Маргаан дэгдээгээд буй Сенкаку арлууд нь өчүүхэн хэмжээнтэй
Хятад, Японы хоорондын маргааны гол бай болоод байгаа Сенкаку буюу хятадаар Дяоюйдао арлууд нь Зүүн Хятадын тэнгист Тайваниас 170 километрийн зайд оршдог. Уг бүлэг арал нь хүн амьдардаггүй таван арал, гурван хадан цохионоос бүрддэг бөгөөд нийтдээ 6.3 километр квадрат талбайтай. Энэ нь манай Улаанбаатар хотын нэг хорооны нутаг дэвсгэрээс ч бага гэсэн үг.
Гэвч энэхүү жижиг арлуудын төлөө Азийн нөлөө бүхий хоёр улс тэмцэлдэж буй нь цаанаа учиртай аж. Тус арлуудад 1999 онд 200 тэрбум шоо метрээр хэм-жигдэх байгалийн хийн асар их нөөц илэрсэн нь Хятад, Японы сонирхлыг ихэд татжээ.
Сенкаку буюу Дяоюйдао арлуудын түүхийг товч сөхөж үзье.
Бээжингийн талын баталж буйгаар Хятад улс уг арлуудыг Дундад зууны үед, тодруулбал, 1371 онд нээсэн гэж үздэг. Харин 1783-1785 оны Японы газрын зураг дээр эдгээр арлыг Хятадын газар нутаг гэж тэмдэглэсэн яж. 1895 онд Япон, Хятад улс анх удаа дайн хийсний үрээр тус арлууд Японы мэдэлд шилжсэн байна. Ин-гээд булаан авсан арлууд дээрээ Японы үйлдвэрлэгч Кога Тацуширо гэгч загас боловсруулах үйлдвэр барьж, 1940 он хүртэл үйл ажиллагаагаа явуулжээ. Гэвч тун удалгүй эдгээр арлыг эзэнгүй хаясан юм.
Харин дэлхийн хоёрдугаар дайны дараа Сенкаку арлыг АНУ улс эзэлж аваад, 1972 онд Японд эргүүлэн өгчээ. Үүнээс өмнөхөн буюу 1969 онд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засгийн комисс эдгээр аралд нефть, хийн нөөц байж болзошгүй гэдгийг тэмдэглэсэн байна. Япон улс таван арлаа АНУ-аас буцаан авсны дараа загас боловсруулах үйлдвэрийн эзэн Тацуширогийн удмынхан дөрвийг нь Курихарагийн гэр бүлд заржээ. Харин тав дахь арал Японы Засгийн газрын мэдэлд үлдсэн аж.
Ингээд арлуудын хувь заяа хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст 1992 онд Хятад улс энэ бүлэг арлыг «түүхэн газар нутаг» хэмээн зарласан юм. Удалгүй тус арлуудад байгалийн хийн үлэмж их нөөц илэрсэн нь маргааныг улам дэгдээжээ. Энэ үеэр япончууд нарийн арга хэрэглэж, Курихарагийн гэр бүлээс дөрвөн арлыг нь түрээсэлж авсан байна. Харин энэ оны есдүгээр сард тус улсын Засгийн газар энэхүү дөрвөн арлын гурвыг нь худалдан авах тухай шийдвэр гаргаснаас болж, хоёр орны харилцаа тасрахад хүрчээ.
Манай улсын газар нутгийг 250 мянга хуваасны нэгтэй тэнцэх уг жижиг арлуудын төлөө Япон, Хятад улс энэ жил тохиож буй дипломат харилцаа тогтоос-ны 40 жилийн ойн арга хэмжээгээ хүртэл цуцалсан. Түүнчлэн ард иргэдийнх нь харилцаа муудаж, эдийн засагт нь хүртэл нөлөөлсөн билээ. Таван арлын төлөө энэ хоёр улс цаашид дайн зарлаж ч болзошгүй байна. Газар нутгийн энэхүү маргаан ирээдүйд хэрхэн шийдвэрлэгдэхийг харах л үлдлээ.