2008.01.01

Энэтхэг Монголд гангийн үйлдвэр барих санал тавина

 
Энэтхэгийн гангийн салбарынхан одоогийн байдлаар Австралийн өндөр үнэтэй коксжих нүүрснээс хамааралтай байгаа юм.

Тус улс Индонезээс мөн эрчим хүчний болон коксжих нүүрс авдаг боловч харилцагч улс нь эрдсийн түүхий эдийн экспортод 20 хувийн татвар ногдуулах хуулийн төслийг энэ долоо хоногоос хэрэгжүүлж эхэлсэн нь Энэтхэгт хүндхэн цохилт болсон билээ. Иймд тус улс Монголоос нүүрс авах сонирхол их байгаагаа илэрхийлж байна.

Энэтхэгийн “SAIL” төрийн өмчийн гангийн компанийн тэргүүн Верма, тус улсын Гангийн асуудал хариуцсан яамны Нарийн бичгийн даргын орлогч Сингх тэргүүтэй төлөөлөгчид Монголын Засгийн газрын төлөөллүүдтэй уулзаж энэ талаар санамж бичиг байгуулах тухайгаа мэдэгджээ.

“SAIL”-ын тэргүүн Верма хэлэхдээ, “Бид Монголын Засгийн газарт Монголд коксжих нүүрсний уурхай эзэмшин, тэндээс олборлосон нүүрсээ өөрийн улсдаа импортлох хүсэлтэй байгаагаа уулзаж мэдэгдэнэ. Гэхдээ бид Монголд гангийн үйлдвэр барьж өгөх санал мөн танилцуулна. Тэрхүү байгуулах үйлдвэрт бид үйл ажиллагаа явуулах уурхайгаасаа коксжих нүүрс нийлүүлэн, зарим хэсгийг нь эх орны гангийн үйлдвэрт нийлүүлэх төлөвлөгөөтэй байна” гэжээ.

Энэтхэгийн хувьд төмрийн хүдрийн баялаг нөөцтэй ч, коксжих нүүрсээ ихэвчлэн гаднаас худалдаж авдаг улс юм. Хоёр улсын хооронд худалдааны харилцаа хязгаарлагдмал хэвээр байгаа ч цаашдаа уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт худалдааны эргэлт нэмэгдэх боломжтой юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.