Унадаг дугуйн зам барина
2012.01.12

Унадаг дугуйн зам барина

Унадаг дугуйн зам барина
ТОВЧХОН
  • Унадаг дугуйн зам төслийг нийслэлийн Барилга, хот байгуулалтын төлөвлөлтийн газраас санаачлан зохион байгуулж байгаа юм.
  • Энэ хүрээнд нийслэл рүү чиглэсэн ажил хийе гэж шийдээд "New image" клубыг байгуулсан.
Улаанбаатар хот унадаг дугуйн зориулалтын замтай болох гэж байна. Энэ талаар нийслэлийн Барилга, хот байгуулалтын төлөвлөлтийн газрын Баянзүрх, Багануур дүүрэг хариуцсан архитектор Д.Хан-Уулаас тодрууллаа.

-Улаанбаатар хот унадаг дугуйн замтай болох ажил ямар шатандаа яваа вэ?
-Унадаг дугуйн зам төслийг нийслэлийн Барилга, хот байгуулалтын төлөвлөлтийн газраас санаачлан зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд нийслэл рүү чиглэсэн ажил хийе гэж шийдээд "New image" клубыг байгуулсан. Ингээд өнгөрсөн жил энэ талаар судалгаа хийж, нийслэлийн удирдлагуудад танилцуулсан байгаа. Мөн унадаг дугуйн аялал зохион байгуулсан. Үүгээр ямар хүндрэл гарч байна тэр бүгдийг судалсан байгаа. Энэ төслийг хийхэд хотын захиргаанд ажиллаж байгаа төрөл бүрийн мэргэжилтнүүд тэр дундаа замынхан, газар зохион байгуулагч, архитекторууд, их, дээд сургуулиуд, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн оролцсон.

Өнгөрсөн хугацаанд унадаг дугуйн зам гадны орнуудад ямар байдаг, хэрхэн хэрэгжүүлдгийг Улаанбаатар хотын онцлог, цаг агаарын байдлыг судалсан. Судалгааны үндсэн дээр Улаанбаатар хотод унадаг дугуйн зам байх ёстой юм байна гэж үзсэн.

-Нийслэлд тавигдах унадаг дугуйн зориулалтын зам хаанаас хаа хүртэл хэдэн км үргэлжлэх вэ. Дугуйн зогсоол баригдах уу?
-Улаанбаатар хотын босоо, хөндлөн чиглэлд буюу Туул, Сэлбэгол дагасан унадаг дугуйн зам тавихаар төлөвлөсөн. Гэтэл олон улсын туршлагыг судлаад, унадаг дугуй аль ч зам, гудамжинд байж болох юм байна гэж үзсэн. Ингээд судалгаагаар 143 км унадаг дугуйн зам тавигдах боломжтойг гаргасан байгаа. Эхний ээлжинд хоёр км тутамд камержуулсан 55 хяналттай дугуйн зогсоолыг барих хэрэгтэй байгаа. Цаашид зогсоолыг 99 болгохоор зорьж байна. Улаанбаатар хотод гадны орны жишгээр гурван хэлбэрээр хийнэ. Нэгдүгээрт өргөн замтай газар нь нэгдүгээр эгнээгээр нь явуулна. Нарийнхан замтай бол явган зам дээр явуулна. Боломжтой гудамжинд шинээр зам тавина.

-Тэгэхээр энэ төсөл энэ жил хэрэгжих боломжтой гэж ойлгож болох уу?
-2012 оны төсөвт хөрөнгийг нь суулгахаар санал оруулаад байна. Хөрөнгөний хувьд урьдчилсан тооцоо гаргасан байгаа. Яг ажил болгохын тулд ажлын зураг төсөл хийх ёстой. Үүнд 140 орчим сая, нийт энэ төслийг хэрэгжүүлэхэд нэг тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Хамгийн эхэнд зам тавих боломжтой хэсэг нь Улаанбаатар хотын төв зам Энхтайваны өргөн чөлөө. Өөрөөр хэлбэл, Офицеруудийн ордноос X хороолол хүртэлх хэсэг байгаа. Энэ хэсэгт замын голд хэсэг зай байгаа шүү дээ. Үүнийг ашиглаж хийж болох боломжтой байна. Мөн "Нарны зам" байна. Сүүлийн үеийн замууд унадаг дугуйн зам барьж болохоор баригдаж байгаа. Энэ жилийн хувьд орон сууцны хорооллуудад унадаг дугуйн зогсоолыг төлөвлүүлэх, хийлгэх, түүнийг улсын комиссоор хүлээлгэж авах ажлыг хийнэ.

-Тэгвэл унадаг дугуйн замын тэмдэглэгээний стандартыг тогтоох уу?
-Харин унадаг дугуйн замын тэмдэг тэмдэглэгээг одоо мөрдөгдөж байгаа олон улсын стандартын дагуу хийнэ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд унадаг дугуй зөвхөн төвлөрсөн зах дээр худалдаалагддаг байсан. Харин одоо нийслэлд унадаг дугуйн арваад брэндийн дэлгүүр нээгджээ. Унадаг дугуйн хэрэглээ маш өссөн байгаа. Үүнээс гадна хууль журам нь батлагдах ёстой. Унадаг дугуйн зам дээр бага насны хүүхэд хэрхэн зорчих, дунд, насанд хүрсэн хүмүүс хэрхэн зорчих гэх мэт нарийн төслүүдийг хийж байна.

-Аюулгүй байх талаасаа юуг анхаарах вэ?
-Энэ талаар Улаанбаатар хотын удирдлагууд болоод Замын цагдаагийн газарт танилцуулсан. Дугуйн холбоо ч дэмжиж ажиллаж байгаа. Эхний ээлжинд камержуулсан 55 зогсоолуудыг дүүрэг бүрийн цагдаагийн хэлтэст хүлээлгэж өгөхөөр санал дэвшүүлээд байгаа. Дээр нь унадаг дугуйн хэрэглэгчид Замын цагдаагийн газарт бүртгэлтэй болно. Дугуй тус бүрийг кодтой болгох юм. Энэ нь олон улсын жишиг.
Нийтлэлч
Э.Пагма
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.