрээ байгуулсан юм байна. Гэрээнд заасан хөрөнгө оруулагч болох “Айванхоу майнз” нь Нидерландад бүртгэлтэй. Үүнийг гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх үед зарим УИХ-ын гишүүд хэлж байсан. “Рио тинто” компани сүүлийн үед Нидерландад бүтгүүлсэн гэсэн мэдээлэл бий. Давхар татвараас чөлөөлөх гэрээ нь хөрөнгө оруулагч компанид аль бага татвартай оронд татвар төлөх сонголт хийх боломжийг бүрдүүлдэг. Сангийн сайд энэ давхар татвараас чөлөөлөх гэрээг хүчингүй болгуулах талаар ажиллаж эхэлсэн гэж өнгөрсөн долоон хоногт ярьсан. Уг нь гэрээ байгуулж байх үедээ энэ асуудлыг сайд нар анхаарч ажиллах ёстой байсан.
-УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх нь Монголд ашиггүй. Харин 34 хувийг эзэмших нь илүү оновчтой, 50 хувьд хүргэх Монголд улам ашиггүй тусна гэсэн. Үүнд ямар тайлбар хийх вэ?
-Зөв юм ярьжээ. Гэхдээ 34 хувиа хүүтэй мөнгөөр худалдаж авч байгаа гэдгээ баталсан байна. 34 хувийг худалдаж авахаас 50 хувийг худалдаж авахад илүү их хөрөнгө шаардлагатай гэдэг нь ойлгомжтой. Тиймээс л манай лицензээр хөрөнгө босгоод хөрөнгө оруулалт нэрээр зээлж байхад 34 хувиа худалдаж авах нь шудрага ёсонд нийцэхгүй гэж үзээд, тийм заалттай тогтоолыг УИХ-аас баталсан. Иймээс эхлээд гэрээнд өөрчлөлт оруулж 34 хувийг худалдаж авч байгааг зогсоох хэрэгтэй. Эдгээр хувийг баялагийн эзэн
Монголын тал шууд эзэмшсэн тохиолдолд 34 хувьд ногдол ашиг авах, 50 хувьд авах хоёрт зөрүү гарах нь ойлгомжтой.
Нөхрийн хэлээд байгаа үгийг ерөнхийд нь дүгнэхэд гэрээ мордохын хазгай болсныг нотоллоо. Гол нь Монголын Засгийн газар орд ашиглаж эхэлснээс хойш татвар төлөхийн өмнөх ашгийг хөрөнгө оруулагчтай ямар хэмжээгээр хуваах, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа уг төслөөс хэд дахин нугалж авахаар байна гэсэн хоёрхон цэгийг олж харах байсан. Гэтэл хөрөнгө оруулагч талын хийсэн тооцоо, гэрээний төслийг магтаад хамгаалаад явчихсан. Хөрөнгө оруулагч нь төслийн нийт ашгийг бага харагдуулахын тулд хангалттай агууламжтай (Эрдэнэтийн анхны ашиглаж байсан зэсийн агууламжтай хүдрийг блансаас хасчихсан) зэсийн хүдрийг тооцоонд оруулаагүй, 34 хувьд ноогдох Монголын өрийг оруулаагүй, мөн төслийн өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо 5О жилээр тооцож Монголын ашгийг ихээр харуулсан зэрэг олон асуудал бий.
Энэ бүхнийг Монголын эрдэмтэд судлаад гаргасан.
Тэдний тооцоогоор энэ төслөөс Монголын талын авах ашиг ямар ч тохиолдолд 50 хувь хүрэхгүй гэдгийг тооцсон. Энэ төсөл зөвхөн алт, зэсийн үнийг өнөөгийн ханшаар тооцоход 400 орчим тэрбум ам.долларын борлуулалт, дор хаяж 200 орчим тэрбум ам.долларын татвар төлөхийн өмнөх ашигтай гэсэн. Тэгвэл энэ ашгийг 50:50 хувиар хуваалаа гэхэд хөрөнгө оруулагч таван тэрбумынхаа хөрөнгө оруулалтыг 20 дахин нугалж авах нь. Энэ нь хир шудрага вэ. Өнөөдөр энэ ордын нөөц гэрээ байгуулсанааас хойш 25 орчим хувиар нэмэгдсэн мэдээлэл бий.
