НҮБ-ын Ардчиллын бүлэг байгуулахаар төлөвлөж байгаа гэв
2012.02.06

НҮБ-ын Ардчиллын бүлэг байгуулахаар төлөвлөж байгаа гэв

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал 2 дугаар сарын 3-нд НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын орлогч, хатагтай Кьюнг-ва Кангтай уулзан, АОХН-ийн дарга орны хувьд Монгол Улсын явуулж буй үйл ажиллагаа, тэргүүлэх чиглэлийн талаар танилцуулж, Женев дэх НҮБ-ын салбар байгууллагууд, түүний дотор НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газартай хамтран ажиллах боломж, арга замын талаар санал солилцов.

Элчин сайд С.Бадрал Женевт НҮБ-ын Ардчиллын бүлэг байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, 3 дугаар сарын 1-нд тус хотод хийх АОХН-ийн Удирдах зөвлөлийн 3 дугаар хуралдаанд оролцохыг урив. НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын орлогч өмнө нь БНСУ-ын Гадаад хэргийн яаманд ажиллаж байхдаа АОХН-ийн асуудлыг хариуцаж байснаа дурдаж, тэр үед эхлэл төдий байсан АОХН тогтолцооны хувьд бэхжиж, үйл ажиллагаа нь өргөжиж байгааг харахад таатай байна гээд ардчилал, хүний эрхийг урагшлуулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ) дээр ярилцдаг асуудлууд нарийн түвэгтэй, улс орнуудын байр суур зөрөөтэй байдгийг дурдаж, АОХН-ийн Женев дэх үйл ажиллагаа нь бүс нутгуудыг хамарсан, ардчилсан улс орнуудын байр суурь нэгдмэл байдаг асуудлаас эхлэх, ХЭЗ-ийн Сайд нарын уулзалтын үеэр тусгай арга хэмжээ зохиож болохыг зөвлөв.Мөн Монгол Улс цаазлах ялыг халсанд талархаж, баяр хүргэхийн зэрэгцээ Монгол Улс байгалийн баялгаа зүй зохистой ашиглан, хөгжлийн асуудлаа амжилттай шийднэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Хатагтай Кьюнг-ва Канг улс орондоо нэртэй сэтгүүлч, дипломат байсан төдийгүй эмэгтэйчүүдийн эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч байсан хүн юм. Иймд түүнийг энэ жил Улаанбаатар хотноо зохион байгуулах эмэгтэйчүүдийн асуудлаарх олон улсын бага хуралд оролцохыг урив.

Мөн өдөр ТҮГЭС С.Бадрал Хүний эрхийн Дээд комиссарын газрын иргэний болон улс төрийн хэлтсийн дарга Орсет Новосад, Хүний эрхийн тусгай илтгэгчдийн албаны ажилтнууд, мөн Хүний эрхийн асуудлаарх Каирын институтын захирал зэрэг Женевт төвтэй иргэний нийгмийн төлөөлөгчидтэй тус тус уулзаж, АОХН-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.