Малын тоо толгой 36 саяд хүрчээ
- Жил бүрийн 12 дугаар сард Монгол Улс эдийн засгийн гол сал¬барын нэг малынхаа тоо толгойг гаргах тооллогын ажил зохион байгуулдаг уламжлалтай.
- Улсын хэмжээнд малын нийт тоо 2010 оныхоос 273 сум, таван дүүрэгт өсч, 56 сум, дөрвөн дүүрэгт тус тус буурчээ.
Жил бүрийн 12 дугаар сард Монгол Улс эдийн засгийн гол салбарын нэг малынхаа тоо толгойг гаргах тооллогын ажил зохион байгуулдаг уламжлалтай. Малын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарсан өөрчлөлт, бүтээгдэхүүний хэмжээг тооцох, МАА-н салбарыг хөгжүүлэх талаар төр засгийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах мэдээллийг мал тооллогын дүнгээс гарган авдаг юм.
2011 оны мал тооллогын ажлыг ХХААХҮЯ, Үндэсний статистикийн хороо хариуцан өнгөрөгч 12 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд улс даяар зохиож, мөн сарын 27-нд урьдчилсан дүнгээ гаргалаа. Энэ жилийн хувьд улсын малын нийт тоо 36 сая 5800 толгойд хүрч, 2010 оныхоос 3 сая 276.3 мянга буюу 10 хувиар өсчээ. Урьдчилсан дүнгээр 2 сая 93 мянган адуу, 2 сая 315.1 мянган үхэр, 279.6 мянган тэмээ, 15 сая 509.1 мянган хонь, 15 сая 809.0 мянган ямаатай гэх дүн мэдээ гарчээ. Энэ нь 2010 оныхоос адуу 172.7 мянга, үхэр 139.1 мянга, тэмээ 10 мянга, хонь 1 сая 28.7 мянга, ямаа 1 сая 925.8 мянган толгойгоор тус тус өссөн үзүүлэлт юм байна.
Малын нийт тоо 18 аймаг, Улаанбаатар хотод өсч, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт 1.8-22.2 мянган толгойгоор буурсан байна. Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр аймагт малын тоо өмнөх оныхоос өсчээ. Тодруулбал, Өвөрхангай (403.5 мянга), Архангай (304.8 мянга), Баянхонгор (294.4 мянга), Завхан (282.9 мянга), Говь-Алтай (279.3 мянга) аймгууд хамгийн өндөр өсөлттэй байна.
Улсын хэмжээнд малын нийт тоо 2010 оныхоос 273 сум, таван дүүрэгт өсч, 56 сум, дөрвөн дүүрэгт тус тус буурчээ. Нийт мал сүргийн дотор адуу 5.8 хувь, үхэр 6.4 хувь, тэмээ 0.8 хувь, хонь 43.1 хувь, ямаа 43.9 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхтой харьцуулахад ямааны эзлэх хувь 1.5 пунктээр өсч, харин адуу, үхэр, хониных 0.1-1.1 пунктээр буурч, тэмээнийх өмнөх оны түвшинд байна. Хамгийн олон мал тоолуулсан эхний таван аймагт Хөвсгөл, Архангай, Төв, Өвөрхангай, аймгууд орсон байна.
Манай улсын нийт нутгийг хамарсан зуднаар 2009 онд нийт 12 сая тоо толгой малаа алдаж 44 сая байсан мал 2010 онд 32.7 саяар тоологдож байв. Харин энэ жил ихэнх нутгаар цаг агаар сайхан, зуншлага сайн байсан учир тоо толгой нэлээд өсч, 40 сая орчим мал тоолуулна гэсэн таамагт урьдчилсан дүн хараахан хүрээгүй ч бууралтгүй байгаа юм.
Гэхдээ малчдын ажлыг шалгах хаврын цаг хараахан болоогүй учир уг дүнд тайвшрах хэрэггүйг салбар яамнаас зөвлөж байв. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын гаргасан мэдээгээр энэ өвөл олон жилийн дунджаас илүү цас унаж болзошгүйг мөн санууллаа.
Н.Туяа
Эх сурвалж
Монцамэ