Ц.Элбэгдорж: Аливаа удирдагч муу ажлыг үргэлжлүүлдэг биш түүнийг зогсоодог, өөрчилдөг байх ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Ерөнхий сайд болон Засгийн газраас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, мөн томилогдохоор яригдаж байгаа хүмүүстэй уулзлаа. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Өнөөдөр би, Ерөнхий сайдтай ярьсны дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан зургаан гишүүн , мөн томилуулья гэж байгаа зургаан хүнтэй уулзая гэж бодлоо.
Эхний асуудал бол , хүсэлт гаргасан сайдуудын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Чөлөөлдөг Их Хурал нь яараагүй байхад томилох гэж байгаа, зөвшилцөх гэж байгаа Ерөнхий сайд бид хоёр яарах шаардлагагүй гэж бодож байна. Засгийн газрын одоо ажиллаж байгаа гишүүд нь чөлөөлөгдөөгүй байхад одоо шинийг томилох тухай хойноос нь ярих хэрэггүй гэсэн бодолтой байгаа.
Хамгийн сүүлд 2007 онд Л.Одончимэд гишүүн ЗГ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг юм байна. Нэгдүгээр сарын сарын 30-нд УИХ хэлэлцэж чөлөөлөөд, оронд нь хоёрдугаар сарын 5-нд Д.Дэмбэрэлийг томилсон байгаа. Хамгийн сүүлчийн жишиг гэвэл ийм байна.
Тэгэхээр чөлөөлөгдөх нөхдүүд эхлээд чөлөөлөгдөх ёстой, дараа нь шинэ хүмүүсийнхээ асуудлыг ярья гэж байгаа юм. Хүмүүс ч надаас асууж байгаа . Чөлөөлөхгүй бол яах вэ гэж. Н.Алтанхуягийг хэлэлцээд санал хураасан чинь Их Хурлын олонхи нь “энэ хүнийг чөлөөлөхгүй ээ, үргэлжлүүлж ажиллах ёстой” гэвэл яах вэ? С.Баярцогт гишүүнийг чөлөөлье гээд санал хураасан чинь олонхи нь “үгүй ээ” гэвэл яах вэ? Энэ бол хүсэлт гаргаснаар юм уу, нам шийдсэнээр явдаг ажил биш ээ. Энэ бол төрийн ажил. Тодорхой хуультай журамтай. Тэгэхээр эхлээд энэ чөлөөлөгдөх хүмүүсийнхээ асуудлыг нэг мөр шийдсэн нь дээр.
Хоёр дахь асуудал бол чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хүмүүс ажлаа тайлагнах ёстой. Ард түмэн өөрийнхөө төлөөллөөр дамжуулж эрхээ барьж байгаа. Та бүхэн тодорхой ажил хийнэ гэж томилогдсон. Байнгын хороод ярьж, дүгнэлт гаргаж, Их Хурал хүн нэг бүрээр ярьж санал хураадаг хуультай.
Энэ Засгийн газар байгуулагдахдаа нэлээн зовж байж байгуулагдсан. Хийх ажлаа ярьж, хоёр бүлгээс ажлын хэсэг гарч, намд, Их Хуралд, ард түмэнд “ийм ийм ажил хийнэ” гэж хэлж ярьж байж гарч ирсэн шүү дээ. Одоо тэр ажил юу болов оо? Хүмүүс хүлээж байгаа шүү. Их Хурал нь яаж хүлээж авдаг юм гэсэн байдлаар харж хүлээж байгаа. Та нар чинь засагт орж ажилласан хүмүүс шүү, түүнээс биш зүгээр нэг загасанд явсан хүмүүс биш. Загасанд явсан хүн хүртэл хөдөлмөрийнхөө үр дүнг эргэж боддог. Тэгэхээр засагт орж ажиллана гэдэг төрийн чухал үүрэг гүйцэтгэж байна гэсэн үг. Энэ тухайгаа Их Хурал дээр ярих ёстой.
