2008.10.20

Г.Баярсайхан: Төр энэрэнгүй ханддагаа харуулж яагаад болохгүй гэж

Ардчилсан намын бүлгийн хурлаар долдугаар сарын1-ний үйл явцад оролцож ял сонсоод байгаа жирийн иргэдэд өршөөл үзүүлэх талаар хууль өргөн барих тухай  ярилцсан билээ. Уг хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллаж буй УИХ-ын  гишүүн Гарьдхүүгийн Баярсайхантай  ярилцлаа.

-Өршөөлийн хуулийг өргөн барих ажлын хэсэгт орж ажиллах болсон талаар чинь сонирхож байна л даа... ?

-Намын бүлэг дээр долдугаар сарын 1-ний үйл явцтай холбоотой Өршөөлийн хууль гаргах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт  З.Энхболд, Ч.Сайханбилэг гишүүн бид гурав орж ажиллахаар боллоо. Бүлгийн дарга ажлын хэсгийг ахалж байгаа.

-Хэзээ өргөн барих вэ?

-Ойрын хугацаанд өргөн барих санаатай байна.

-Өршөөлийн хууль гэхээр таван хүний амь хороосон, түүнд тушаал өгсөн хүн бас хамрагдах хэрэг үү?

-Таван хүний эрдэнэт амь сүйдсэн хэрэг бол тусдаа асуудал. Долдугаар сарын 1-ний үйл явдал нь өөрөө сонгуулийг будлиантай болсон гэж үзээд иргэд үзэл бодлоо сайн дураараа илэрхийлсэн. Гэвч сүүлдээ хэн нэгний хүсэл зоригоос үл хамаарч эмх замбараагүй байдал бий болсон. Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө улс төрийн хоригдол болгож болохгүй биз дээ. Тэр жагсаал цуглаанд 20 мянга орчим иргэн оролцсон гэж байгаа. 700 гаруй нь саатуулагдаж, залууст 2-7 хүртэлх жилийн ял оноож эхлээд байна. Иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сайн дураараа эвлэлдэн нэгдэж жагсаал цуглаан хийх эрхтэй. Хэн нэгний хүсэл зоригоос үл хамааран эмх замбараагүй байдалд хүрснийг тодорхой этгээдэд тохож ял өгөх нь Үндсэн хуулийн үзэл санаа, ардчиллын үнэт зүйлсэд харш гэж бодож байна.

-Үймээн самууныг өдөөж турхирсан гээд Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарын  олны танил хүмүүс ч нэлээдгүй хугацаанд хоригдсон. Тэд бас энэ өршөөлд багтах уу?

-Өршөөлийн хуульд тэд ч бас хамрагдана.

-Хэдийгээр иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэж жагссан ч ямар нэг улс төрийн зорилгоор үймээн самуун болтол нь дэврээсэн гэсэн хардлага яваад байгаа. Дээр нь гэм буруутай хүмүүс гэм зэмгүй өнгөрдөг жишиг бий болчих вий гэсэн болгоомжлол бас байгаа байх..

-Аль өнцгөөс нь харж байгаагаас бас шалтгаална л даа. Үймээний улмаас нийгэмд үүссэн үл ойлголцол, хагарлыг багасгаж үндэсний эв нэгдлийг хангах, Монгол төрийн алсын хараатай энэрэнгүй бодлогыг иргэдэд харуулах түүхэн цаг үе тохиосон учир эдгээр иргэдийг нэг удаа өршөөлд хамруулах нь зүйтэй гэж үзэж байна. Төр төмөр нүүр харуулж болдог юм бол энэрэнгүй ханддаг гэдгээ бас ард иргэддээ харуулах хэрэгтэй шүү дээ. Долдугаар сарын 1-ний үйл явц Монголын түүхэнд хар толбо болж үлдэж байгаа. Тэр үйл явдлаас хойш нийгэмд энэ хэрэг явдал хэрхэн ший¬дэгдэх бол гэх мэтийн хүлээлт бий болчихсон. Хамтраад Засгийн газар байгуулж болсон юм байна, нийгэмд бий болоод байгаа хямралыг зөөлрүүлж яагаад болохгүй гэж.
Энэ хууль гарснаар нийгмийн уур амьсгал зайлшгүй зөөлрөх ёстой. Тодорхой нөхцөл байдлын улмаас үймээн самуун болсон. Өршөөлийн хууль ч тэр үйл явцад оролцсон жирийн иргэд хохирох ёсгүй гэдэг үүднээс зааг ялгаатай байх болно.  Түүнээс биш жинхэнэ гэм буруутан гэмгүй болчихно гэсэн үг биш.

-Хамтарсан Засгийн газар гэснээс та тэр үед нэлээд эсэргүүцэж байсан санагдаж байна?

-Одоо нэгэнт хамтраад үйл ажиллагаагаа явуулж байгаа болохоор хамтраад зөв ажиллавал эвлэрэхээс өөр яая гэхэв. Гэхдээ үүний цаана хариуцлага гэж юм байгаа. Инфляцийг тогтоон барих, Ашигт малтмалын хуулийг яаралтай батлуулж иргэдэд хувь хүртээх, дэлхийн санхүүгийн хямралын шуурганаас эдийн засгаа өртүүлчихгүйхэн шиг авч гарах гээд энэ Засгийн газрын хийх ажил их байгаа.

