Япончууд анх удаа далайн ёроолоос хий олборлож эхэллээ
Япон улс дэлхийд анх удаа далайн ёроолоос байгалийн хийн нэгэн төрөл болох метаногидрат олборлох туршилт явуулж эхэлжээ. Энэ хийг ашигласнаар тус улсын эрчим хүчний асуудлыг шийдэж чадна гэж шинжээчид үзэж байна. «Тикю» /»Дэлхий»/ хэмээх судалгааны тусгай хөлөг онгоц Хоншю арлын Номхон далайн эрэг хавийн төв хэсэгт оршдог Нагоя хотын ойролцоох Ацуми хойгоос өмнө зүгт 70 км зайтай газарт өрөмдлөг хийж эхэлжээ. Уг хөлөг онгоц 260 гаруй метрийн далайн гүнд дөрвөн цооног өрөмдөнө. Нэг цооног нь метаногидрат олборлож болох эсэхийг тодорхойлох зориулалттай бол үлдсэн гуравт нь хэмжилт хийх ажээ. Далайн тэнгисийн өрөмдлөг хийх бүсийн гүн нь 1000 орчим метр юм.
Туршилтын олборлолтыг нэгдүгээр сараас ирэх оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд явуулах бөгөөд амжилттай болсон тохиолдолд ордыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах ажлыг Нагоя хотод 2018 оноос эхлүүлэх ажээ. Метаногидрат буюу гидрит метан нь гадаад хэлбэрээрээ цас эсвэл хайлж байгаа мөстэй төстэй метан, ус хоёрын нэгдэл юм. Уг хий нь мөнх цэвдэгтэй бүсэд элбэг байдаг. Харин далайн гүн дэхь их хэмжээний нөөцийг олборлох боломжгүй гэж саяхныг хүртэл үздэг байв. Гэхдээ далайн гүнд олборлолт хийх шинэ, үр ашигтай технологийг Японы мэргэжилтнүүд гарган авснаа мэдэгджээ.
Метаногидратын нөөц зөвхөн Нагоя хотоос өмнө зүгт байдаг ажээ. Тус бүс нутагт 1 триллион /их наяд/ шоо метрийн нөөц бий. Энэ нь Японы байгалийн хийн хэрэглээг 10 жилийн хугацаанд хангахад элбэг хүрэлцэх нөөц юм. Шинжээчдийн тооцоолж байгаагаар, дээрх бүс нутгийн ойролцоох далайн гүнд 100 орчим жилийн хугацаанд хангалттай хүрэлцэх хэмжээний метаногидратын нөөц байгаа ажээ. Гэхдээ олборлолт, боловсруулалт тээврийн зардлыг тооцвол энэ түлшний үнэ байгалийн ердийн хийний зах зээлийн үнээс харьцангуй өндөр байх юм. Одоогийн байдлаар, Японы эрчим хүчний нөөц барагдаад байгаа бөгөөд гадаад орнуудаас импортлон авч байгаа. Тус улс байгалийн шатдаг хийн томоохон худалдан авагч юм.