Олон улсын  нисэх онгоцны буудалтай  болно
2012.01.29

Олон улсын нисэх онгоцны буудалтай болно

Өмнөговь аймаг бол уул уурхайн голомт нутаг. Энэ утгаараа Даланзадгад дахь “Говь гурван сайхан” нисэх онгоцны буудлыг ирэх тавдугаар сараас олон улсын боомт болгох Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан юм.

Одоогийн нисэх онгоцны буудал нь гадаадын томоохон онгоцыг хүлээн авах хүчин чадал хараахан байхгүйн дээр хил гааль, хорио цээрийн бүс, гадаадын харьяат гээд олон хүмүүс ажиллаж, амьдрах орчин нөхцөл, бааз суурь байдаггүй гэнэ. “Монголиан эйрлайнз” группийн хувьд техник технологи нь шинэ, энэ ондоо багтан олон улсын болон орон нутгийн нислэгээ үйлдэнэ. Саяхан анхныхаа нислэгийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр хийж, “Говь гурван сайхан” нисэх онгоцны буудалтай гэрээгээ байгууллаа.  Түүнчлэн онгоцныхоо парк шинэчлэлийг хурдасган 310, 330 гээд зорчигчдын тоогоор техник хэрэгслийнхээ хүчин чадлыг өндөрсгөх юм байна. Шатахууны үнэ ханш өсч, буурах зах зээлийн хүндрэлтэй үед уг компани өөрсдийн бодлогоор одоо байгаа үнээ барьж, зорчигчиддоо аль болох уян хатан үйлчлэхийг зорино гэж тус группийн Гадаад харилцааны дэд захирал Ш.Дэлгэрмаа тайлбарлав.

 

“Говь гурван сайхан” нисэх онгоцны буудлынхан цаашид барилга байгууламжаа төдийгүй техник технологийн үзүүлэлтээ сайжруулах гээд бүтээн байгуулалтын олон арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэй болж байна. Тус нисэх онгоцны буудал цагт 60 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд үүнийг дор хаяж, 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай болгож байж олон улсын хэмжээний нисэх буудал болж чадах ажээ. Хэрэв эдгээр бүтээн байгуулалт, шинэчлэлийг хийж чадвал Өмнөговь аймаг олон улсын эрхтэй нисэх онгоцны буудалтай болох ирээдүй ойрхон байна.

Бүтээгдэхүүний үнийг хөөрөгдүүлэхгүй

байхыг уриалав

Өмнөговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу тус аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн орлогоос нутгийн иргэдэд “Нутгийн хишиг” олгодог.

Энэхүү үйл ажиллагааны гурав дахь олголт эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн удирдлагууд Өмнөговь аймгийн нийт бизнес эрхлэгчдийг хүлээн авч, тус хишиг хувийг олгох үеэр бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдүүлэхгүйгээр тогтвортой байлгахыг уриаллаа.

Одоогийн байдлаар сумдын хүн амын нягталсан бүртгэл явагдаж дууссан бөгөөд аймгийн төв буюу Даланзадгадын хувьд хүн амын бүртгэлийн мэдээлэл зөрчилтэй, давхардаж авсан иргэд олон байгаа учраас олголт удаашрах бололтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.