-МАХН-ын бүлэг энэ хуулийг яаж хүлээж авах бол. Олонхийн дэмжлэг авч батлагдана гэж итгэж байна уу?

-Гол нь үймээнд оролцсон иргэдтэй холбоотойгоор энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа юм. Би дээр хэлсэн. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэн хүн яагаад улс төрийн ялтан болох ёстой гэж. Тэр тусмаа ардчилсан Монголд. Үүнд олонхи цөөнх, МАХН, АН гэж яриад яахав. УИХ-д Монголын ард түмний төлөөлөл байгаа гэдэг утгаараа дэмжих байх гэж итгэж байна.

-Тэнд хулгай хийж бас эвдлэн сүйтгэсэн гээд мэдээж эзэд нь байгаа байх. Тэдний ялгаа зааг гэж  Өршөөлийн  хуулийн төсөлд  байгаа юу?

-Ялгаж салгах хэрэгтэй. Тухайлбал өмнө нь хулгай  дээрмийн болон давтан  хэрэг хийж байсан хүн бол өршөөлд хамрагдахгүй байх жишээтэй. 

-Та УИХ-д орж ажиллаад  удаагүй байна. Төрийн ор¬дон дахь улс төр таны төсөөлж байснаас ямар байна?

-Орж ирсэн цагаасаа л ачаалалтай ажиллаад эхэл¬лээ шүү дээ. Дөрвөн жил танигдаж ч амжилгүй өнгөрсөн гээд шүүмжлэгддэг хүмүүс байдаг. Танигдахгүй суугаад байх зав байдаггүй  юм шиг санагдаж байна.

-Шинэ гишүүн гэхэд сонгуулийн үеэр ч, УИХ үйл ажиллагаагаа эхэлснээс хойш ч сонин хэвлэлийн нүүрнээс салахгүй, олны анхааралд  нэлээд өртөж байна. Үүнийг яаж хүлээж авч байна?

-Улс төрийн халуун тогоонд нэгэнт ороод ирсэн хойно сонин хэвлэл дээр гарсан болгоны төлөө гүйгээд байж болохгүй. Би одоо бол аквариум дотор байгаа юм шиг л олны өмнө ил болж байгаа гэдэгтээ санал нэг байна. Ард түмэн хэн юу хийж, хэн юу дуугарахыг харж л суугаа шүү дээ. Аль болох биеэ зөв авч явах гэж л мэрийж байна.

-Сонгуулийн үеэр "Дөрвөн уулаа дархан цаазтай болгоно"  гэж амлаж бай¬сан. УИХ-д нэгэнт сонгогдчихлоо. Дөрвөн уулаа  дархан цаазтай болгох бодол тань хэвээрээ юу?

-Экологийн асуудлаар дорвитой хуулиудыг санаачлан ажиллана. Тэр уриагаа ажил хэрэг болгоно гэж бодож байгаа. Манай намын хөтөлбөрт ч байгаль орчны талаар авч хэрэгжүүлэх ажлын та¬лаар олон заалт оруулсан. Тусгай хамгаалалттай болон дархан цаазтай газрыг нэмэгдүүлэх талаар ч тусгасан. Дөрвөн уулаа дархан цаазтай болгох  хуулийн төсөл боловсруулж өргөн барина. Намын нөхдөөс ч гэсэн энэ санал санаачилга маань дэмжлэг авч байгаа. Сая УИХ ямаанд 30 тэрбумыг зарцуу¬лахаар баталлаа. Гэтэл байгаль орчин үүний уршгаар сүйтгэгдсэний дараа түүнээсээ хэд дахин их 300 тэрбумыг ч зарцуулах шаард¬лага гарч магадгүй шүү дээ. Байгаль орчны талаар алсын хараа зөв бодлого хэрэгтэй.

-Анхны гадаад томилолтоор яваад ирсэн байх аа. Ямар санагдав?

-УИХ-ын дэд дарга Н.Энхболд бусад гишүүдийн хамт Швейцарийн Женев хотноо олон улсын парламентын хуралд оролцоод ирсэн. Дэлхийн парламентуудын  спикерүүд оролцдог их ач холбогдолтой хурал юм билээ. Энэ удаа дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой асуудал,  байгаль орчин экологийн асуудлыг бас түлхүү ярьж байсан. Манай өмнө нь очиж байсан УИХ-ын гишүүд ч өөрсдийнхөө мөрийг үлдээгээд явсан байна лээ.

-Тухайлбал?

-Л.Гүндалай гишүүн Хөвсгөл далай шигээ бодоод цэв хүйтэн Женев нуурт сэлээд явсан байна лээ. Ц.Баярсайхан гишүүн байрлаж байсан зочид буудалд нь гал гарахад унтрааж эр зориг гаргасныхаа төлөө буудлынхаа төлбөрөөс хөнгөлүүлж шагнуулсан байсан. Сонсоход сайхан л байсан. (инээв)

-Женевийнхэн тэр талаар ярьж байна уу?

-Тийм.  

-МАХН-ын залуусын амнаас нам харгалзахгүйгээр УИХ-д байгаа залуустай залуусын фракц үүсгэж болох юм гэж хэлж байсан. Тэгвэл та тэр фракцад багтах уу?

-Залуучууд өөрсдийн үзэл бодлоо нам харгалзахгүйгээр илэрхийлэхийг үгүйсэхгүй. Зарим нэг тодорхой зүйл дээр хамтран ажиллавал юу нь буруу гэж. Сайхан л шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.