Оросын парламент саятан, жүжигчин, тамирчдаар дүүрчээ
- Улс төрийн товчооны гишүүн асан, "Playboy" сэтгүүлийн од бүсгүй, боксын аварга, жү¬жигчид, бизнес эрхлэгчид гээд ёстой л эрээвэр хураавар хүмүүс энэ удаагийн Төрийн Думын гишүүн болжээ.
- 27 настай М.Кожевникова Думд 87 настай Владимир Долгихтэй зэрэгцэн суух бөгөөд энэ хүн Тө-рийн Думын чуулганы хамгийн залуу гишүүн аж.
Улс төрийн товчооны гишүүн асан, "Playboy" сэтгүүлийн од бүсгүй, боксын аварга, жүжигчид, бизнес эрхлэгчид гээд ёстой л эрээвэр хураавар хүмүүс энэ удаагийн Төрийн Думын гишүүн болжээ. "Нэгдсэн Орос нам"-аас нэр дэвшсэн хүмүүсийн дотор "Универ" гэдэг олон ангит уран сайхны кинонд гол дүрийг бүтээсэн М.Кожевникова гэгч эмэгтэй орсон бөгөөд тэрээр орос хэл дээр гардаг "Playboy" сэтгүүлийн нүүрэнд гарч байсан юм. "Maxim" гэдэг сэтгүүл түүнийг тус улсын хамгийн сэтгэл булаам бүсгүйгээр тодруулаад байгаа билээ.
27 настай М.Кожевникова Думд 87 настай Владимир Долгихтэй зэрэгцэн суух бөгөөд энэ хүн Төрийн Думын чуулганы хамгийн залуу гишүүн аж. 1980-аад онд В.Долгих хуучин ЗХУ-ын Улс төрийн Товчоонд төмөрлөгийн салбарыг удирдаж байлаа. Төрийн Думд шинээр сонгогдсон хүмүүсийн дотор хүнд жингийн боксчин Николай Валуев орсон байдаг. Тэрээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Сибириэс цасан хүн олсноо нотолж байв. Энэ удаагийн Думд мөн теннисний од Марат Сафин багтаж байгаа агаад одоо тэрбээр 31 настай. Түүний од болон гялалзах үе 2000 онд тохиож байлаа. Гэхдээ М.Сафин болон Н.Валуев нар цорын ганц парламентын гишүүн тамирчид биш ажээ.
Энэ удаагийн Төрийн Думд ОХУ-ын баатар, дэслэгч генерал, Гаалийн хорооны дарга асан, сонгомол барилдааны олимпийн олон удаагийн аварга А.Карелин, тэшүүрийн Олимпийн аварга С.Журова, уран гимнастикийн аваргууд болох С.Хоркина, А.Кабаева нар багтаж байгаа юм. А.Кабаева л гэхэд ОХУ-ын Ерөнхий сайд В.Путинтэй нэр холбогдож шуугиан дэгдээгээд авсан. Мөн хүүгийнх нь эцэг нь В.Путиныг хэмээн одоо ч сэжиглэсээр байгаа билээ. В.Путины тэргүүлж буй "Нэгдсэн Орос" намаас хамгийн их тамирчин парламентчидтай болж таарлаа. Тэгээд ч Ерөнхий сайд "үндэсний баатруудаа" хэрхэн татаж ялалт байгуулахаа мэднэ гэж хэлсэн удаатай аж. "Үндэсний баатар" хэмээн цоллогдсон эдгээр хүмүүс Оросын нийгэмд үлгэр дуурайлал болж, улс төрийн намуудыг рекламдах хамгийн сайхан хэрэгсэл нь болдог гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Төрийн Думд жүжигчид ч хангалттай орсон төдийгүй онлайн сонгуулийн кампанит ажлаар тэргүүлэгч болсон В.Бурматов нь "Нэгдсэн Орос" намыг төлөөлөн сонгогдлоо. Тэрээр Твиттер цахим хуудаст "Үүнийхээ төлөө В.Путинд талархаж байна" гэх уриан дор кампанит ажлаа өрнүүлсэн байдаг.
