Орос улс эдийн засгаар дээгүүр байр эзэлдэг болно
2012.01.16

Орос улс эдийн засгаар дээгүүр байр эзэлдэг болно

Орос улс эдийн засгаар дээгүүр байр эзэлдэг болно
ТОВЧХОН
  • Тус банкны эдийн засагчдын үзэж буйгаар, 2050 он гэхэд Хятад, АНУ, Энэтхэг, Япон, Герман дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болно.

МОСКВА. /Коммерсант/. Оросын эдийн засаг 2050 он гэхэд дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын жагсаалтад хоёр шат ахиж, Испани болон Филиппиний дунд 15 дугаар байр эзэлнэ гэж Европын банкны HSBC группын мэргэжилтнүүд үзэж байна. 2050 онд энэ жагсаалтыг Хятад, АНУ, Энэтхэг улс тэргүүлэх аж.

 

Дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын хөгжлийн талаар урьдчилсан таамаг гаргаж, эдийн засгийн хувьд хамгийн амжилттай яваа 100 орныг багтаасан чансааны жагсаалт орсон «Дэлхий 2050 онд» илтгэлээ HSBC-гийн мэргэжилтнүүд танилцуулсан байна. Банкны мэргэжилтнүүд чансааг гаргахдаа нэг хүнд ногдох орлого, хүн ам зүйн динамик, хууль тогтоох байгууллагын хөгжил, ардчилал, боловсролын түвшин гэсэн хүчин зүйлүүдийг үндэс болгон авч үзжээ.

 

Тус банкны эдийн засагчдын үзэж буйгаар, 2050 он гэхэд Хятад, АНУ, Энэтхэг, Япон, Герман дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болно. Ингэснээр одоогийн тэргүүлэгч тавын тооноос Их Британи хасагдаж, оронд нь Энэтхэг гарч ирнэ. Орос улс хоёр шат ахиж Испани /хоёр шат буурна/ болон Филиппиний дунд 15 дугаар байр эзэлнэ. Эрдэмтэд Филиппины байр суурь 27 шатаар ахина гэж таамаглаж байна. Иргэд нь бага орлоготой, ядуу хэдий ч хүн амын эрчимтэй өсөлт, хүн ам зүйн таатай нөхцөлийн ачаар зарим улс, жишээ нь, Африкийн орнуудын эдийн засаг үлэмж хэмжээгээр өснө гэж илтгэлд тэмдэглэжээ. Харин Европын орнуудын хүн ам зүйн үзүүлэлт тааруу байх учир эдийн засгийн өсөлт нь удаашрах аж. Тухайлбал, Оросын хөдөлмөрийн чадвартай хүн амын тоо 2050 он гэхэд 31 хувиар буурахаар байгаа нь эдийн засгийн өсөлтийн хурдцад нөлөөлнө. HSBC-гийн шинжээчид Оросыг эдийн засгийн өсөлтийн хурдац нь ахих буюу гурваас таван хувь болж өсөх гурван бүлэг орнуудын нэгд оруулсан байна.

 

Эдийн засаг нь өсөх орнуудын тоонд Бразил, Мексик, Аргентин, Индонезийг оруулжээ. Харин эдийн засаг нь түргэн өсөх бүлэг орнуудын тоонд Хятад, Энэтхэг, Филиппин, Малайзаас гадна Узбекстан, Казахстан, Туркмен, Перу, Эквадор, Египет, Иордан орсон байна.

Нийтлэлч
З.Амгалан
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.