Долларын ханш суларвал шатахууны үнэ буурна гэв
2012.01.09

Долларын ханш суларвал шатахууны үнэ буурна гэв

Долларын ханш суларвал шатахууны үнэ буурна гэв
ТОВЧХОН
  • Өнгөрөгч амралтын өдрүүдэд нефть импотрлогч компаниуд шатахууны үнээ огцом нэмснээр АИ92-1850, АИ80-1550, дизель түлшийг 1885 төгрөгөөр худалдаалж эхэллээ.
  • Шатахууны үнийн өсөлтийг дагаад тэр даруй нийтийн такси үнээ нэмж, микроавтобус, тэр бүү хэл талхны үнэ ч зарим нэг газарт нэмэгдэж эхэлсэн сурагтай байна.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд нефть импотрлогч компаниуд шатахууны үнээ огцом нэмснээр АИ92-1850, АИ80-1550, дизель түлшийг 1885 төгрөгөөр худалдаалж эхэллээ. Шатахууны үнийн өсөлтийг дагаад тэр даруй нийтийн такси үнээ нэмж, микроавтобус, тэр бүү хэл талхны үнэ ч зарим нэг газарт нэмэгдэж эхэлсэн сурагтай байна. 50, 100 биш бүр 260 төгрөгөөр үнэ огцом өссөний учрыг тодруулахаар Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний албаны дарга Б.Магсаржавтай холбогдсон юм.
-Шатахууны үнийн энэхүү огцом өсөлтийг юутай холбож тайлбарлах вэ?
-Энэ нь зуун хувь валютын үнийн өөрчлөлттэй холбоотой. Түүнээс бус шатахууны үнийн бүтцэд ордог гадаад үнэ, татвар хэвээрээ, тоо хэмжээ өөрчлөгдөөгүй байгаа. Гагцхүү валютын ханшны зөрүү үнэ нэмэгдэхэд нөлөөллөө. -Үнэ нэмэх талаар нефть импортлогч компаниуд холбогдох байгууллагуудтай өмнө нь зөвшилцсөн байсан хэрэг үү? -Тэгсэн. Сүүлийн сар гаруйн хугацаанд ам.долларын ханш 1250-аас 1450 болтлоо өслөө. Тэгэхээр нефть импортлогчид ам.долларыг 1250 төгрөгөөр бодож авдаг байсан бол одоо 1450-аар авч байна гэсэн үг юм. Өмнө нь 1250 төгрөгөөр бодож аваад АИ92 бензиныг 1560-аар борлуулахад алдагдалгүй байсан. Харин энэ сараас 1450 төгрөгөөр авахад зөрүү нь шууд алдагдал болно гэсэн үг. Тиймээс холбогдогдох байгууллагуудтай ярилцсанаар үнэ нэмэх санал дээр тохиролцсон.
-Импортоор орж ирж буй шатахуун тонн тутамдаа ямар үнэтэй байдаг юм бэ?
-АИ-92 бензин тонн нь 1280 ам.доллар, дизель түлш 1231 ам.доллар байдаг. Гэхдээ энэ бол сүүлийн 3 сар нийлүүлж байгаа үнэ юм. Өөрөөр хэлбэл импортын үнэд ямар ч өөрчлөлт гараагүй. Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан Ажлын хэсгийг хуралдуулж, өнөөдөр шатахууны үнийн бүтцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэж байгаа. Түүнээс шатахууны үнийг тогтооход юу юу нөлөөлдөг, юу нь өөрчлөгдөхөд яаж нэмэгддэгийг дэлгэрэнгүй ойлгож болно. -Гадаад зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь энэ удаагийн нэмэгдэлд огт нөлөөлөөгүй гэсэн үг үү? -Импортын үнэ өөрчлөгдөөгүй учир нөлөөлөөгүй. Зөвхөн валютын ханшны өөрчлөлтөөс л шалтгааллаа.
-Гэхдээ бүтэн 260 төгрөгөөр нэмж байгаа нь үнийн хөөрөгдөл биш үү? Бодит судалгаа хийсэн юм болов уу?
-Талууд урдаас нарийн тооцож байж энэ тооцоог гаргасан. Угаасаа ам.долларын ханш өөрөө 200 төгрөгөөр огцом өсч байна шүү дээ. -Тэгвэл валютын ханш суларвал шатахууны үнэ дагаад буурна гэж ойлгож болох уу? -Тэгнэ. Гэхдээ нефть импортлогчид нэгдүгээр сарын бүтээгдэхүүнээ өссөн үнээр авсан учир маргааш нэг ам.доллар нь 1300 төгрөг боллоо гэхэд шууд бууруулж болохгүй. Харин дараагийн сараас нь буураад эхэлнэ гэсэн үг. Ямартаа ч өнөөдөр нефтийн бүтээгдэхүүний үнийн бүтцийг нийтэд ил болгосноор үнийн нэмэгдэл “хөөрөгдөл биш» гэдгийг ойлгоно гэж байв. Валютын ханшны зөрүүнээс бензиний үнэ ийнхүү нэмэгдвэл нийтийн тээврийн тарифаас эхлээд литр сүүний үнэ хүртэл нэмэгдэнэ. Гэхдээ бүхнийг шатахуунтай холбоод хавтгайран хөөрөгдөх нь хэтэрхий явцуурал юм. Нарийн тооцоо гаргаад үзэхэд үнийн өсөлтийн сургаар км тутмаа 200-300 төгрөгөөр дор нь өсгөсөн таксины хувьд гэхэд 100 км-т 10 литр бензин зарцуулдаг гэвэл үнэн хэрэгтээ 25-30 төгрөгөөр л нэмэгдэх ёстой аж. Өөрөөр хэлбэл 25-30 төгрөгөөр нэмсэн байхад алдагдалд орохгүйгээр ашгаа олоод явж болох юм байна. Тэгэхээр хэт хавтгайруулж, ор үндэсгүйгээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсгөж буйг зүгээр хараад суулгүй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг холбогдох байгууллагууд нарийн тооцоотой шалгалт хийх ёстой болж байна. Хэрэв тэгж чадвал үнэ хөөрөгддөг үзэгдэлд өртөхгүй өнгөрчихөж болох бизээ.
Нийтлэлч
Н.Гантуяа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.