Г.Баярсайхан: Ард түмнээсээ уучлалт гуйдаггүй нам нэрээ сольсноор шинэчлэгдэхгүй
-Хувьсгалт нам өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийсэн алдаа оноогоо дэнсэлж, цаашид улс орноо хэрхэн хөгжүүлэх зорилт, зорилго тавьж, намын шинэчлэл хийхээр болсон. Үүнд ямар байр сууринаас хандаж байна вэ?
-Мэдэхгүй юм. Ямар шинэчлэл яриад байгаа юм бол. Иргэдээ хэд хэдэн удаа хэлмэгдүүлж, өчнөөнөөр нь хөнөөсөндөө өнөө хүртэл уучлал гуйгаагүй шүү дээ. Ийм байж яаж шинэчлэл хийх гээд байгаа юм бол. Ойлгохгүй байна. Ардчилал бий болж парламент үүссэнээс хойш 16 жил төр барихдаа хөгжүүлэх бодлого баримтлаагүйгээ одоо л ойлгож байгаа юм байна.
-МАХН бодлого чиглэлээ өөрчилж, нэрээсолино гэсэн?
-Энэ нь, шинэчлэл юм уу. Нэр солигдсоноор шинэчлэл, өөрчлөлт болохгүй шүү дээ. Өнөөдөр овог нэрээ өөрчилснөөр дотоод хүн өөрчлөгдөх үү. Судсаар гүйж буй цус яах бол. Ер нь, өмнөх булайгаа, хийсэн үйлдлээ далдлахын тулд ийм зүйл сэдэж олсон биз. Өнөөдөр тус намын хийсэн балгаар олон хүн нөгөө ертөнцөд очиж, ажил амьдралын замаа баллуулсан нь нууц биш. Ээлжит сонгуулийн булхай луйвраас болж үймээн үүсч таван сайхан залуу амиа алдлаа. Энэ бүхэнд уучлал гуйж, улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэж боддог. Өнөөдөр сайхан зүйл ярьж, нэрээ солих болсон нь баг өмссөн хэрэг. Багны ард өнөөх л булхай луйврын эзэд бий. Тиймээс ийм зүйл хийхээ болих хэрэгтэй.
-Шинэчлэл нь уучлалгуйснаар эхлэх ёстойхэрэг үү?
-Тийм. Өнөөдрийг хүртэл манай нам л бүх зүйлд уучлал хүсч, цагаатгах ажил зохион байгуулахыг санаачилсан. Тэд юу хийв. Хийсэн хэргийнхээ төлөө уучлал гуйх нь битгий хэл толгой гудайлгасан уу. Ер нь, хамаг хариуцлагагүй зүйл МАХН-аас үүдэлтэй. Тэгсэн хэрнээ хариуцлага тооцдог болох тухай ярих нь их. Гэвч хэрэгжүүлж чаддаггүй. Яаж чадах билээ. Булхайг нь дэлгээд бариад өгчих гэхээр дандаа өөрсдийнх нь хүмүүс байгаа юм чинь.