Цюрих дэлхийн хамгийн өртөг өндөртэй хот
Швейцарийн Цюрих болон Женев хотууд дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтад урьдын адил толгой цохиж байгаа бөгөөд энэ хоёр хотын дунд Японы нийслэл Токио багтжээ. Ийм дүгнэлтийг "Economist Intelligence Unit"-ээс явуулсан байна. Энэ жагсаалтад нийтдээ 131 хот оржээ. Дэлхийн хамгийн өртөг ихтэй хотуудын тоонд Австралийн Сидней, Мельбурн, Перт, Брисбен, Аделаида зэрэг хот багтаж өмнө нь өртөг өндөртэй гэгдэж байсан Лондон, Нью-Йорк, Ром, Берлиний өмнө бичигдсэн байна. Хойд Америкт хамгийн өртөг өндөртэй хотоор Канадын Ванкувер тодорчээ.
Сүүлийн үед Швейцарь болон Австралийн мөнгөний ханш чангарч эхэлсэн явдал ийн жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд онцолсон байна. Хэрчсэн цагаан талх, нэг литр бензин, цэвэрлэсэн цагаан будаа, мөн 160 нэр төрлийн үйлчилгээ болон барааны үнэлгээг харгалзан хамгийн өртөг өндөр хотуудыг ийн тодруулдаг юм.