Францын шинэ элчин сайд жуух бичгээ өргөн барив
2012.01.09

Францын шинэ элчин сайд жуух бичгээ өргөн барив

Францын шинэ элчин сайд жуух бичгээ өргөн барив
ТОВЧХОН
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц Улсаас тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэ итгэмжлэх жуух бичгээ баасан гарагт өргөн барив.
  • Энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өндөр түвшингийн илэрхийлэл юм гэж дүгнэж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц Улсаас тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэ итгэмжлэх жуух бичгээ баасан гарагт өргөн барив. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Ерөнхийлөгч Элин сайдыг хүлээн авч уулзлаа.

Франц улс нь Европ дахь Монголын чухал түнш юм. Франц Улсын Ерөнхийлөгч Никола Саркози хоёр жилийн өмнө ирүүлсэн илгээлтдээ манай улсыг Ази тив дэх өөрийн “тусгай түнш” хэмээн нэрлэсэн байдаг. Энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өндөр түвшингийн илэрхийлэл юм гэж дүгнэж байгаа.

Элчин сайдаар монголын хэл, соёл, уламжлалыг сайн мэддэг хүн ирсэнд баяртай байна. Танд нэгэн шинэ мэдээ сонсгоход Монголын парламент  Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Ийнхүү нэмэлт протоколд нэгдэх шийдвэр гаргасан нь Монгол Улс хүний эрхийн салбарт хэр хол хөл тавьж байгааг харуулж буй юм. Хоёр орны хооронд хамтарч ажиллах олон салбар гарах байх. Одоогоор бид 2-3 салбарт хамтран ажиллаж байна.

Шударга ёс тогтоох, шүүхийн өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэх явдал нэн чухал байна. Иймээс энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллавал баяртай байх болно. Тухайлбал Францын жишгээр Магистратын их сургууль байгуулах хүсэлтэй байгаа. Үүнд таныг тусална гэж бодож байгаа.

Эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд  Францын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг ач холбогдолтойд үзэж байна. Энэ нь гурав дахь хөршийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх манай ашиг сонирхолд ч нийцэж байгаа юм.

“Арева”-тай ашигт малтмалын салбараас гадна сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах сайхан ирээдүй бий гэдгийг дурдмаар байна.

Мөн соёл, хүмүүнлэг, археологийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна.

Олон улсын хурлын үеэр Ерөнхийлөгч Никола Саркозитэй хэд хэдэн удаа уулзаж байсан. Бид Францын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг Монголд айлчлахыг урьсан. Энэ айлчлал хэрэгжинэ гэж бодож байна. Танд ажлын амжилт хүсье гэж Ерөнхийлөгч хэллээ.

Элчин сайд Ив Дэлунэ “Би Монголд хоёр дахиа ирж байна. 30 жилийн өмнө миний ажиллаж байснаас их өөрчлөгдөж эрх чөлөөт орон болсон байна. Франц улс Монголтой олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх бодит сонирхолтой байгаа. Ингэснээр Франц, Монгол хоёр орон иж бүрэн түншлэлийн харилцаатай болно” гэв.

Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.