Унгарт 12-оос дээш cap ажиллаж, амьдарсан бол тэтгэвэрт хамрагдах боломжтой боллоо
2012.03.19

Унгарт 12-оос дээш cap ажиллаж, амьдарсан бол тэтгэвэрт хамрагдах боломжтой боллоо

Учир нь өнгөрөгч оны зургаадугаар сард "Монгол Улс болон Унгар улс хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээр" байгуулсан нь тус улсад ажиллаж, амьдарч байсан болон ажиллаж байгаа Монгол иргэдийн тэтгэврийн асуудал таатай шийдвэрлэгдэх боломжийг бүрдүүлсэн билээ.

Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр оронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, тэтгэврийг харилцан шилжүүлэн олгож байх нөхцөл бүрдсэн бөгөөд Унгарт 12 болон түүнээс дээш сарын хугацаагаар ажиллаж холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн Монгол иргэдийн тэтгэврийн асуудал шийдвэрлэгдэхээр болж байгаа юм.

Одоогийн байдлаар Унгар улсад Монголын 2000 гаруй иргэд сурч, ажиллаж байна. Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр орны иргэдийн зөвхөн одоо ажиллаж шимтгэл төлж байгаа хугацаанаас гадна өмнө нь ажиллаж байсан хугацааг ч тэтгэвэр тогтооход оруулан тооцох болсноороо Унгарт олон жил хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан манай иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болж байна.

Хэлэлцээр энэ оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд одоогийн байдлаар хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр хоёр талаас томилогдсон эрх бүхий байгууллагуудаас ажлын хэсэг байгуулагдаж, хэрэгжилтийн өмнөх бэлтгэл ажлыг хангаж байгаа гэнэ.

Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.