УИХ-ын дарга хуралдаанд гишүүдийн ирц тааруу байгааг шүүмжлэв
2012.01.05

УИХ-ын дарга хуралдаанд гишүүдийн ирц тааруу байгааг шүүмжлэв

УИХ-ын дарга хуралдаанд гишүүдийн ирц тааруу байгааг шүүмжлэв
ТОВЧХОН
  • Асуулт асуух болоход, тогтоол санаачлагчаас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир асуухдаа нэг тогтоол гаргаад л орхичихдог.
  • УИХ-ын дарга энэ үеэр гишүүд цагтаа ирж, хууль батлах ажлаа хийж байхыг сануулаад, ер нь энэ ажил хэрэгжих юмуу, үгүй юу.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны шинэ оны анхны хуралдаан өнөөдөр 10.30 цагт эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл танилцуулсны дараа эхлээд "Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухай ажлыг эрчимжүүлэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан хийлээ.

 

Асуулт асуух болоход, тогтоол санаачлагчаас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир асуухдаа нэг тогтоол гаргаад л орхичихдог. Энэ нь цаашдаа хэрэгжээд явах боломж нь ямар вэ, мөнөөх л олон хэрэгждэггүй тогтоолын нэг биш болох юм биш биз гэж байв. Харин санаачлагч гишүүн П.Алтангэрэл хэлэхдээ, тийм зүйл болохгүй байхаа, арай ч Зэсийн үйлдвэр барих асуудлыг чихний хажуугаар өнгөрөөсөн шиг зүйл болохгүй гэж байв.

 

Мөн УИХ-ын гишүүн Н.Ганбямба, энэ асуудлыг төр засаг дэмжих хэрэгтэй, нэмэр болохгүй юм гэхэд нэрмээс саад бололгүй дэмжээд өгөөч, цаана чинь газрын тосны үйлдвэр бараг бэлэн болчихоод байна гэж байсан. Түүнчлэн П.Алтангэрэл гишүүн хэлэхдээ, бидний хэдэн гишүүдийн энэ санал санаачлагыг жишээ нь, Д.Зоригт сайд “ингэж л байдаг юм” гэсэн шиг сууж байна, ингэж болохгүй ээ гэхэд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, хамгийн хэрэгтэй чухал асуудал хэлэлцэж байхад өнөөдөр ирц иймэрхүү л байна, хорин хэд хүрэхгүй гишүүдтэй байхад 40 хэдэн гишүүн байна гээд самбар дээр гарч байна, ингэж болохгүй. Гишүүд хуралдаа ирэх хэрэгтэй гэх зэргээр гишүүдийнхээ хариуцлагын асуудлыг дашрамд нь хөндсөн.

 

УИХ-ын дарга энэ үеэр гишүүд цагтаа ирж, хууль батлах ажлаа хийж байхыг сануулаад, ер нь энэ ажил хэрэгжих юмуу, үгүй юу. Тогтоолууд яагаад хэрэгждэггүй юм бэ гэдгийг ЭБЭХ-ний сайдаас асуусан. Харин сайд үүнд хариулахдаа, зэс хайлуулах үйлдвэрийн тухайд өмнө нь болохгүй шалтгаан байсан болоод л “болохгүй” байсан гэдгийг хэлээд, харин өнөөдөр уг асуудал арай бололцооны түвшинд гарч ирж, биелэгдэх магадлал бий болж байна гэсэн юм. Мөн тэрээр газрын тосны үйлдвэрийн талаарх тогтоолыг хэрэгжүүлэх талаас нь ажиллаж байгаагаа хэлсэн.

УИХ-ын гишүүн Ч.Улаан хэлэхдээ, энэ уг нь чухал асуудал боловч оруулж ирсэн тогтоолд тодорхойгүй юмнууд бас байгааг дурдаад, болж өгвөл нэлээд тодорхой зааж өгөх тухай ярилаа. Мөн тэрээр Дорнод, Матадын сав газар л үйлдвэр барих тухай ярьж буй бөгөөд Засгийн газар үүнд анхаарлаа сайн хандуулах нь чухал гэсэн.

 

УИХ-ын дарга хэлэхдээ, энэ тогтоол олон удаа орж ирсэн, сүүлдээ эцсийн хэлэлцүүлэг дээр зүс нь нэлээд хувираад байна л даа, одоо бас зарим зүйл нэмэх яриа байна, дөрөв дэх удаагаа оруулж ирэх юмуу, аль эсхүл буцаах юмуу гэх зэргээр тогтоолын төсөл санаачлагчдаас хариу нэхсэн. УИХ-ын гишүүн Д.Загджав хэлэхдээ, энэ асуудлын ард ямар нэг ашиг сонирхлын зөрчил яваад байгаа юм биш биз. Уг нь шийдэхэд болохгүй гэх газаргүй баймаар гэж байлаа.

Ингээд Ш.Сайхансамбуу нарын олон гишүүн асуулт асууж, саналаа хэлсний дараа байнгын хорооны оруулж ирсэн саналын дагуу санал хураалт явагдаж, "Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухай ажлыг эрчимжүүлэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн асуудал дэмжигдлээ.

 

Үүний дараа Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж, гишүүд эцсийн найруулгын редакц сонслоо. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, уул уурхайн талаар манай улсад эрчимтэй асуудал яригдаж байгаа энэ үед уг хуулийн хугацааны асуудлыг хойшлуулж болох эсэхийг асуусан ч редакц сонсох үеэр тийм боломжгүй гэсэн хариуг Хууль зүйн байнгын хорооны дарга өгсөн.

 

Дараа нь Нийгмийн халамжийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог танилцуулсан юм.

Асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, хүмүүсийн амьжиргааны түвшин улам доройтоод буй энэ үед бэлэн мөнгө зэргийг амлаад байх нь хэр явцтай вэ. Хөдөлмөрийн чадвартай хүмүүст аманд ч үгүй хамарт ч үгүй мөнгө тарааж өгч байхаар энэ хотын утаа зэрэг амин чухал асуудал, хойч ирээдүйд хэрэгтэй юманд мөнгө зарах нь зөв гэсэн юм.

 

Ингээд асуудлыг хэлэлцэх үеэр байнгын хорооны оруулж ирсэн саналын зарим томъёоллуудаар санал хураалт явуулж байхад гишүүдийн ирц хангалтгүй байснаас үүдэн зарим санал хураалт хүчингүй болж, хуралдаан хэсэг зуур саатах зэргээр нэлээд хойргодуу хуралдаан үргэлжилсэн. Үүнд УИХ-ын дарга анхаарал хандуулж, нийт гишүүдийн ирцийн асуудлыг чангатгахыг сануулж байлаа. Гэвч чуулганы хуралдаанд оролцсон идэвхтэй зарим гишүүд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт өгч дууссан бөгөөд дээрх нийгмийн халамжийн чиглэл бүхий хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр харьяа байнгын хороо руу нь явуулсан.

 

Дараагийн асуудал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан. Энэ үеэр хууль санаачлагч гишүүн Э.Бат-Үүл хэлэхдээ, өмнөх байнгын хорооны хурлууд дээр зарим гишүүн “агентлагуудыг байршуулах тухай” хэмээн зөрүү ойлголт төрүүлэхээр яригдсан юм. Зүгээр л “эрх нээх” тухай асуудал яриад байгаа болохоос яг байршуулах тухай биш гэдгийг залруулан хэлж байлаа. Ингээд асуулт хариулт, санал цааш байгаагүй тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлж, чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Нийтлэлч
Н.Тунгалаг
Эх сурвалж
open.parlament.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.