Замын-Үүдэд агаарын тээврийн үйлчилгээ нээгдэнэ
2012.03.14

Замын-Үүдэд агаарын тээврийн үйлчилгээ нээгдэнэ

Олон жил үлгэр домог мэт яригдаж ирсэн Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа өргөжих үе шатандаа ороод байгаа билээ.

Түүний нэгэн тод жишээ саяхан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, хотын ИТХ-ын төлөөлөгч Ц.Анандбазар, нийслэлийн боловсрол соёлын газрын дарга Д.Пүрэвхүү болон бусад албаны хүмүүс оролцсон ажлын албаны төлөөлөгчид БНХАУ-ын Эрээн хотод ажлын айлчлал хийж хоёр хотын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Тэртээ 1956 онд гадаадын аялал жуулчлалын төв төдий байсан элсэн манхан дунд дуншиж байсан Эрээн хотынхон сүүлийн 20 гаруй жилд танигдашгүй өөрчлөн байгуулалтыг хийж чадсан. Өнөөдөр энэ хотод 700 гаруй Монголчууд суурьшин амьдарч байгаа бөгөөд хоёр улсын хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр урд хөршийн худалдаа үйлчилгээний гол зангилаа Эрээн хот хамгийн их бараа эргэлттэй худалдаа эрхлэгчдийн үйлчилгээний гол төв болсон.

Тиймээс ч энд Улаанбаатар хотын төлөөлөгчийн газраа нээж байгаа юм байна. Хамгийн сонирхолтой нь Улаанбаатар Эрээн хотын хооронд агаарын замын шинэ урсгал бий болгох зорилгоор энэ оны тавдугаар сараас дээрх хоёр хотын хооронд туршилтын нислэг хийж эхлэх аж.

Энэ нь манай иргэд, аялал жуулчлалын хэн бүхэн Эрээн хот орох гэж хоног өнжин галт тэрэг хөлөглөж цаг хугацаа алддаг байсан үе халагдаж, ердөө нэг цагийн дотор хүрч очиж, зорьсон ажлаа амжуулаад буцах боломж бүрдэх аж. Цаашдаа Эрээн-Улаанбаатар хот хоорондын байнгын нислэгийн маршрут ч нээгдэх юм байна.

Түүнчлэн Эрээн хотод Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар байгуулснаар хоёр хотын хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлж хойшид хүнд даацын машины авто замыг байгуулж түүний хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын тал дааж энэ чиглэлийн авто замыг барьж байгуулах боломжтойгоо Эрээн хотын удирдлага мэдэгдсэн.

Эрээн хотын удирдлагын ажил хэрэгч саналыг Улаанбаатар хотын төлөөлөгчид талархалтай хүлээн авч судлан, хоёр улсын Засгийн газрын түвшинд шийдвэр гаргуулахад чармайж ажиллана гэж Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч дарга Б.Баатарзориг мэдээлсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.