Цацрагийн бохирдолтой машинуудыг гааль дээр тусгаарлажээ
2012.01.10

Цацрагийн бохирдолтой машинуудыг гааль дээр тусгаарлажээ

Цацрагийн бохирдолтой машинуудыг гааль дээр тусгаарлажээ
ТОВЧХОН
  • Өнгөрсөн жил Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцад цуврал дэлбэрэлт болсонтой холбоотойгоор тус улсаас орж ирж байгаа автомашинуудад цацрагийн хяналт шалгалт хийж эхэлсэн юм.
  • Цөмийн энергийн газар, Нийслэлийн гаалийн газартай хамтарч Японоос орж ирж байгаа бүх машинд цацрагийн хяналт шалгалт хийж байна.

Өнгөрсөн оны найм­дугаар сард Япон ул­саас орж ирсэн найман машинаас цацрагийн бохирдол илэрч байсан. Үүнээс хойш нэлээд олон  автомашинаас цацрагийн бохирдол ил­рээд байгаа аж. Энэ та­лаар Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Б.Мөнх­тогтохоос тод­руулсан юм.

-Одоо Японоос орж ирж байгаа машинд хя­налт тавьж байгаа юу?


-Өнгөрсөн жил Японы Фүкүшимагийн атомын цахилгаан стан­цад цув­рал дэлбэрэлт бол­сон­той холбоотойгоор тус улсаас орж ирж байгаа автомашинуудад цацра­гийн хяналт шал­галт хийж эхэлсэн юм. Цөмийн энер­гийн газар, Нийслэ­лийн гаалийн га­зар­тай хамтарч Японоос орж ирж байгаа бүх ма­шинд цацрагийн хяналт шал­галт хийж байна.

-Зөрчил их байна уу?


-7479 ма­шинд шал­галт хий­сэн байна. Үүнээс цац­ра­гийн бохир­долтой 33 ма­шин илэр­сэн та­лаар хэвлэлүүдээр мэ­дээл­сэн. Эхний най­ман авто­маши­наас цац­ра­­гийн бохирдол илэр­сэн. Дараа нь дахиад арван автомашинаас бохир­дол илэрч, бохирд­лыг нь арил­гаад буцааж эзэнд нь хүлээлгэж өгсөн байгаа. Одоо 15 маши­ныг тус­гаар­лаад байна. Ер нь цацрагийн бохир­дол­той машин их илэрч байгаа учраас Гаалийн ерөнхий газар, Цөмийн энергийн газар, Онцгой байдлын ерөнхий газар­тай хамт­ран цацрагийн бохир­долтой машиныг улсын хилээр нэвтрүү­лэхгүй гэсэн мэдэгдэл гаргасан байгаа. Ажлын хэсэг бай­гуулагдан ажил­лаж бай­гаа. Ажлын хэсэг эдгээр машиныг яах тухай шийд­вэрийг гаргах байх. Үүнээс гадна хууль хянал­тын байгууллагаар шал­гуу­лах ёстой автомаши­нууд бий.

-Цацрагийн бохирдлыг яаж арилгадаг юм бол?


-Энэ ажлыг манайх Онцгой байдлын ерөнхий газартай хамт­ран явуулж байна. ОБЕГ-ын Аврах тусгай анги цацрагийн бохирдол­той машины бохирдлыг арилгах ажлыг гардаж хийж байгаа. Тэр үйл ажиллагаанд нь манайхаас цацра­гийн хяналтыг тавьж ажиллаж байна.

-Цацрагийн бохирдлыг арил­гах­даа угаагаад болчихдог гэсэн яриа байна. Хэрвээ үнэн бол цацрагийн бохирдол нь бүрэн арилах уу?


-Энгийн угаалга хийнэ гэж байх­гүй шүү дээ. Хуурай болон нойтон хосолсон тусгайлсан олон аргаар цацрагийг нь багасгадаг. Монгол Улсад мөрдөж байгаа стандарт байдаг. Автомашины гадаргуунд байж болох цацрагийн хэмжээг заасан стандарт байгаа. Тодруул­бал, гадаргын бохирдлын зөвшөө­рөгдсөн хэмжээ нь 100 бөөм/см2 мин гэсэн хэмжигдэхүүн бай­даг. Үүнээс давсан байвал цацра­гийн хэмжээг нь бууруулах, стан­дартыг нь саармагжуулах бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Тэгээд энэ зөвшөөрөгдөх хэмжээнд хүр­сэн тохиолдолд аюулгүй гэж үздэг юм.

-Гааль дээр хяналт шалгал­тад орохгүйгээр орж ирсэн ма­шин байгаа болов уу?


-Одоогоор Япон улсаас орж ирж байгаа автомашинуудыг нэг бүрч­лэн шалгаж байна. Тиймээс цацра­гийн бохирдлын хяналт хийл­гээгүй автомашин нийслэлд орж ирэх боломж байхгүй.