Хүмүүс, гишүүд ярьж байна. “Ийм хурдан шийддэг юм уу, салхи шуурга шиг? Нэг өдөр яриад, дараагийн хүмүүс нь орж ирээд, тэгээд энэ хүмүүсийг зөвшилцье гээд ийм хурдан явдаг юм уу?” гэж гайхаж байна. Би Ерөнхий сайдтай санал нэг байгаа. “Ажил хийвэл дуустал хийе” гээд байгаа биз дээ? Тэгэхээр томилогдсон, хүсэлтээ гаргасан хүмүүс одоо ажлаа тайлагнах хэрэгтэй, УИХ тэдний асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой.
Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг Ерөнхийлөгчтэй бас зөвшилцдөг. Тэгэхээр энэ дагуу энэ 6 хүний асуудлыг Их Хурал дээр ярихыг зөвшилцлөө гэсэн бичиг би өнөөдөр өгнө. Тэгээд та бүхэн хуулийнхаа дагуу ажлаа ярь аа. Одоо та нар чөлөөтэй байж болно.
Одоо Ерөнхий сайдаас асууя. Энэ хүмүүсийг сайдад нэр дэвшүүлсэн шалгуур юу байв аа? Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр бид хоёр тодорхой ярилцсан. Засгийн газрыг шинээр байгуулах санал оруулж ирэхдээ баримтлах зарчимаа эхлээд тохирье гэдгийг би маш тодорхой хэлсэн . Нэг зарчим бол, УИХ-ын гишүүнийг ЗГ-ын гишүүнээр давхар томилдгоо больё гэж байг
а. Тэгэхээр бид ийм жишгийг давтахгүй байх зарчмыг цаашаа авч явья. Аливаа удирдагч бол муу ажлыг үргэлжлүүлдэг биш түүнийг зогсоодог, өөрчилдөг байх ёстой. Өнөөдөр Их Хурлын гишүүний ажлаа дийлэхгүй байж давхар Засгийн газрын гишүүн болно оо гэж яваад байдгийг зогсоох ёстой.
Их Хурал, Засгийн газрын хооронд хариуцлагын тогтолцоо бүрэн алдагдсан байгаа. Үүнийгээ энэ удаа залруулья. Одоо ингээд сонгууль болно. Улстөрчид тодорхой сонголт хийх гэж байгаа шүү дээ. Тэд сонголтоо хийхэд энэ жишиг тодорхой чиглэл болог. Би Ерөнхий сайдад “Хоёулаа үүнийг залруулаад, жишиг болгоод хэрэгжүүлээд явья аа. Би танд тусалья” гэсэн. Гэтэл санал оруулж байгаа хүмүүсийн зарим нь Их Хурлын гишүүд байна. Тайлбар хэлье гэж байгаа бол сонсоё.
С.Батболд /Монгол Улсын Ерөнхий сайд/: Энэ бүх үйл ажиллагаа өнөөдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хууль бусад хууль дүрмийнхээ хүрээнд явагдах учиртай. Тийм учраас Засгийн газраас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гишүүд болон шинээр томилогдох хүмүүсийн энэ асуудал хуулийн дагуу явж байгаа. Цаашдаа УИХ дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд зохих өөрчлөлт хязгаарлалтуудыг оруулж Засгийн газрын болон Их Хурлын гишүүний асуудлыг ярилцах ёстой. Гэхдээ энэ бол хууль батлагдсны дараа яригдах асуудал.
Ц.Элбэгдорж /Монгол Улсын Ерөнхийлөгч/: Хуулийг харвал Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байж ч болно, байхгүй ч байж болно. Хориглосон зүйл байхгүй. Их Хурал, Засгийн газрын гишүүдийг давхардуулж томилдгоо энэ мөчөөс зогсооё гэж байгаа юм. Яг хариуцлага талаас нь, ажил хэрэг талаас нь харах хэрэгтэй. Хууль тогтоох эрх мэдлээс илүү том эрх мэдэл гэж байхгүй шүү дээ. Гэтэл энэ эрх мэдлийг хэрэгжүүлээд сууж байгаа гишүүд нэмж Засгийн газрын гишүүний эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэдэг байж боломгүй зүйл.
