«Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй »-гээр монгол бүсгүй шалгарав
- Энэ хүндтэй шагналыг нийт 21 орны бизнес эрхлэгч эмэгтэй¬чүүд хүртсэний нэг нь ийнхүү монгол эмэгтэй байв.
- Шилдэг эмэгтэйчүүд харилцан туршлагаа солилцож, бизнесийнхээ болоод байгууллага хамт олон, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, цаг үеийн онцлог байдлын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулсан «Дэлхийн бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбоо»-ны чуулганаас «Монгол эм импекс» концернийн ерөнхий захирал Б.Болормааг «2011 оны Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй” -гээр шалгарууллаа.
Энэ хүндтэй шагналыг нийт 21 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хүртсэний нэг нь ийнхүү монгол эмэгтэй байв. Өндөр үүрэг хариуцлагатай, олон зуун эмэгтэйчүүд ажилладаг, онцгой салбарт амжилттай, өндөр үр ашигтай, нийгмийн хариуцлагатай бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг үнэлэн шагнал гардуулах ёслолыг нээж АНУ-ын Конгрессын гишүүн хатагтай Каролин Малоне, Нью-Йорк мужын Манхатен дүүргийн худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дарга хатагтай Ненси Плежер нар үг хэлж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Хилари Клинтоны мэндчилгээг уламжилсан байна.
Дэлхийн нэр хүндтэй удирдагчид, улс төрчид, бизнесмэнүүд, дэлхийн сор болсон эрдэмтэн, лекторууд, банкирууд мөн энэ ёслолд хүрэлцэн ирж, илтгэл тавьж, бизнес эрхлэгч, манлайлагч эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэв. 2011 оны Дэлхийн шилдгээр шалгарсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүд аж үйлдвэрийн, нисэх хүчний, байгалийн хийн түлшний, био бордоо үйлдвэрлэлийн, эрүүл мэндийн, хууль эрх зүйн боловсролын зэрэг олон салбарт амжилт гарган ажиллаж байгаа аж.
Шилдэг эмэгтэйчүүд харилцан туршлагаа солилцож, бизнесийнхээ болоод байгууллага хамт олон, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, цаг үеийн онцлог байдлын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. “2011 оны “Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй” шагналын эзэн хатагтай Б.Болормаа 2007 оноос “Монгол эм импекс” концернийн Ерөнхий захирлаар ажиллаж байна. Тэрбээр МҮХАҮТ-ийн Эрүүл мэндийн зөвлөлийн тэргүүн, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүний хариуцлагатай албыг давхар хашдаг юм.
Д.Догсмаа
Эх сурвалж
Монцамэ