-Гэрээнд зэсийн үнийг 4408 ам.доллараар тооцсон юм билээ. Тэгэхээр та бүхний тооцоогоор анхны хөрөнгө оруулалтаа хэдий хугацаанд нөхөх боломжтой вэ?
-УИХ-ын 57 дугаар тогтоолын 3-т “анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын Засгийн газрын эзэмших хувийг 50 хувьд хүргэх” гэсний анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэсэн “хугацааг” Засгийн газар 30 жил гэж ойлгоод 30 жилийн дараа худалдаж авсан 34 хувиа 50 хувьд хүргэхээр гэрээнд заасан гэж ярьдаг. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр байгуулах гэсэн заалттай ямар ч холбоогүй. Анхны хөрөнгө оруулалтыг нэг тонн зэсийг 4408 а.доллараар, нэг уньц алтыг 800 ам.доллараар тооцоход 4.7 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхнө. Тэгэхээр сэтгэл байсан бол энэ хугацааг 15, 20 жилээр гэрээлж болох байсан. Ер нь энэ бүх будлиан 2007 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн өөрийн баялагаа худалдаж авч болох холбогдох заалттай холбоотой. Энэ заалтыг гэрээ байгуулахаас өмнө өөрчлөхөөр хууль санаачилсан боловч бас л ганц ,хоёр саналаар уначихсан.
-С.Баярцогт сайд 57 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлсэн гэж ярьсан. Засгийн газар болон “Айвенхоу майнз”, “Рио тинто” нарын хамтарсан мэдэгдэл ч үүнийг баталгаажуулсан биш гэж үү?
-Хэрэгжээгүй гэдгийг бичиг үсэг тайлагдсан бүх хүн мэдэж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ бол энгийн биенесийн гэрээ. Гэтэл сүүлдээ хөрөнгө оруулагчтай нэг гэр бүл гэж ярих боллоо. Хөрөнгө оруулалтын хэмжээгээр эдийн засаг өсч байгаа нь үнэн. Гэхдээ хөрөнгө оруулагч бүтээн байгуулалтын зардлаа мөнгөөр нөхөж, хэд дахин нугалж ашгаар авдаг. Бид гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан болохоос биш бүтээн байгуулалтын ажлыг зогсоо гэж хэлээгүй.
Хэрэв зогсоовол тэр хугацаагаар Монголын төрийн өр, зээлийн хүү нэмэгдэнэ.
Эсрэгээр хөрөнгө оруулагчийн орлого нэмэгдэх тэр эдийн засгийн хэлбэрийн хүлээсийг гэрээгээр хөрөнгө оруулагчдад аль хэдийнэ олгуулчихсон. Бусад буурай хөгжилтэй оронд ингэж байсныг олон удаа хэлсэн ч тоогоогүй. Улмаар өнөөдөр цаад тал манай мэдээллийн салбарыг сурталчилгааны төлбөрөөр дамжуулан энэ төслийг цаг, наргүй магтуулж чадна гэдэгтээ ч итгэлтэй буй. УИХ-ын 57 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлсэн гэсэн хамтарсан мэдэгдэл гаргачихаад, дараа нь хэвлэлийнхэнд гэрээнд өөрчлөлт оруулна гэж ярьж байх юм. Энэ нь Засгийн газрын гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэдгийг баталсан явдал болсон гэж хэлж болно.
-Яагаад?
-Ерөнхий сайдын ганцаараа хөрөнгө оруулагчтай хамтарч гарсан мэдэгдэл нь Үндсэн хуулийг зөрчсөн. Үндсэн хууль зөрчсөн ерөнхий сайдыг парламентын засаглалтай оронд огцруулдаг, эсвэл өөрөө огцордог. Ерөнхий сайд Засгийн газар хоёр ялгаатайг манай Үндсэн хуульд тодорхой заасан байгаа.