Бохир­дол­той автомашин хэмжилтэд хамрагдах­гүйгээр орж ирнэ гэсэн ойлголт байхгүй.

Ер нь одоо илрээд байгаа бохирдолтой авто­машинуудыг шинжилгээ хийж, дүгнэлт хийгээд үзэхэд маш өндөр цацрагийн бохирдолтой буюу хү­ний амь насанд аюул учруулахуйц өндөр зэрэглэл илрээгүй. Гэхдээ аюулгүй юм байна гэж ойлгож болохгүй.  Цацрагийн бо­хир­дол тархах, хүн амыг эрсдэлтэй байдалд учруулах магадлал өндөр учраас хяналт шалгалт явуулж байна гэж ойлгож болно.

-Хэр хугацаанд цацрагийн бохирдлыг арилгадаг юм бол?


-Тухайн машины хэр хэмжээнд бохирдсон байна гэдгээс хамаар­на. Цэвэрлэгээг хоёр удаа хийдэг. Ихэнхдээ салхины шил арчигч юм уу, машины гадар­гуунуудад харил­цан адилгүй хэм­жээ­ний бохирдол илэрдэг. Тиймээс нэг машиныг хэр хугацаанд цэвэр­лэх нь харилцан адилгүй байдаг. Зарим цэвэрлэгдэх боломжгүй болтлоо бохирдсон машины эд ангийг нь тусгай хам­гаа­лалттай газар хадгалахаар шилжүүлсэн байгаа.

-Цацрагийн бохирдолтой ма­ши­ныг иргэд хараад таних боломж байдаггүй биз дээ. Бохир­долтой машин авахгүйн тулд яах ёстой вэ?


-Цацраг идэвхт бодис нь хүний нүдэнд харагдахгүй, гарт бариг­дахгүй, өнгө, үнэргүй учраас ха­раад таних боломжгүй. Мэргэжлийн багаж тоног төхөөрөмжийн тус­ламж­тайгаар хэмжиж тодорхойл­но. Тиймээс манай байгууллагаас сэрэмжлүүлэг, анхааруулга гарга­сан. Япон улсаас автомашин им­портолж авах гэж байгаа бол ту­хайн газраа заавал цацрагийн хэмжилт хийлгэж, цацрагийн бо­хир­долгүй гэдгийг дүгнүүлээд  худал­даж авахыг бизнес эрхлэгч­дэд зөвлөж байна.

-Япон улсын Засгийн газарт энэ асуудлаар хандсан уу?


-Япон улсын Засгийн газарт бид хандсан. Цацрагийн бохирдолтой машин орж ирж байгаа учраас энэ тал дээр анхаараач гэсэн хүсэлт тавьсан. Японы Элчин сайдын яамнаас бидэнд  шаардлага ханга­сан машиныг экспортлох бодлого чиглэлтэй байгаагаа мэдэгдсэн. Тиймээс цаашдаа энэ төрлийн зөрчил багасах байх.

-Цацрагийн идэвхт бодис агуулсан тоног төхөөрөмжүүд олон байдаг юм байна лээ. Энэ тал дээр ямар хяналт тавьдаг вэ?


-Манайх дотроо хоёр үндсэн чиглэлтэй. Цөмийн болон цацра­гийн хяналтын хэлтэстэй. Цөмийн хяналт нь ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хууль дүрмийн хэрэгжилтийг хангуулдаг. Цацра­гийн үүсгүүрийг маш олон чиглэ­лээр ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүд байна. Тухайлбал, эмнэл­гийн салбарт рентген оношло­гоонд хэрэглэж байна. Аж үйлдвэр, судалгаа шинжилгээний болон хайгуулын салбарт цацрагийн үүсгүүр хэрэглэдэг олон байгуул­лагууд байна. Эдгээр бүх байгуул­лагуудад цацрагийн аюулгүй байд­лыг хангуулах зорилгоор хяналт шалгалт тогтмол хийж байна.

-Хүнсний бүтээгдэхүүн цац­ра­гийн бохирдол илэрдэг үү?


-Манай байгууллага дээр багаж тоног төхөөрөмжийн хяналтаас гадна хүнсний бүтээгдэхүүнд байн­гын хяналт хийдэг. Импортоор орж ирж байгаа бүх хүнсний бүтээг­дэхүүнд МХЕГ-ын байцаагч нарын авсан дээжинд лабораторийн сорьц өгдөг. Энэ сорьцонд цацра­гийн хяналт шалгалтыг байнга хийдэг.

-Зөрчил илэрдэг үү?


-Тодорхой хэмжээний бүтээгдэ­хүүнүүдэд цацраг идэвхт бодис заасан хэмжээнээс давсан, бага зэргийн бохирдол илэрч байсан л даа.

Нийтлэлч
Х.Цэнд-Аюуш
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.