“Их хүссэн , их яарсан хүнээр төрийн ажлыг бүү хийлгэ” гэсэн манай өвөг дээдсийн үг байдаг. Гэтэл өчигдрөөс харж байхад нэг л их яарсан улсууд! Энд ямар нэг хийдэл, завсардал гарах асуудал байхгүй. Танай Засгийн газрын гишүүд өөрчлөгдөөгүй, ажлаа хийгээд явж байгаа чөлөөлөгдөх эсэх нь Их Хурлаар яригдаа ч үгүй байна. Бид бүгдээрээ “ховсдуулчихсан” юм шиг байж болохгүй. Нийгмээрээ ардчилалд шилжээд 20 жил болж байгаа энэ хугацаанд хангалттай олон зүйл тууллаа бид. Юунд ингэтлээ яараад, адгаад байгаа юм бэ? 3 жил 6 сар яараагүй шүү дээ, та нар.
Цахилгаан станцын асуудлыг бид 2 жилийн өмнө ярьж байсан. “5-р цахилгаан станцыг барих ажлаа эхэлье ” гэж байсан. Маргааш би Өмнөговь аймаг руу Таван толгой, Оюу толгойн ажилтай танилцах гээд явах гэж байна. Тэнд цахилгаан станцын яриа босч ирнэ. Энэ асуудлыг одоо болтол шийдэхгүй байгаа. Бензин шахдаг хэдэн хүнтэй, тэгээд энэ асуудлыг дандаа хойшлуулж байдаг. Төмөр замын асуудал байна. Боломж байсаар байтал шийдээгүй. Та нар 3 жил 6 сар яараагүй шүү.
Зөвшилцөнө гэдэг бол Үндсэн хуулийн ойлголтоор хийгдэх гэж байгаа томилгооны зөв бурууг ярилцана гэсэн үг. Түүнээс биш орж ирсэн нэрэн дээр “адис өгөөд гаргадаг” хэлбэр биш ээ. Өмнө нь та бид хоёрын ярьсан зарчмаар Засгийн газрын гишүүнийг оруулж ирээгүй энэ явдал бол зөвшилцөх сонирхол байхгүй байгааг харуулж байна. Намын гаргасан шийдвэрээр Ерөнхийлөгч явах ёстой, энэ бол эцсийн шийдвэр гэж харж байгаа бол буруу. Ийм жишгээр бид цаашаа явахгүй.
С.Батолд Ерөнхий сайдын хувьд 6 гишүүн чөлөөлүүлэх, дахиад 6 гишүүн томилуулах асуудлыг анх удаа оруулж ирж байна. Би бас энэ ажлыг өмнө нь хийж байсан. Бид энэ чөлөөлөх, томилох асуудлыг үнэхээр ул суурьтай, бодлоготой авч үзэх ёстой. Лав цаана чинь “Сайдгүй боллоо, энэ хэдийг хурдан томилоод өг” гэж яамдуудаас над руу ярихгүй байна. Харин ч “ тааруухан хүмүүс бол нэг өдөр ч болтугай холхон байгаасай” гэсэн хандлагатай байна. Иргэдийн зүгээс надад хандаж маш олон хүсэлт хэлж, үг дайж байгаа. Тэр саналуудыг судлах ёстой.
Ц.Дашдорж энд байна уу? УИХ-ын гишүүний ажил бол чөлөөт цагаараа хийдэг ажил биш , Дашдорж оо! Та 2004-2006 онд намайг Ерөнхий сайд байхад Барилга хот байгуулалтын дэд сайд байсан байх аа? Би бол өөрийг чинь дэд сайд гэж бараг танихгүй байж байгаад ажлаа өгч байсан. Одоо тэр ажил дээр чинь зам тээвэр, төмөр зам, онгоц гээд олон асуудал нэмэгдсэн. Үнэхээр ажиллах гээд байгаа бол тэр Оюутолгой, Таван толгой руу явах хэрэгтэй. Тэнд байгаа хүмүүстэй уулзаж, газар дээр нь хар. Ер нь та нар өмнөх сайдуудтайгаа уулзсан уу? Хийсэн ажлуудыг нь авч үзсэн үү? Бид өмнө нь тийм л шаардлага тавьдаг байсан. Ажил хийх гэж байгаа бол өмнөх хүмүүсийн хийсэн ажилтай танилц аа гэдэг байсан. Төрийн ажлыг хийх гэж байгаа бол сэтгэл гаргах хэрэгтэй. Ямар ид шидээр, юугаар олонхийн санал авч орж ирсэн нь хамаагүй. Би бол Ерөнхий сайд саналаа оруулж ирсэн гэж ойлгож байгаа шүү.
