Цэргийн бүртгэлээс хоцрогсдод торгууль тавихгүй
- Хороодод таних тэмдэг, нууцлалын зэрэглэлтэй программыг шинээр суулгасан бөгөөд энэ нь маш нууц, онц чухал нууц, нууц гэсэн гурван зэрэглэлтэй.
- Цэргийн шинэчилсэн бүртгэл ийнхүү цахим хэлбэрт шилжсэнээр иргэн хүн хаана ч явсан мэдээллийн сантай байх чухал ач холбогдолтой юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрт багтсан “Цахим Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” төслийн хүрээнд цэргийн шинэчилсэн бүртгэл энэ сарын 4-22 өдрүүдэд нийслэлийн засаг захиргааны анхан шатны нэгж болох 152 хороонд цахим хэлбэрээр явагдаж байна.
Хороодод таних тэмдэг, нууцлалын зэрэглэлтэй программыг шинээр суулгасан бөгөөд энэ нь маш нууц, онц чухал нууц, нууц гэсэн гурван зэрэглэлтэй. Цэргийн шинэчилсэн бүртгэл ийнхүү цахим хэлбэрт шилжсэнээр иргэн хүн хаана ч явсан мэдээллийн сантай байх чухал ач холбогдолтой юм.
Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлд хамрагдах 18-50 насны 330 гаруй мянган иргэн байгаа бөгөөд өнгөрсөн онд бүртгэлд орж амжаагүй иргэдийн хувьд ямар нэгэн захиргааны арга хэмжээ авах, торгууль ноогдуулах зэргээс чөлөөлөгдөж байгаа юм. Энэ нь нийт бүртгүүлэгчдэд хариуцлагаа ухамсарлан, идэвхитэйгээр ямар нэгэн чирэгдэлгүй бүртгэлдээ хамрагдах бүрэн бололцоог нээж өгч байгаа хэрэг юм.
Харин заасан хугацаанд бүртгэлд хамрагдаж чадаагүй иргэдтэй тооцох хариуцлагын талаар Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатараас тодруулахад “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрхзүйн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу мөнгөн торгуулийн хэлбэрээр арга хэмжээ авна. Хамгийн гол нь иргэн хүн өөрөө идэвхтэй байх нь чухал” гээд нийт иргэдийг цэргийн шинэчилсэн бүртгэлдээ идэвхи санаачлагатай оролцохыг уриаллаа.
А.Золжаргал
Эх сурвалж
Монцамэ