"Нэгдсэн Орос" намын фракцад энэ удаа хэний ч мэдэхгүй шинэ хүмүүс нэлээдгүй орж ирлээ. Ерөнхий сайд В.Путин "Бүх холбоотын ардын фронт" гэгчийг байгуулан намын гишүүн бус хүмүүст сонгуульд оролцох боломжийг олгосны үр дүн энэ юм. Хэдийгээр ийм арга хэмжээ авсан ч түүний тэргүүлсэн нам олонхийн суудлаа бараг л алдчихаад байна.
Алдартнууд болон огт мэдэхгүй хүмүүсийг ийнхүү Думд оруулж байгаа нь тусгай стратегийн нэгэн хэсэг бөгөөд тэд зүгээр л нэг шатрын хүүгийн үүргийг гүйцэтгэх ёстой хэмээн шүүмжлэгчид үзэж байгаа нь үнэхээр сонирхолтой. Үнэхээр ч ийм олон жүжигчин, тамирчид яаж хууль тогтоох гэж байгаа юм бол гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Тэгээд бодохоор зүгээр л товчлуур дардаг хүмүүс болж таарч байгаа нь гарцаагүй.
Улс төрийн тавцан дээр ахмад гэгдэх В.Жириновскийн удирддаг "Либерал-ардчилсан нам"-аас гарсан хүмүүсийн нэрс дотор Москва орчмын сүмд хамба ламтай хийх уулзалтад хожигдохгүйн тулд нисдэг тэргээр бууж шуугиан дэгдээсэн Л.Слуцкий гэгч багтсан юм. Энэ намыг Дум дахь мандатаа баячуулд худалддаг гэх яриа байнга дэгддэг боловч тэд үүнийг үгүйсгэсээр ирсэн. Энэ удаа тэд үнэхээр саятнуудаа алдсан бололтой. Тус намаас өмнөх Думд сууж байсан А.Егиазарян өнгөрсөн жил АНУ руу зугтсан бөгөөд луйврын хэрэгт сэжиглэгдсэн юм.
"Коммунист нам" болон "Шударга Орос" намынхан ч мөн олон саятныг төрийн Думд оруулсан гэдгээрээ сагсуурах бүрэн боломжтой. "Улаан саятнуудын" дотор С.Муравленко гэгч алдарт "ЮКОС"-ын захирлуудын зөвлөлийг тэргүүлж байсан бол В.Видьманов хэмээх нь "Росагропрострой" корпорацийн ерөнхийлөгчийн албыг хашдаг байна. Тэд аль эртнээс "Коммунист нам"-ыг санхүүжүүлж иржээ. Үнэхээр коммунист үзэл баримтлалтай эсэх нь тодорхойгүй олон хүн тус намаас нэр дэвшин ялалт байгууллаа. Тэдний дотор Хууль зүйн сайдын орлогч В.Лихачев хүртэл орсон байна. Коммунистуудын эгнээг нэгэн коммунист зузаатгаж байгаа нь Санкт-Петербург хотын Улсын аюулгүй байдлын хорооны ахмад зүтгэлтэн В.Черкесов юм. Түүнийг В.Путинд ойрын хүн гэдэг юм билээ.
"Шударга Орос" нам Кремлийн тоглоомын нам хэмээгдэж байснаа энэ удаа сөрөг хүчний дүрд хувирч байгаа бөгөөд Думд энэ намаас мөн л олон саятан орж ирсэн байна. Тэдний дотор Чеченийн бизнесмэн А.Музыкаевыг дурдаж болно. Улс төрөөс хол хөндий гэмээр хүмүүсээр Төрийн Думаа дүүргэсэн Орос орон цаашид ямар алхам хийж, хэрхэн хөгжихийг дэлхий нийт харах л үлдлээ.
Өдрийн сонин