Д.Хаянхирваа байна. Хаанаас надад их гомдол ирж байгааг Д.Хаянхирваа хамгийн сайн мэдэж байгаа гэж бодож байгаа. Та хаашаа явж хэнтэй уулзахыгаа надаар заалгалтгүй мэдэж байгаа. Таны нэр сайдад яригдсанаас эхлээд маш олон зүйл надад ирсэн. Бараг долоо хоног бүр 2-3 хүн тэр Хонгор суманд хордлого, хавдраар өвчилж, нас барж байна гээд яриад байгаа. Хонгор сум руу заавал очих хэрэгтэй. Та үүнийг Ерөнхийлөгчийн өгч байгаа үүрэг гэж ойлго. Сонгогчидтойгоо уулзаарай та! Хонгор сумын асуудлыг та Төсвийн байнгын хорооны даргын хувьд анхаарах ёстой. Тэр мөнгө төгрөг, төсөв санхүү , цаашдын байдлыг нь яаж шийдэх юм ? Өмнө нь Ерөнхий сайд тэнд очоод тодорхой амлалт өгөөд “асуудлыг шийднэ” гэж хэлээд явсан. Засгийн уламжлалт бодлого гэж байх ёстой гэж бодож байгаа.
Энэ яамд дотроос хуулиараа Ерөнхийлөгчтэй хамгийн ойрхон ажилладаг яам бол Гадаад харилцааны яам болон Батлан хамгаалах яам байгаа. Батлан хамгаалах яаман дээр очих гэж байгаа хүн зангарагтай хүн байх ёстой шүү. Энэ бол их түүхтэй, том яам. Бид энэ яамыг толгойлох гэж байгаа хүний асуудлаар нухацтай ярилцах ёстой гэж би Ерөнхий сайдад хэлж байсан. Ж.Энхбаяр гишүүн ЗХЖШ-ын удирдлага, яамны хүмүүстэй уулзах хэрэгтэй.
Уг нь бид хэвлэл мэдээллээр дамжуулж ажлаа хиймгүй байгаа юм. Өчигдөр нэлээн зүйл хэвлэлээр харлаа, мэдэгдэл сонслоо, хүмүүс ч надад энэ тухай хэлж байна.
Би маргааш өглөө өмнө төлөвлөсний дагуу хөдөө явна. Араас битгий хэвлэлээр дамжуулж мэдэгдэл хийгээд байгаарай.
Өмнөговь руу ирээч гэж хүсэлт их ирсэн, миний сонгогдсоноосоо хойш очоогүй үлдсэн байгаа цөөн аймгуудын нэг. Тэнд бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Говьд очоод би Оюу толгой, Таван толгой, Даланзадгадын байдалтай танилцаж, малчин айл, малчны хотоор очиж, хононо. Тэгээд нэгдэх өдрийн үдээс хойш ирнэ.
Би дахиад хэлье. Их хурал нь хүсэлт гаргасан Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх асуудлаа шийдэг. Томилох хүмүүсийг зөвшилцөх асуудлын хувьд миний саяны хэлсэн ярьсан зүйл яаж шийдэгдэхийг харья.
Төрийн ажил гэдэг бол эхлэлтэй төгсгөлтэй, барьцтай, өөрийн хууль дүрэмтэй, дэгтэй жаягтай. Бид сайныг нь үргэлжлүүлж, мууг нь залруулж засч энэ төрийн ажлыг хийх ёстой. Одоо та нар чөлөөтэй” гэлээ.
Үүгээр уулзалт өндөрлөв.