АНУ ус,агаарт ноёрхоно
2012.02.14

АНУ ус,агаарт ноёрхоно

МОСКВА. /Коммерсант/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама улсынхаа 2013 оны төсвийн төслийг Конгресст хэлэлцүүлнэ. Энэ баримт бичгийн батлан хамгаалахын санхүүжилттэй холбоотой хэсэг тодорхой болжээ. Пентагоны төсөв 525 тэрбум болсон нь энэ оны төсвөөс зургаан тэрбум доллароор бага байна. Тэгэхдээ үүнээс хойш АНУ-ын зэвсэгт хүчнийхэн нисэх хүчин болон флотоо улам боловсронгуй болгоход илүү анхаарч, харин хуурай замын цэргийн техникийг хөгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтыг эрс багасгана. Үүний учир нь Ирак, Афганистан дахь цэргийн ажиллагаагаа АНУ аажмаар хумьж Ази-Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлэхээр тавьсан зорилтоо шийдвэрлэхэд шилжиж байгаатай холбоотой юм.

 

АНУ-ын зээлжих эрхийн чансаа буурсан, эдийн засгийн бусад хүндрэлтэй асуудал тулгарсан нь Пентагоныг хэмнэлт хийхэд хүргэжээ. 2012 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэх дараагийн санхүүгийн жилд Пентагоны хэрэгцээнд 525 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөсөн нь одоогийн үзүүлэлтээс зургаан тэрбум доллароор бага байгаа юм. Түүгээр зогсохгүй, Америкийн БХЯ төсөвтөө суулгаагүй ч цэргийн ажиллагааны зардлаа 115 тэрбумаас 88 тэрбум доллар болгож бууруулахад бэлэн байна. Ингэвэл 45 тэрбум доллар хэмнэж чадах аж.

 

Эдгээр тоо баримт нь 2011 оны санхүүгийн жилд төлөвлөсний дагуу Цагаан ордон батлах хамгаалах зардлаа аажмаар багасгах чиг бодлого баримталж буйн нотолгоо болж байна. Пентагоны тэргүүн Леон Панеттагийн мэдэгдсэнээр, 2012-2021 онд төлөвлөсөн 5,62 триллион долларыг 8,5 хувиар буюу 487 тэрбум доллароор багасгахаар төлөвлөж байна. Үүний сацуу 2001-2010 онд АНУ-ын цэргийн төсөв 81 хувиар өссөнийг Стокгольмын олон улсын судалгааны хүрээлэн тооцоолжээ. 2010 оны дэлхийн улс орнуудын батлан хамгаалах зардлын 43 хувь нь АНУ-д ногдож байгаа бөгөөд тус улсын цэргийн төсөв нь хамгийн ойролцоо хэмжээтэй БНХАУ-ын цэргийн төсвөөс зургаа дахин их байв.

 

Пентагон энэ удаа зардлаа багасгахын тулд нэлээд хэдэн арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Тухайлбал, 2017 он гэхэд зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүний тоог 100 мянгаар, тодруулбал, хуурай замын цэргийнхээ тоог 570 мянгаас 490 мянга, тэнгисийн цэргийнхийг 202 мянгаас 182 мянга болгон цөөрүүлэхээр төлөвлөсөн байна. Тэрчлэн төсвийн бүх зардлыг ямар нэг хэмжээгээр багасгажээ. Жишээ нь, хуурай замын байлдааны техник бүтээх болон худалдан авах зардлыг одоогийнхоос 10,9 тэрбум доллароор буюу 32 хувиар багасгана. Худалдан авах тактикийн зориулалттай хүнд машины тоог мэдэгдэхүйц цөөрүүлж, 2012 онд 9300 байсныг 2013 онд 1500 болгох аж.

 

Ингэж цөөрүүлж байгаа нь Пентагон юуны түрүүнд, хуурай замын цэргийн ажиллагаагаа аажмаар дуусгах гэж байгаатай холбоотой. Өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын армийн бүх цэрэг Иракийн нутаг дэвсгэрээс гарсан. Одоо тэнд Америкийн дипломатууд, зөвлөхүүд, хамгаалагчид гэсэн 16 мянган хүн үлджээ. Афганистанаас цэрэг гаргах ажиллагаагаа 2014 он гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Тэгэхдээ Вашингтон нэгэн зэрэг хэд хэдэн байлдааны ажиллагаа явуулах бодлогоосоо татгалзаж, хуурай замын өргөн цар хүрээтэй кампанит ажиллагаа явуулахгүй байхаар шийдсэнийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нэг бус удаа мэдэгдэж байжээ.

Одоо Америкийн цэргийнхэн өмнөө өөр зорилго тавьж байна. АНУ-ын аюулгүй байдлын шинэ стратегид тусгаснаар, гол анхаарал «аюулгүй байх, хөгжин цэцэглэхэд нь» туслах хэрэгтэй Ази-Номхон далайн бүс нутаг руу шилжинэ. Үүнийг Америкийн флот болон нисэх хүчнийг бодитойгоор шинэчлэхгүйгээр хийх боломжгүй гэж Вашингтон үзэж байна. Чухам иймийн учир хэдийгээр төсвөө багасгаж байгаа ч нисэх онгоц тээгч 11 хөлөг онгоцтойгоо байхаа Леон Панетта амлажээ.

 

Флотоос гадна нисэх хүчнээ бэхжүүлэх нь чухал юм. Худалдан авах F-35 сөнөөгч нисэх онгоцны тоо бага зэрэг буурсан ч татвар төлөгчдийн мөнгөнөөс 9,17 тэрбум доллар зарцуулна. Үүний сацуу Пентагон АНУ-ын Агаарын цэргийн хүчний паркийг долоон C-130J тээврийн нисэх онгоцоор шинэчилж, AH-64 болон UH-60 Black Hawk нисдэг тэрэг нэмж худалдан авах, шатахуун тээвэрлэдэг KC-46 нисэх онгоц бүтээхэд зориулан Боинг корпорацид 1,82 тэрбум доллар шилжүүлнэ.

Мөн нисгэгчгүй нисэх онгоц худалдан авах төсвөө нэмэхээр болжээ. Global Hawk гэдэг нисгэгчгүй, стратегийн тагнуулын зургаан нисэх онгоц худалдан авахад 1,25 тэрбум доллар зарцуулахаар болсон байна.

АНУ-ын зэвсэгт хүчний бүтэц өөрчлөгдөж байгаагаас үзвэл, одоо Вашингтон тэнгисийн цэргийн ажиллагаа болон агаараас цэгчилсан цохилт өгөхөд гол анхаарлаа хандуулах бодолтой байна. Энэ бүхэн цөмийн бус цэнэгтэй, өндөр нарийвчлалтайгаар цохилт өгөх пуужингийн чадамжийг өргөжүүлж дэлхийн аль ч цэгт цохилт өгөх, Ази-Номхон далайн бүс нутаг дахь стратегийн гол дайсан болох Хятадын цэргийн амбицийг тогтоон барих боломжийг Пентагонд өгөх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.